![]() |
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн Г.Уянга "Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-д үл хөдлөх хөрөнгөөр дамжуулан мөнгө угаасан” хэмээн баримт дэлгэж, түүний эзэмшдэг гэх долоон байшинг "танилцуулсан”. Тиймээс Ерөнхий сайд асан С.Баяртай цахимаар холбогдож, энэ талаар тодрууллаа.
-Сайн байна уу. Та сайхан хаваржиж байна уу?
-Сайн. Сайн байна уу.
-Та хаана байна вэ. Тантай холбогдох гэж нэлээд юм боллоо.
-Та УИХ-ын гишүүн Г.Уянгын хийсэн мэдээллийн талаар сонссон уу?
-АНУ-д байгаа миний алдарт долоон хаусны тухай юу. Сонссон, уншсан. Сүрдмээр мэдэгдэл, сүртэй зураг гарсан байна билээ. Too нь хүртэл заавал долоо байдаг нь ч юу билээ. Дордохийн долоо байх ёстой юм байлгүй. Яршиг л байна.
-Тэдгээр байшинг таных гэж нотлох баримт сэлт, зураг хангалттай байгаа харагдсан.
-Би солиотой биш. Чи сайн бод л доо. Эрүүл ухаантай хүнд нэг газар долоон байр авах хэрэг байна уу. Ганц биеэ долоо хуваагаад энд тэнд суултай биш. Угтаа нэгхэн биед нэг л байр хэрэгтэй баймаар. Би энэ тухай нэг бус удаа ярьж байсан. Одоо дахин хэлье.
Надад АНУ, эсвэл өөр ямар нэгэн улс гүрэнд эзэмшдэг байшин нэг ширхэг ч байхгүй. Байшин байтугай босгосон майхан ч үгүй. Гэхдээ асуудал тэр байшин саванд байгаа юм биш. Тийм олон том байшинг маш их мөнгөөр авсан байж таарна гэж харддаг. Тиймээс энэ бүх яриа яагаад гардаг, юутай холбоотой нь тодорхой.
-Юутай холбоотой гэж?
-Мэдээж миний хийсэн Оюу Толгойн гэрээтэй холбоотой. Манайд урьд нь хийж байгаагүй олон тэрбум ам.долларын тэр гэрээ сая сая ам.долларын авлига, хаялгатай байх учиртай гэж боддог, харддаг, шуугиулдаг хүмүүс бий. Тэд намайг асар том энэ гэрээг зүтгүүлснийхээ шанд асар том авлига авсан байж таарна хэмээн нотлох гэж бүтэн зургаан жилийн нүүр үзэж байна.
Гэрээний тооцоог зориуд эсрэг талд ашигтай байхаар хийсэн хэмээн намайг буруутгах гэж оролдсоор өдий хүрлээ. Тооцоо талаас нь буруутгаж чадахгүй болохоор тоншсон болгож харагдуулах гээд байдаг. Тоншсон нь нотлогдвол гэрээг бүр мөсөн тонгорч унагах арга нь олдоно гэж үздэг бололтой.
-Ер нь Оюу Толгойн гэрээг яагаад ухаад байдаг юм бол?
-Энэ гэрээ эхнээсээ цэвэр бизнесийн гэхээсээ геополитик, гео эдийн засгийн ач холбогдол, үр дагавар ихтэй. Дотоод, гадаадын, том жижиг, эсрэг тэсрэг сонирхлууд хэрээстэй хэвээр байна. Оюу Толгойн гэрээний нэн эгзэгтэй үе яг одоо таарч байна.
Гэрээний дараагийн үе шат болох далд уурхайн асуудлаар хоёр тал сайн ойлголцохгүй байна.
Одоо цааш хоёрхон зам бий. Хэлэлцээрийн аргаар шийдэж болно. Эсвэл хэрүүлийн аргаар бүр мөсөн унагаж болно.
Тэр хэрүүлдээ намайг татан оруулах гэж байнга оролддог. Элдэв долоон юм наах гэдэг. Тэвчээртэй байхыг хичээж хэдэн жил муу хэлүүлж явлаа. Одоо болсон байлгүй дээ. Одоо яс шалгуулна.
Монгол Улсын хууль хяналтын зохих байгууллагад албан ёсоор хандахаар шийдээд, хүсэлт өргөдлөө цаасан дээр буулгаж байна. Намайг яллан буруутгадаг Оюу Толгойн гэрээгээр далимдуулан юм хум хуссан, эсэхээ шалгуулна. Тэр олон байр савны асуудлыг ч шалгуулна. Өөр бас бус юм бий гэж үздэг бол тэр бүгдийг нь хуу шалгуулна гэсэн бодолтой явж байна.
-Та Монголд хэзээ ирэх вэ?
-Эндэх ажлаа гүйцээгээд хэд хоногоос очно.
айкон.мн
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?