![]() |
АНУ-ын хотуудад эсэргүүцлийн жагсаал, цуглаан болж байна. Тус улсын ерөнхийлөгч Дональд Трампийн татвар ногдуулах, зарлагаа танах журмаар холбооны ажилчдыг халах зэрэг бодлогыг эсэргүүцсэн иргэд жагсах болжээ. Түүнчлэн чинээлэг бизнесмен Элон Маск Вашингтоны хэрэгт хөндлөнгөөс оролцсонд жагсагчид дургүйцлээ илэрхийлж байна.
АНУ-ын импортын татвар хэрэгжиж эхэлсэн өдөр буюу Бямба гаригаас эхлэн (2025.04.05) үйлдвэрчний эвлэл, бэлгийн цөөнх, иргэний эрхийг хамгаалах байгууллага зэрэг 150 гаруй бүлэг Вашингтон, Нью-Йорк, Бостон, Лос Анжелес болон бусад хотуудад эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна.
Албаныхны мэдээлснээр, Трамп, Маскийн эсрэг орон даяар 1000 гаруй жагсаал, цуглаан зохион байгуулагджээ.
Элон Маскийг Вашингтоны бодлогод хөндлөнгөөс оролцохоо зогсоох, "Medicaid", нийгмийн даатгал болон сангуудыг танах, цагаачид, бэлгийн цөөнх болон бусад бүлэгт халдлага үйлдэхээ зогсоохыг жагсагчид шаардаж буй. Мөн Трампийн засаг захиргаа үр ашгийг дээшлүүлнэ гэх үндэслэлээр АНУ-ын төрийн үйлчилгээг бүрмөсөн устгаж байна гэж жагсагчид үзэж байна.
Жагсагчдын нэг Кэтрин хэлэхдээ, "Боловсрол, нийгмийн хамгаалал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, ахмад дайчдын эрх, бэлгийн цөөнх зэрэг бүгдийг заналхийлж байна. Энэ бол миний хайртай Америк биш, бидний үзэл санаа, хүчний тэнцвэр, эрх мэдлийн хуваарилалт юу болсон бэ?" гэв. Мөн жагсагч Каллен хэлэхдээ, "Трамп, Маск, тэдний хэн нь ч жинхэнэ америкчуудын санаа зовж буй зүйлийг төлөөлж чадахгүй" гэсэн юм. Зарим жагсагчид Трампийн эдийн засгийн бодлого болох импортын тариф нь иргэдийн нуруун дээрх ачааллыг нэмэгдүүлнэ гэж болгоомжилж байна.
Трамп импортын татварыг нэмэгдүүлж, худалдааны түншүүддээ харилцан татвар ногдуулсны дараа АНУ-ын иргэд бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэж эмээж, буруутгаж байгаа юм.
Орон нутгийн хэвлэл мэдээлэлд дурдсанаар, зарим америкчууд импортын тариф хэрэгжиж эхлэхээс өмнө супермаркетаас хоол хүнс, өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ худалдан авахаар яаравчилж, ачаалал үүссэн байна. Мөн тус улсад амьдардаг зарим хятадууд нэг дор 20 шил шар буурцгийн цуу, 10 савх хясаа авахаас гадна Хятадад үйлдвэрлэдэг зурагт, зөөврийн компьютер болон бусад цахилгаан хэрэгсэл, машины эд ангиудыг авах зэргээр нэг дор 3500 ам.доллар гаруй мөнгө зарцуулжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?