| |
Улаанбаатар хотод 35 давхар барилга босох тухай жилийн өмнө барилгачдын дунд яригдаж байлаа. Удахгүй нийслэлчүүд 30-40, түүнээс ч олон давхар барилгад ажиллаж, амьдардаг болох нь дамжиггүй. Монголчууд бид гадаадын орны хөгжлийг гайхахааргүй болж, нийслэл, аймаг, сумандаа ч өндөр, шилэн, ур хийцтэй барилга байгууламжид аль хэдийнэ тухалж эхэлжээ. Энэ бол барилгачдын ач гавьяа, хөдөлмөр зүтгэл мөнөөсөө мөн. Тэд өнгөрсөн долоо хоногийн турш салбарынхаа ололт амжилт, алдаа дутагдлаа хэлэлцлээ. Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс барилга, хот байгуулалтын салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтарсан "Барилгачдын зөвлөгөөн-2015” арга хэмжээ өнгөрсөн баасан гаригт МҮЭСТО-нд хаалтаа хийв.
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар арга хэмжээг нээж салбарын хөгжлийн талаар онцолсон юм. Тэрээр "Салбарын удирдах ажилтны зөвлөгөөн манай улсын төсвийн орлого буурч, эдийн засгийн хямралтай үед тохиож байна. Бүтээн байгуулалтыг тууштай үргэлжлүүлэх боломж, нөөц хомсдоод байгаа энэ үед салбарынхаа бизнесийг дэмжих үүднээс захиргааны чанартай хүнд суртал, дарамтыг багасгаж, бизнесийн орчныг нь сайжруулахыг чухалчилж байна. Мөн ипотекийн зээлийг үргэлжлүүлж нөхцлийг нь хөнгөвчлөх нөөц боломжийг эрэлхийлж, эрэлт талыг түлхүү дэмжих бодлогыг барьж байгаа. Өөр нэг зорилт бол бүтээн байгуулалт түр амсхийх зуур барилгын салбарын бодлогын баримт бичгүүдийг цэгцэнд оруулж, бизнес эрхлэгч, ард иргэдэд ээлтэй, орчин үеийн шаардлагад нийцсэн системийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэв. Түүнчлэн салбарын чанар аюулгүй байдал, барилгын зураг төслийн магадлал, хот төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хууль эрхзүйн чиглэлд төрийн зүгээс барьж буй бодлогыг олон нийтэд танилцуулсан юм.
Салбарын яамнаас өнгөрсөн пүрэв гаригт Стандартчилал хэмжилзүйн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Энэ ажлын хүрээнд тус газрын дарга Г.Гантөмөр барилгын салбарт норм, стандартын ач холбогдлын талаар илтгэл тавьсан юм. Орон сууцны ам метрээс эхлээд стандартын асуудал байгаа нь ШӨХТГ барилгын компаниудын хооронд үүсээд буй асуудал тодорхой харуулж буй. Барилгын салбарт олон зуун стандарт мөрдөгдөж байгаа ч орчин үед нийцсэн, судалгаа шинжилгээ зайлшгүй хэрэгтэй байгааг Г.Гантөмөр дарга онцолж байв.
Түүнчлэн Сангийн яамны Төрийн хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн О.Бат-Эрдэнэ зам, барилгын салбарт оруулсан хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгөв. Өнгөрсөн онд хувийн хэвшлийн эх үүсвэрээр 1.5 их наяд төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 1.3 их наяд төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг их наяд төгрөгөөр бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлжээ. Энэ онд 189.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг барилгын салбарт хийхээр төлөвлөжээ.
О.Бат-Эрдэнэ энэ салбарт оруулсан хөрөнгө үр дүнтэй байгаа эсэхийг ч хөндөж байлаа. Тухайлбал, улсын төсвөөр барьсан барилга байгууламжийг хүлээж авсны дараа нуралт, эвдрэл үүсдэг. 2007 онд гэхэд 120 сумын гэрэл цахилгааныг нь шинэчлэх ажлыг хийсэн. Алслагдсан 13 суманд цахилгаан дамжуулах агаарын шугам хүргэхээр нар, салхины эрчим хүчийг бий болгохоор 13.4 тэрбум төгрөгийн салхин сэнс тавьжээ. Гэвч жилийн дараа эвдэрч, хэмхэрсээр дахин 19 тэрбум төгрөг шаардлагатай болсон гэнэ. Зам барилгын салбарт ч адил. Улаанбаатараас Төв аймгийн Эрдэнэсант, Лүн сумын чиглэлд 2010 онд ашиглалтад орсон зам жилийн дараа эвдэрчээ. Өнгөрсөн онд Чингис бондоос 2.4 тэрбум төгрөг гаргуулж "өнгөлсөн” тухай дурдав. Тэрээр "Хөгжье, өсье гэвэл бүтээн байгуулалтын ажлынхаа судалгаа шинжилгээний үе шатанд онцгой анхаарах цаг болжээ. Барилгын салбар судалгаагүйгээр цааш явахгүй. Энэ салбарын хөрөнгө оруулалтад институт, судалгаа шинжилгээ маш чухал” гэж байв.
Зөвлөгөөнд оролцсон хүмүүсийн ярьж буй сэдэв салбарын судалгаа, шинжилгээтэй олонх нь холбогдож байлаа. Барилгын осол, хот төлөвлөлт, зураг төсөл, материал зэрэгт ул суурьтай судалгаа хийдэг эрдэм шинжилгээний байгууллага байх шаардлагатай гэж байна. 1990-ээд оноос барилгын эрдэм шинжилгээний хүрээлэн, институтийг татан буулгаж хөгжлийн бодлого алдагджээ. Одоогоор төрийн болон хувийн хэвшилд судалгааны хэдэн байгууллага байгаа ч мэргэжлийн баг, боловсон хүчин, хөрөнгө мөнгөний асуудлаас болж үр дүнтэй ажиллаж чадахгүй байгааг салбарынхан ярьж байв.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?