Цас цагаан өмсгөл дээр хээ хуар үлдээн хөх шийдмээр будаж, цагаан үүл цэнхэр тэнгэртэйгээ хослуулдаг өвөрмөц нэгэн уламжлал Дали хотын Бай үндэстэнд байдаг. Тэр бол Уяж будах технологи.
“Заарань” буюу уяж будах нь бөс давууг будаж, өнгө оруулах уламжлалт технологи бөгөөд цэвэр байгалийн гаралтай төрөл бүрийн ургамлын навчийг чанаж буцалгахаар дамжуулан будаг ялгаруулан гаргадгаараа онцлог байдаг.
[video=]
Хятадын хамгийн эхний ээлжийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн Далигийн Бай үндэстний өөртөө засах жөүгийн Жөүчэнгийн уяж будах технологи нь Хятад даяар хамгийн алдартай. Тэр ч утгаараа БНХАУ-ын Соёлын яамнаас Бай үндэстнийг “Уяж будах технологийг үндэслэгч” хэмээн нэрлэсэн байдаг.
Юньнань мужийн Бай үндэстний ард түмний дунд олон үе дамжин өвлүүлж ирсэн энэхүү ур мэргэжил нь даавууг хээ гарган будах, будагтай нэхмэл бөс даавуугаараа төрөл бүрийн гар урлал, хувцас малгай, цүнх зэргийг хийдэг гар урлалын нэгэн төрөл юм.
Уяж будаж урласан хувцас хэрэглэлүүд зардаг, мөн уяж будах ажилд биечлэн оролцох үйлчилгээ хангадаг дэлгүүр хоршоонууд Дали хотын гудамжаар хаа сайгүй харагдах бөгөөд энэ нь Дали хотыг зорин ирсэн гаднын жуулчдад Бай үндэстний өвөрмөц соёлын төрхийг гайхуулна.
“Мянга сонсохоор нэг үз” гэдэг бол мянга үзэхээр нэг туршсан нь дээр хэмээн бид ч хүүхдүүдээ уяж будах үйлд оролцохыг дэмжлээ. Энэ нь хүүхдүүдэд үнэхээр сонирхолтой санагдаж байсныг хэлэх хэрэг алга.
Уяж будах үйл нь хээ угалз гаргах, будах, угаах, оёдлыг хагзлах, ээж хатаах зэрэг явцаас бүрдэнэ. Эхлээд сонгож авсан цул цагаан бөс даавуу буюу хувцас эдлэлдээ цагаан хээ угалз үлдээхийн тулд оёх, утас дээсээр уях, хавчаараар хавчих зэрэг аргыг хэрэглэн хээ гаргана. Чанга уяж, хавчсан хэсэгт будаг хүрч чаддаггүй учраас хээ хуар гаргах зорилгодоо хүрдэг байна. Дараа нь будагтай шийдэмдээ дүрэх, дэвтээх зэрэг аргаар будаг оруулна. Энэ явц бол маш чухал, хэрэв гүн өнгөтэй будахыг хүсвэл удаан дэвтээж, гүйхэн өнгөтэй будахыг хүсвэл дүрээд гаргадаг байна. Будах явцаа дуусгаад цэвэр усанд угаана. Ургамлаас гаргасан будаг нь унахгүй, улмаар хээ угалз гарган үлдээсэн суурь өнгөө будахгүй давуу талтай байдаг. Үүний дараа хээ үлдээх зорилгоор оёсон оёдлыг хагзлах, уясан утсыг тайлах, хавчаарыг авах бөгөөд хамгийн сүүлд дахин нэг угаагаад наранд ээж хатаана. Ингээд таны урласан хорвоод хосгүй, давтагдахааргүй цор ганц уран бүтээл тань хэрэглэхэд бэлэн болно.
Уяж будах хөдөлмөрийн бүх явцад биечлэн оролцсон нь хүүхдүүдийн маань хувьд өөрийн бүтээсэн өмсгөл гоёлоороо бахархах маш их аз тохиол болсон юм.
Уяж будах технологи нь эртдээ индиго хэмээх ургамлын навчнаас гаргаж авсан хөх өнгөөр голлодог байсан бол сүүлийн үед хүмүүс тасралтгүй туршин хөгжүүлсний эцэст олон ч өнгөөр урладаг болсон байна.
Адил бус өвс навчнаас адил бусын өнгө гардаг. Зарим ногоон ургамал шар өнгө ялгаруулдаг бол зарим улаан өвс харин хөх өнгө ялгаруулах гэх мэтээр байгаль эхийн ид шидийг гайхаад дуусахгүй.
Олон мянган жилийн түүхтэй тариалангийн соёл иргэншлийн явцад бүрэлдэн бий болсон хувцас гоёлын энэхүү соёл нь өнөөг болоход биет бус соёлын өв уламжлал төдийгүй Бай үндэстний ард түмний амьдралын нэгэн хэв маяг болон хөгжжээ. Тийм ч учраас арга барил, гоо зүй, өнгө төрхийн хувьд тэр нь Бай үндэстний, Дали нутгийн цаашлаад Хятадын уламжлалт соёлын шилдэг уламжлалын илэрхийлэл болж байдаг. Үгээр ч үл барам энэхүү ур мэргэжил нь байгалийн, эко үзэл баримтлалтай нийцдэг учраас цаг үеийн хөгжлийн явцад илүү олон хүнд хүрч, илүү сайн уламжлагдан хөгжиж чадах нь гарцаагүй юм.