![]() |
"Peabody energy”-гийн алдагдал шинжээчдийн таамаглаж байснаас ч их гарчээ. Нүүрсний салбарын хүнд үеийг даван туулахын тулд тус компани үйлдвэрлэлээ бууруулж, ажилчдаа цомхтгож, зардлаа танаж байгаа юм. 130 жилийн түүхтэй, дэлхийн нүүрсний зах зээл дэх хамгийн том хувийн компани болох "Peabody energy”-гийн хувьцааны ханш сүүлийн нэг жилд 93 хувиар навс унажээ. Нүүрсний эрэлт буурч, үнэ хямдарсаар байгаа энэ цагт хэрхэн тэсэж үлдэх вэ гэдэг монголчуудын битгий хэл "Peabody energy”-гийн "шүдний өвчин” болж байна. Салбарын олон том тоглогч ар араасаа дампуурах болсон нь бүр ч аймшигтай. Зөвхөн энэ сард л гэхэд АНУ-ын "Walter Energy” үүд хаалгаа барьсан бол металлургийн нүүрсний топ компани болох "Alpha Natural Resourves”-ын хувьцааг Нью-Йоркийн хөрөнгийн бирж арилжаанаасаа хасаад буй. Тэгвэл Хонконгийн хөрөнгийн бирж дэх "Mongolian Mining Corporation” компанийн хувьцаа 2011 оны оргил үедээ долоон хонконг доллараас давж байсан бол өчигдөр ердөө 0.25 хонконг доллар байв. Ийнхүү нүүрсний компаниуд шалдаа бууж байхад салбар нь сэргэх найдлага даанч алга. Урд хөрш маань байгаль орчны бохирдолтой тэмцэж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих болсноос дулааны нүүрс үнэгүйдсэн. Тэгвэл тус улсын гангийн үйлдвэрлэл уналтад орсноор коксжих нүүрсний ханш ч навс унаад байгаа юм. Ийнхүү монгол нүүрсний ганц хэрэглэгч тоглоомын дүрмээ шинэчилсэн учраас бид ч түүнд нь дасан зохицох шаардлагатай болов.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?