| |
Монгол улсын их хурал 2011 онд Эрүүл мэндийн тухай Монгол улсын хуулийг баталсан билээ. Тухайн үед энэ хуулийг боловсруулж, улсын их хуралд өргөн барих үйл явцын ажлын хэсгийн ахлагч нь УИХ-н гишүүн асан Д.Очирбат байв.
Эрүүл мэндийн тухай хууль батлагдаж хэрэгжиж эхлээгүй байхад хууль санаачлагч гишүүд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарч байсныг энэ нийтлэлийг бичигч миний бие тод санаж байна. Энэ хууль бүрэн утгаараа хэрэгжсэн бол эрүүл мэндийн салбарын засаглалд бага ч гэсэн өөрчлөлт, ахиц авчрах байв. Тэгвэл хуулийн энэ заалт нь цаг үетэйгээ нийцэхгүй төдийгүй, гууль болж байгаа талаар бүгдээрээ нэг харцгаая.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчнүүд сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа, хүүхэд, залуучуудын дунд мансуурах дон нэмэгдэж, архидалт улам хүнд, далд явцтай хэлбэрт шилжсэн нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгож, улмаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагын бие даасан, нээлттэй, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах хуулийн заалт хэрэгжихгүй байна.
Өнөөдөр хүн өвдсөн үедээ эмнэлэгт хэвтэх асуудал бэрхшээлтэй, танил тал харж үйлчлүүлэх нь энүүхэнд болсон нь хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлэх бодлого дутагдаж байгааг харуулж байгаа нь хуулийн заалт нь цаг үетэйгээ нийцэхгүй гууль болж байгааг илтгэнэ.
Манай улсад 2010 оноос хойш гараагүй улаанбурхан өвчний тархалт эрчимжиж гамшгийн хэмжээнд хүрсэн нь дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд энэхүү өвчнийг эмчлүүлэх нөхцлийг бүрдүүлэхгүй байгаатай холбоотой байж болох ч эрүүл мэндийн тухай хуульд зааснаар Нэгдсэн эмнэлэг нь хүн амд 7-гоос доошгүй чиглэл /дотор, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, ерөнхий мэс засал, шүд, мэдрэл, халдварт/-ээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг амбулатори болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх бөгөөд хүн амын байршил, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээг үндэслэн салбар амбулаторитой байж болно гэж заасан нь энэ хуулийн заалт бодит амьдралд биелэгдэхгүй байгааг бид бүхэн амьдралд дээрээ харж байгаа билээ. Өнөөдөр дүүргийн эмнэлгүүд аймгийн эмнэлгийн түвшинд хүрч үйлчилж байгаа нь хаана байна.
Манай улсын ихэнх эмнэлгийн үйлчилгээ давхардал ихтэй, аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн шинжилгээг гуравдугаар шатлалын эмнэлэгүүд үгүйсгэх хандлагатай. Дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчилж болох өвчнийг гуравдугаар шатлалд эмчилж байх жишээтэй. Уг нь гуравдугаар шатлалын энэ нүсэр бүтцийг буулгах шаардлагатай. Халдвартын эмнэлэгт эмчлүүлж буй зонхилон тохиолдох өвчлөлүүдийг хоёругаар шатлалд эмчлэх, дүүргийн эмнэлэгт эмчлүүлж буй зарим өвчлөлүүдийг өрхийн эрүүл мэндийн төвд нь эмчилдэг болгох хуулийн заалтууд мөн л гууль болж өнгөрч байна. Өнөөдөр гуравдугаар шатлалд хэвтэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байгаа цусны даралт ихсэх, бөөрний үрэвсэл зэрэг зонхилон тохиолдох өвчлөлүүд хоёрдугаар шатлалд байтугай өрхийн эмнэлэгт эмчлүүлэх боломжтой шүү дээ.
Эрүүл мэндийн салбарынхны цалин нь хүлээж байгаа үүрэгтэйгээ харьцуулахад амьдралд нь хүрэлцэхгүй үнэхээр бага байгааг дээр дооргүй ярьцгаадаг. Эмнэлгийн ажилчдын цалин хангамж сүүлийн 4 жилд юмны үнэ хурдацтай өсч байгаатай уялдаж цалин огт нэмээгүй нь улсын эмнэлгүүд төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлж, олсон орлогыг эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах, засвар, үйлчилгээ хийхэд зарцуулах ёстой гэж заасан хуулийн заалт хэрэгжих боломжгүй байгаа нь бас л гууль болсон хуулийн заалт гэж хэлэхээс өөр аргагүй.
Хэрэв энэ заалт хэрэгждэг байсан бол манай эрүүл мэндийн салбарын засаглал ингэж л шалдаа буухгуй байсан даа.
Эцэст энэ бүхнээс дүгнэхэд эрүүл мэндийн салбараас төрсөн улс төрч гэгддэг хүний их эмч Д.Очирбатын боловсруулсан хууль нь гууль болж цаг үеэ олоогүй, амьдралд нийцэхгүй байгаа юу эсвэл гүйцэтгэх засаглал хэрэгжүүлэхгүй байгаа юу бүү мэд.
Д.Гантөмөр
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?