![]() |
Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөдгийн үлгэрээр гадаадынхны шинэ систем нэвтрүүлэх нэрээр улсынхаа хоёр ч том, чухал салбарыг дампуурал руу хөтөлжээ, бид. Одоогоос 3-4 жилийн өмнө эрүүл мэнд, боловсролын тогтолцоонд гүйцэтгэлийн үнэлгээ, санхүүжилт гэх гоё нэртэй, “мөнгө хүүлэгч” нэвтрүүлсний горыг өнгөрсөн хугацаанд эмч, үйлчлүүлэгч, багш, сурагчид хангалттай амссаар ирэв.
Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС) эдүгээ гүйцэтгэлээ санхүүжүүлж хүчрэхээ больсон, гэрээт эмнэлгүүддээ их хэмжээний мөнгөний өрөнд унаж, өнгөрсөн оны намар дампуурлаа “зарласан” билээ. Тэгвэл энэ оны эхний хагас жилээс даатгуулагчдыг өвчнийх нь түүхээр ялгаварлан гадуурхаж, сангаас тусламж, үйлчилгээг аль болох санхүүжүүлэхгүй байх бодлого баримталсаар байна. Энэ нь сангийн хөрөнгийг захиран зарцуулагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан улсаас хуваарилсан төсвийг сүүлийн жилүүдэд судалгаа, хяналтгүй “цацсан”-ы хар гай.
ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛСЭН
Тооцоолол, үр ашгийн судалгаагүйгээр эл салбарт яаран нэвтрүүлсэн гүйцэтгэлийн санхүүжилтийн систем нь ЭМДС-г аажим цөлмөсөөр, адагт нь “амыг нь барьсан” юм. Манай улс эрүүл мэндийн салбарын санхүүжил¬тийг нэг худалдан авагчийн тогтолцоонд шил¬жүүлсэн нь 2021-2022 он. Ингэснээр ЭМДЕГ стратегийн цор ганц худалдан авагч болсон. Үүнийг энгийнээр тайлбарлавал, өмнө нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний, эмийн үнийн хөнгөлөлтийн, өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний гэхчлэн эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээний санхүүжилтийг өөр өөр эх үүсвэрээс бүрдүүлдэг байв. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн тодорхой хувийг ЭМДС-гаас, нөгөө хэсгийг нь улсын төсөв, заримыг нь хандив тусламж гээд бусад эх үүсвэрээс “босгож”, зарцуулж ирсэн. Харин дээрх онд баталсан багц хуулийн шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн салбарын иргэдэд үзүүлдэг бүх төрлийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг ЭМДЕГ-т төвлөрүүлэн, гэрээт байгууллагуудад гүйцэтгэлээр нь хуваарилдаг болсон юм. Үүнийг нэг худалдан авагчийн тогтолцоо хэмээж буй.
Санхүүжилтийн системийг шинэчилнэ гэж цөөнгүй жил ярьсны эцэст гүйцэтгэлийн тогтолцоог нэвтрүүлсэнд салбарын олон эмч, ажилтан, эрдэмтэн, судлаач тухайн үед алга ташиж байв. Харин одоо бол үгүй. Учир нь энэхүү шинэчлэлийг өнгөрсөн хугацаанд зөв зүйтэй хэрэгжүүлсэн бол ЭМДС өнөөдөр “модоо барих”-даа тулахгүй. Нийт хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг өрхийн эмнэлгээс эхлээд бүх шатлалд чанартай, чирэгдэлгүй, төлбөргүй үзүүлэх байсан юм. Иргэд эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн хямралд өртөж, ядуурахгүй. Энд тэндээс хандив гуйлгачилж бие, эрхтнээ эмчлүүлэхийн тулд үйл тамаа идэхгүй байлаа.
ЭМНЭЛГҮҮДИЙН ӨРИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧИД БАРАГДУУЛАВ
Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээс хойш ЭМДС-гийн орлого, зарлага “нийлэхээ” больж, санхүүжүүлэгч байгууллага тусламж, үйлчилгээ “худалдан авсан” төлбөрөө эмнэлгүүдэд өгч чадахгүй өнөөдөртэй золгов. Үндэсний аудитын газрынхан ЭМДС-гийн 2023 оны санхүүгийн нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит оруулж, ноцтой зөрчлүүд илрүүлсэн байдаг. Тухайлбал, ЭМДС-гийн орлого 2022 онд 1.5 их наяд төгрөг байсан бол зардал нь 1.8 их наяд давсан. 2023 оны зарлага нь ч мөн адил хэтэрсэн. Гүйцэтгэлийн шалгалтаар 2022, 2023 онд сангаас эмнэлгүүдэд өгөх өр 218.3 тэрбум төгрөгт хүрч. Санхүүгийн аудитын тус тайланг бүхэлд нь тоймловол, ЭМДС-гаас нийт 250.4 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн юм билээ.
Сангийн өр сүүлийн гурван жил ийн бугшиж, нэмэгдсээр энэ оны эхний хагаст 316.8 тэрбум төгрөгт хүрэв. Энэхүү өрийг төлөхийн тулд ЭМДС-гийн төсвийг 2025 онд түүхэндээ анх удаа хамгийн ихээр буюу 2.2 их наяд төгрөгөөр баталсан юм. Үүний дагуу эмнэлгүүдийн өр төлбөрийг эл мөнгөн дүнгээр өнгөрсөн сарын сүүлчээр барагдууллаа. Өөрөөр хэлбэл, даатгуулагч та, бид шимтгэл төлсөн мөнгөнөөсөө гадна сангийн өрийг давхар төлөлцсөн гэсэн үг. Уг нь иргэд ингэж шийтгүүлэх бус, санг үр ашиггүй “ажиллуулсан” ЭМДЕГ-ынхан хариуцлага хүлээж, огцрох ёстой байв. Ийм болзлоо ч хэдийн хангасан. Тэд өнгөрсөн хугацаанд Төсвийн болон Нягтлан бодох бүртгэлийн, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн холбогдох хэд хэдэн заалтыг зөрчсөнийг аудиторууд ил болгосон. Харамсалтай нь, ЭМДЕГынхан юун хариуцлага хүлээх, ирэх оны төсвөө хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ хэмээгээд толгойгоо гашилгаж суугаа нь лавтай.
Төр, хувийн хэвшлийн эмнэлгүүд ч ялгаагүй, гүйцэтгэлээрээ санхүүждэг болсноос хойш эмч-лүүлэгчдийн эдгэрэлт бус, регистрийн дугаар нь л чухал болсон. Иргэдэд үзүүлсэн гэх тусламж, үйлчилгээгээ ЭМДС-д зарж, их хэмжээний ашиг олох л сонирхолтой, увайгүй удирдлагатай эмнэлэг олширсон. Цаашлаад төсвийг захиран зар¬цуулах эрх бүхий байгууллагынхантай үгсэн хуйвалдаж, сангийн хөрөнгийг шамшигдуулдаг, хууль, дүрэм журмаа мөрддөггүй нь олонтоо. Даварсан эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилт нэрийн дор өвчтэй хүмүүсийг мөнгө олох “хэрэгсэл” болгож, хүссэн санхүүжилтээ нэхэмжилдэг байдал ч гаарсан. Гэрээний үнийн дүнгээсээ 10, 20 дахин нэмэгдүүлсэн төлбөр нэхэмжлэх нь энүүхэнд болсон аж. Тогтолцооны энэ мэт эсрэг урсгал нь санг цөлмөж, дунд нь даатгуу¬лагчид л хохирч, төлбөртэй тусламж, үйлчилгээ авдаг боллоо. Эрүүл мэндийн салбарын зардал ч гэрлийн хурдаар өссөөр буй. Ирэх онд салбарын зардал 5.5 дахин нэмэгдэх төлөвтэй. ЭМДС ёроолгүй, дуусашгүй мөнгөтэй авдар биш. Хязгааргүй хэрэгцээг хэдий болтол хязгаарлагдмал нөөцөөр хангах билээ. Санхүүжилтийн системийг эргэн харахгүйгээр эрүүл мэндийн салбарын зардлыг 10 дахин нэмээд ч гүйцэтгэлээ дахиад л санхүүжүүлж хүчрэхгүй болно гэдийг судлаачид сануулсныг энд тэмдэглэх нь зүйтэй.
СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДАД “ТУССАН СҮҮДЭР”
Тэгвэл гүйцэтгэлийн үнэлгээ боловсролын салбарт хэрхэн “туссан” бэ. Манайх 2021 оноос боловсролын байгууллага, багшийн ажлыг сургалт, үйл ажиллагааны чанар, үр дүн, сурагчдын сурлагын амжилтын үзүүлэлт зэргээр гүйцэтгэлийг нь үнэлж, хянах, удирдахыг оролдож ирсэн. Үүний гол зорилго нь багш нарын үр дүнгийн урамшууллын хувь хэмжээг тогтоох явдал юм. Гэвч одоо болтол уг тогтолцоо бэхжээгүй, гүйцэтгэлээр нь үнэлж, санхүүжүүлэх систем нь туршилтын шатандаа яваа. Эрүүл мэндийн салбарынх шиг үндсэн санаа нь бол зөв юм билээ. Багшийн хөдөлмөрийг тоон ачааллаар бус, үр дүнгээр нь хэмжиж, урамшуулдаг жишиг олон улсад бий. Гэвч манайхан л болсон хойно нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж. Өнөөх л хэрэгжүүлэх механизмын алдаа, хэт төвөгтэй журам, бодит байдалд нийцээгүй аргачлал нь эсрэгээрээ багш нарыг бухимдуулж, залхаан цээрлүүлсээр өдий хүрчээ.
2024-2025 оны гүйцэтгэлийн үнэлгээний дүнг гэхэд уржигдар л зарлаж, сургууль, цэцэрлэгийн багш нар өнгөрсөн хичээлийн жилийн урамшууллаа тооцуулах эрхтэй болсон байна. Хэдхэн төгрөгийн урамшуулал өгөхийн төлөө сургалтын байгууллагуудад гүйцэтгэлийн “аудит оруулж” суралцагч, багш, ажилтнуудыг “тамлан”, эцэг, эхчүүдийг хүртэл та-тан оролцуулж, төвөг уддаг гэнэ. Сурагч, эцэг, эхчүүдээр багшийн ажлыг үнэлүүлнэ гэдэг өрөөсгөл, сайлж, муулж ч болдоггүй гэх. Аргаа барсан багш нар үр дүнгийн урамшууллаа хасуулахгүйн тулд ангийнхнаасаа гуйж, эцэг, эхчүүдийн хөлд суудаг болсон гэв үү.
БАГШ НАРЫН ТАЛ ХУВЬ НЬ Л НЭМЭЛТ УРАМШУУЛАЛ АВАХ БОЛЗОЛ ХАНГАЖЭЭ
Боловсролын үнэлгээний төвийнхний мэдээлснээр 2024-2025 онд ерөнхий боловсролын сургуулийн 29 617, цэцэрлэгийн 7215 багшийг гүйцэтгэлийн үнэлгээнд хамруулжээ. Тэдний 49-55 хувь нь л нэмэлт урамшуулал авах болзол хангасан гэж байгаа. Бүгдэд нь үр дүнгийн урамшуулал өгөхгүй байж энэ мэт хий хоосон горьдлого төрүүлдэг, цаг наргүй ажлынх нь хажуугаар хүүхдүүдээ бэлдэх, нэмэлт бичиг цаас бүрдүүлэх, шалгалтын зохион байгуулалт гээд дарамт, залхаан цээрлүүлэлт утгаа алдсаныг багш нар хэлж байна. Зарим багш урамшуулал авах нь битгий хэл, бусдаас доогуур үнэлүүлсэндээ хямарч, сэтгэлээр унаж, ажлаа орхисон тохиолдол ч цөөнгүй гэнэ. Тодруулбал, “Багшийн хомсдол юунаас шалтгаалж үүсээд байна вэ? гэсэн санал асуулгыг өнгөрсөн онд багш нарын дунд явуулахад цөөнгүй нь цалингаас илүүтэй ачаалал хэт их, бичиг цаасны ажил тоймгүй, гүйцэтгэлийн үнэлгээний дарамтаас болж халширч, мэргэжлээ орхисон тухайгаа бичжээ.
Гүйцэтгэлийн үнэлгээ нь багш нарыг сайндаа ч дэмжиж, урамшуулах гээд байгаа систем биш аж. Бүх шатны сургалтын байгууллагын, тэр дундаа сургууль, цэцэрлэгийн багш нарын цалин хангамж маш бага. Үүнээс шалтгаалж багш нар салбараасаа хэдэн мянгаараа “дайжиж”, сургууль, цэцэрлэгүүд хүний нөөцийн хомсдолд ороод удаж буй. Багшийн сул орон тоог түр ч атугай нөхөх гэсэн сайд, дарга нарын арга ядсан уг “шинэчлэл” салбарын үйл ажиллагааг доголдуулж байгааг гадарлах ч үгүй яваа. Өөрөөр хэлбэл, багш нарын цалинг нийтээр нь нэмэхгүйн тулд гүйцэтгэлийн үнэлгээний систем гэгчийг нэвтрүүлж, цөөн хэдийг нь урамшуулсан болоод нүд хуурах гэсэн хэрэг. Тиймээс гүйцэтгэлийн үнэлгээг бүрмөсөн халж, цалинг сууриар нь нэмж, олон улсын туршлагад нийцсэн, багшийн хөдөлмөрийг бодитой үнэлэх шинэ аргачлал нэвтрүүлэх шаардлагатай хэмээн боловсролын байгууллагууд үзэж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?