![]() |
Вашингтон хотын цагдаагийн газрыг холбооны хяналтад оруулж, Үндэсний гвардын цэргүүдийг байрлуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Даваа гаригт (2025.08.11) мэдэгджээ. Тэрбээр Вашингтон хотыг хүчирхийлэгч, бүлэг, цуст гэмт хэрэгтнүүд эзэлсэн гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч тус улсын цагдаагийн газрын статистик мэдээллээс үзэхэд, Вашингтонд хүчирхийллийн гэмт хэрэг 2024 онд 35 хувиар буурч, 2025 оны эхний зургаан сард дахин 26 хувиар буурсан байна. Вашингтон хотын дарга, Ардчилсан намын гишүүн Мюриэл Баузер өмнө нь тус хотод гэмт хэргийн тоо өсөхөө больсон хэмээн мэдэгдэж байв. Мөн хүчирхийллийн гэмт хэргийн тоо өнгөрсөн онд сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хамгийн доод түвшинд хүртэл буурсан гэдгийг онцлон тэмдэглэж байсан юм.
Трампын мэдэгдсэнээр, Үндэсний гвардын 800 орчим цэргийг Вашингтонд байрлуулна.
Үндэсний гвард бол АНУ-ын зэвсэгт хүчний нөөц ангиуд бөгөөд мужийн хяналтад байдаг. Гэсэн хэдий ч дайны эсвэл онцгой байдлын үед ерөнхийлөгч тушаал өгөх эрхтэй. Трампын уг шийдвэрийг олон нийт эсэргүүцэж, Вашингтон хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Цагаан ордноос хэдхэн гудмын цаана "FreeDC" хөдөлгөөнийхөн жагсаал хийж байгаа юм. Тус хөдөлгөөний тэргүүн Кейа Чаттержи хэлэхдээ, Трампын энэ үйлдэл нь зүгээр нэг Вашингтон хотын оршин суугчдын эрхийг үл тоомсорлосон ээлжит алхам биш, харин маш аюултай, хурц шинэ түвшний алхам гэжээ. Тэрбээр мөн "Хүмүүс үүнийг урьд өмнө байгаагүй, эсвэл ер бусын гэж нэрлэж байгаа ч энэ нь маш их ноцтой зүйл. Энэ бол зүгээр л дарангуйлал” гэж мэдэгдсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?