| |
-Хэдэн нефтийн үйлдвэр, хаана барихаар шийдсэн бэ?
-Нефтийн үйлдвэрийн тухай асуудлаар бид олон жил ярьсан. 15 үйлдвэрийн төсөл явдаг ч нэг нь ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Мэдээж энэ нь төрийн нэгдсэн бодлого байгаагүйтэй холбоотой. Манай улс шиг өнөөдөр өөрөө нефтьтэй мөртөө нефть боловсруулах үйлдвэргүй орон байдаггүй. Дэлхий дээр энэ төрлийн үйлдвэргүй цорын ганц улс байдаг нь Монгол. Гэхдээ энэ бодит байдал. Нефть боловсруулах үйлдвэрийг барих нь манай улсын стратегийн хамгийн том бодлогын асуудал. Барихдаа дотоодынхоо түүхий эдэд тулгуурласан нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гарсан. Засгийн газраас гаргасан тогтоолд хоёр зүйл багтсан байгаа. Юуны өмнө хаана үйлдвэр барихаа тогтоосон. Хэдэн үйлдвэр дээр урьдчилсан ТЭЗҮ хийхээ тогтсон. Үйлдвэр барих газар бол хамгийн түрүүнд говийн бүсэд барих нь юм. Говийн бүсэд хоёр сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барина. Дараагийн байршил нь зүүн бүс буюу одоогийн газрын тос гаргаж байгаа газраа барих нь зөв гэдэг шийдэлд хүрсэн.
-Тэгэхээр нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар ярьж байгаа 15 төслийн хувьд яах бол?
-Одоо нефтийн үйлдвэр барих 15 төсөл байхгүй болсон. Дээрх хоёр байршил дээр урьдчилсан ТЭЗҮ хийх, байгаль орчны үнэлгээг тогтоох Ажлын хэсгийг байгуулаад ажилдаа орсон. Намар гэхэд урьдчилсан шийдлээ гаргасны дараа сонгон шалгаруулалтаа хийнэ. Тодруулбал, нефтийн үйлдвэр байгуулах сонирхогч талууд, хөрөнгө оруулагчдад санал тавих бэлтгэл ажилдаа орно. Ер нь нефтийн үйлдвэрийг хаана байгуулдаг тухай дэлхийн жишгийг хараад үзэхэд хоёр л газар байдаг. Нэг хэсэг нь далайн эрэг орчим, нөгөө хэсэг нь хоолойгоор түгээж авах боломжтой газар байгуулдаг. Одоо ярьж байгаа энэ хоёр байрлал нь яах аргагүй Монголд барихаас өөр гарцгүй байрлал юм. Сайншанд буюу Зүүн-Баянгийн хэсэг бол Монголын хамгийн нам дор газар. Хаанаас ч хоолой татсан байсан хамгийн хямд өртгөөр нефть боловсруулах үйлдвэр рүү түүхий эдээ татах боломжтой учраас энэ газрыг сонгосон. Нөгөө талаас энэ газар түүхий нефтийн уурхай байгаа учраас үүнийг нь түшиглэж байгуулсан юм.
-Нефтийн үйлдвэртэй болох нь валютын ханшийг бууруулах хамгийн гол хүчин зүйл гэлээ. Энэ талаар тодруулаач?
-Уул уурхай ойрын таван жилдээ манай экспортын 70-80 хувийг эзэлж явна. Энэ бол маш ойлгомжтой зүйл. Энэ дүр зургийг бид өөрчилж чадахгүй. Үүний зэрэгцээ импортыг орлох энэ төрлийн хүнд үйлдвэрүүдээ барих нь аж үйлдвэрийн салбарын бодлогын нэг чухал хэсэг болох юм. Нефтийн үйлдвэрээ барьсны дараа 2000 төгрөгт хүрч байгаа ам.доллар 1000-аас доошоо бууна. Ингэж байж ам.долларын ханшийг бууруулахаас биш хоорондоо улстөржсөнөөр валютын ханш буухгүй. Нефть боловсруулах үйлдвэрийг байгуулснаар 1.8 тэрбумынхаа импортыг хэмнэж чадна. Цаанаа нь нэг тэрбум хүрээд байгаа химийн бүтээгдэхүүн, хуванцар эдлэлийг хийх нөхцөл, боломжийг нь бүрдүүлнэ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?