| |
Өнгөрсөн сарын сүүлийн өдөр буюу бямба гарагийн өглөө Синайн хойгт ОХУ-ын осолдсон тухай эмгэнэлтэй мэдээ цацагдлаа. Airbus A-321 загварын онгоц Улаан тэнгисийн Шарм эль-Шэйхээс Санкт Петербург хотыг чиглэн нисэж байжээ.
Пулковод газардах байсан 9268 рейсийн онгоцонд багийн гишүүдийн хамт 224 хүн байсны 17 нь насанд хүрээгүй хүүхэд байсныг Оросын Нэгдүгээр сувгаар мэдээлсэн юм.
Ослын газар дээр Оросын Онцгой байдлын яамны төлөөлөгч, аврагчид хэдийнэ иржээ. Энэ үед "Когалымавиа” компанийн Airbus A-321 онгоцны хоёр хар хайрцаг олдсоныг Египетийн ерөнхий прокурорт хүргүүлсэн тухай цацагдлаа.
Зарим нэг хэвлэлээр "Исламын улс” хэмээх гэмт хэргийн бүлэглэл онгоцны сүйрлийн хариуцлагыг хүлээж байгаагаа мэдэгдсэн ч нотолгоо баримтгүй тул хар хайрцагны бичлэг задартал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж албаны хүмүүс мэдэгджээ. Иймэрхүү бүлэглэлүүд элдэв ослыг өөрсдийнх болгож алдарших дуртай байдаг нь нууц биш. Тэгээд ч 9000 метрийн өндөрт нисэж яваа онгоцыг унагаах техникийн боломжгүй гэж нэг бус ажиглагч хэлжээ.
Харин Оросын "НТВ” сувгаар хоёрдугаар нисгэгч Сергей Трухачев онгоцны техникийн бүрэн бүтэн байдалд санаа зовнингуй байсан тухай мэдээлсэн юм. Тэрээр охинтойгоо утсаар ярихдаа энэ тухай дурссан байна.
Онгоц хөөрснөөс 20 орчим минутын дараа өндрөө хурдтай алдаж 9000 метрийн өндрөөс унасан аж. Онгоцны ахмад Валерий Немцов 12 мянган цаг ниссэн туршлагатай нэгэн байсныг нисэх компанийн төлөөлөгч хэлжээ. TH&C ("Когалымавиа” компани бүрэлдэхүүнд нь багтдаг) холдингийн төлөөлөгчийн хэлснээс үзвэл Airbus A-321энэ жил D-check үзлэгт хамрагдсан аж.
Энэхүү үзлэгийг 12 жилд нэг удаа тусгай бааз дээр 30-40 хоног хийдэг бөгөөд онгоцны бүх хэсгийг нарийвчлан шалгадаг байна. Үүнээс гадна энэ төрлийн онгоцны нэг хөдөлгүүр саатсан ч ойрын нисэх буудалд газардах боломжтой аж. 2001 онд тус онгоцны сүүл хэсэгт гэмтэл гарч байсан гэнэ.
Оросын Онцгой байдлын яамны төлөөлөгч, мэргэжилтнүүд юуны өмнө түлшинд нарийвчилсан шинжилгээ хийхээр болсныг "Ройтер” агентлаг мэдээлжээ. Хамгийн сүүлд цацагдсан мэдээгээр ослын газар дээр Оросын 100 гаруй аврагч ажиллаж 176 хүний цогцсыг эх орон руугаа илгээхэд бэлэн болжээ.
Өчигдөр ОХУ орон даяар эмгэнэл зарлаж төрийн далбаагаа бөхийлгөн ослоор амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ. Залуу хос, 10 сартай нялх хүүхдээс эхлээд зарим нэг гэр бүлийн гурван үе тус онгоцонд явж байжээ.
Д.Баясгалан
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?