Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг амжилттай байгуулахад оруулсан хувь нэмрийг үнэлж Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх О.Чулуунбат, Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн гаалийн байцаагч Д.Баярсайханыг тус тус шагналаа. Харин Алтан гадас одонгоор Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, ГХЯ-ны эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал А.Ариунаа, Аж үйлдвэрийн яамны Худалдааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Золтуяа, ГХЯ-ны Гадаад суртчилгаа, мэдээллийн газрын зөвлөх Д.Мөнхжаргал нар энгэрээ мялаав. Мэдээллийн технологи, шуудан, харилцааны газрын Шинэчлэлийн бодлого, төлөвлөлтийн газрын Мэдээллийн технологи, инновацийн хэлтсийн дарга Г.Чинзориг, Аж үйлдвэрлэлийн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Ариунаа, ГХЯ-ны Ази, ойрхи дорнод, Африкийн газрын зөвлөх Д.Нямаа нарын 10 хүнд Хөдөлмөрийн хүндэт медаль гардууллаа.
Япон Улстай байгуулсан "Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр нь манай улсын байгуулсан анхны чөлөөт худалдааны хэлэлцээр бөгөөд 2012 оноос эхлэн гурван жил орчим хугацаанд 7 үе шатны хэлэлцээг хийсэн байна. Ийнхүү өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр тал хэлэлцээрийн бүх асуудлаар зарчмын тохиролцоонд хүрч, улмаар энэ онд Монгол Улсын Ерөнхий сайд, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр” болон түүнийг хэрэгжүүлэх хэлэлцээрт Токио хотноо гарын үсэг зурсан ажээ. Уг хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан "гуравдагч хөрш”-ийн бодлогыг эдийн засгийн агуулгаар баталгаажуулахад томоохон түлхэц болох юм. Цаашлаад бүс нутгийн интеграци, үйлдвэрлэлийн сүлжээнд нэгдэн орох, японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна хэмээн албаныхан онцлов.
Б.Мөнхзаяа montsame