![]() |
Монгол Улсын иргэн бүр төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэг ширхэг нь 933 төгрөгийн үнэлгээтэй 1072 хувьцааг эзэмшээд таван жилийн нүүр үзлээ. Өөрөөр хэлбэл Засгийн газар 2012 онд тус компанийн 20 хувь болох 15 тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан. Гэвч ихэнх иргэд энэ хувьцааныхаа үр шимийг хүртэж чадалгүй өдий хүрэв. Өндөр настнууд бэлнээр нь, оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр тухайн үед авсан юм. Мөн зарим иргэн хувьцааныхаа тодорхой хувийг өнгөрсөн онд Засгийн газарт 300 мянган төгрөгөөр эргүүлэн худалдсан билээ. Гэвч хэдэн иргэн хувьцаанаасаа эргүүлэн худалдсан, бэлэн мөнгө, сургалтын төлбөрөөр авсан эсэх тооцоо судалгаа тодорхой гараагүй байна. Сүүлийн үеийн тойм мэдээллээс үзвэл Засгийн газар 85, иргэд 14, аж ахуйн нэгжүүд 0.6 хувийн хувьцаа эзэмшиж буй юм. Одоогоор "Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэлгээг тогтоогоогүй байна. Өнгөрсөн онд үнэлгээ тогтоох тендер гурван удаа зарласан ч санал ирээгүй аж. Тавантолгой ордын уурхайд хамгийн бага зардалаар олборлолт хийдэг, нүүрсээ уурхайн аман дээрээс тээврийн зардалгүй зарж байгаа нь хувьцааны үнэ ханш өсөх, ашигтай ажиллах боломж бий. Мөн Хятадын "Чалко” компаниас авсан өрөө энэ оны эхний улиралд дарж дуусах төлөвлөгөө гарсан. Тэгэхээр Хөгжлийн банкнаас авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн 200 сая ам.долларын өр үлдэж байна. Үүнээс гадна нүүрсний үнэ өсч эхлээд буй. Иймд "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны арилжааг нээлттэй болгоход наад зах нь есөн сар, удлаа гэхэд нэг жилийн хугацаа шаардах ажээ.
Т.ЖАНЦАН
Эх сурвалж: www.assa.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?