![]() |
УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багаас өнөөдөр /2025.03.21/ мэдээлэл хийлээ.
УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч М.Эрдэнэсайхан:
-Бидний хувьд УНТЭ-ийн ерөнхий захирлын 2024 оны зургадугаар сарын 11-ний А/186 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтын дагуу эрхтэн шилжүүлэн суулгах багийн чиг үүргээр ард түмэнд үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, зөв мэдээлэл түгээх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу хэвлэлийн хурлыг хийж байна. Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг нь бөөр шилжүүлэн суулгах заалт бүхий дутагдлын эцсийн шатанд орсон өвчтөн ба түүнд тохирох амьд донор болон тархины үхэлтэй донорыг сонгох, үнэлэх, бэлтгэх, шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ болон эмчилгээний дараах насан туршийн хяналт эмчилгээг явуулах чиглэлтэй байгуулагдан ажиллаж байгаа үндэсний ууган баг юм. Үндэсний баг нь бөөр шилжүүлэн суулгах мэс заслаас гадна Монгол болон гадаад улсад бөөр шилжүүлэн суулгуулсан үйлчлүүлэгчдэд амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлж, насан туршийн хяналтыг хийдэг баг хамт олон.
Монголд 2024 оны байдлаар 262 бөөр орлуулах аппарат ажиллаж байгаа. Үүнд 2988 өвчтөнд диализийн эмчилгээг хийсэн. Энэ өвчтөнүүдэд 124.594 удаагийн нэг удаагийн диализ эмчилгээг хийсэн.
Мөн бөөрний дутагдлын эцсийн шатанд орсон өвчтөнд бөөр орлуулах, цус нөхөх эмчилгээнд 2024 онд Монгол Улс 21 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Насны ангиллаар авч үзвэл, 0-19 насныхан 49 хүн байгаа бол 20-44 насны 832 хүн, 45-64 насны 1481 хүн, 65-74 насны 457 хүн, 74-өөс дээш насны 169 хүнд диализын аппаратаар эмчилгээ хийлгэж, хамааралтай амьдарч байна. Харамсалтай нь 2024 оны байдлаар бөөрний архаг дутагдлын эцсийн шатны орж, шинээр нэмэгдсэн 607 хүн байна. Эдгээр хүмүүс нэг жилд шинээр нэмэгдэж байгаа бол харамсалтайгаар 167 хүн эмчлүүлж байхдаа нас баржээ. Харин 50 өвчтөн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орж, дутагдлын эмчилгээнээс гарсан байна. Энэ хоёр тоог хасаад үзвэл, шинээр 390 өвчтөн диализын аппаратаар эмчлүүлж байна. Жил бүр 390 өвчтөн бөөр орлуулах бусад эмчилгээ, шилжүүлэн суулгах заалтаар нэмэгдэж байна. Бөөрний дутагдалд орсон өвчтөнд хэрэглэж байгаа бөөр орлуулах эмчилгээ сайн болон муу талтай. Монгол Улсын практикт хэвлийн диализ, гемодиализ буюу цус шүүх, бөөр шилжүүлэн суулгах гэсэн чиглэлээр эмчилгээг хийдэг. Хэвлийн диализ өөрөө сайн талтай боловч олон жил хэрэглэхээр зүрхний үйл ажиллагааны дутагдалд орж эхэлдэг.
Үүнтэй холбоотойгоор тухайн өвчтөн маань цус шүүх эмчилгээнд хамрагдах боломжгүй болж, амь нас нь эрсдэх хүндрэл үүсгэдэг үед яаралтай улаан гэрэл асч, бөөр шилжүүлэн суулгах зайлшгүй заалт гардаг.
Ид хийж бүтээх насны залуус бөөр орлуулах аппаратнаас хамааралтай амьдарч байгаа нь эмгэнэл юм. Бид жил бүр 50 мэс заслыг төрөөс дааж, үнэ төлбөргүйгээр бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг. Төр засгаас биднийг дэмжиж, Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төвийг байгуулахаар барилгын ажил нь үргэлжилж байна. Одоогоор бид гуравхан орны эргэлтэд тааруулж, нэг сард зургаан хүнд мэс засал хийх боломжтой ажиллаж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах нь мэс заслын их нарийн технологи. Тухайн эрхтэн ондооших буюу эрхтэний эсрэг үүсэх дархлааны хариу урвал маш өндөр өрнөдөг болохоор бөөрний мэс засал, дараах эмчилгээний заалт маш нарийн байдаг. Үндэсний баг байгуулагдсан цагаас хойш анхны тархины үхэлтэй донорын бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2008 онд хийж байсан.
Тодруулбал, 2008 онд хоёр удаа, 2009 онд хоёр удаа, 2010 онд хоёр, 2012 онд хоёр удаа гэх мэт хийж байгаад 2018 онд хоёр, 2019 онд 11 хүнд, 2020 онд зургаа, 2021 онд найм, 2022 онд дөрөв, 2023 онд дөрөв, 2024 онд 10 өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн.
Бид нийт тархины үхэлтэй донороос 57 өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж, эрүүл амьдарч байна. Мөн эдгээр хүмүүс дархлаа дарангуйлах эмээ улсаас үнэ төлбөргүй авч, хяналтад байдаг. Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгуулсан 318, гадаадад бөөр шилжүүлэн суулгуулсан 184 хүн хяналтад байна. Монголын хувьд дархлаа дарангуйлах эмэнд нэг сард 150-200 орчим сая төгрөг зарцуулдаг бол бөөрний цус шүүх эмчилгээнд 1.9 тэрбум төгрөгийн зарцуулж байна. Донорын тухай хуульд шалгуур хангасан 50 тохиолдолд даатглын сангаас үнэ төлбөргүй мэс заслыг хийж, амьдралын чанарыг сайжруулсан. Харин донор олдохгүй, мөн өмнө нь бөөр шилжүүлэн суулгуулж, хамаатан саднаасаа бөөр авах гэхээр дархлааны хариу урвал өрнөх магадлалтай өвчтөнүүдэд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах шаардлага гардаг. Тухайн өвчтөнүүдийг Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр тархины үхэлтэй донорын жагсаалтад цусны бүлгээр нь бүртгэж авдаг. Энэ бүртгэлд одоогоор 695 өвчтөн бүртгэгдсэн байна. Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2018 онд байгуулагдсанаас хойш тухайн жилд хийж байгаа тархины үхэлтэй донорын тоо нэмэгдсэн. Тухайн агентлаг үр дүнгээ өгсөн гэсэн үг.
Үндэсний баг сүүлийн хоёр жилд бөөр шилжүүлэн суулгахад эсрэг биеийг дарангуйлах эмчилгээ, бүлэг ондоотой донороос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэн, нутагшуулаад байна.
Ингэснээр гадаад руу урсах зардлыг багасгаж, ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө зүтгэж байна.
УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн зөвлөх эмч н.Нямсүрэн:
-Өнөөдөр анагаах ухааны хөгжлийн оргил нь болсон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг эх орондоо амжилттай хийж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?