| |
Монголын аутизмын холбооны менежер Г.Мөнгөншагайтай аутизмын талаар болоод аутизмтай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тухай ярилцлаа.
-Аутизм гэх ойлголт манай улсад хэзээнээс бий болсон талаар ярилцлагаа эхэлье?
-Аутизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх байгууллага эцэг, эхчүүдийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан байдаг. Анхны төрийн бус байгууллага байгуулагдаад 10 гаруй жил өнгөрсөн байна. Тэр үеэс аутизм гэх ойлголтыг олон нийт мэдэж эхэлсэн.
-Монгол Улсад аутизмтай хэчнээн хүн байдаг талаарх албан ёсны тоо, мэдээлэл байдаг болов уу?
-Манай байгууллагад 1500 орчим хүүхэд бүртгэлтэй байдаг. Энэ бол зөвхөн манайд хандсан хүмүүсийн тоо, мэдээлэл. Манайхаас гадна өөр байгууллагад хандсан, гадаад, дотоодод оношлуулсан хүн олон байгаа. Одоогоор нийт хэчнээн иргэн аутизмтай талаарх албан ёсны мэдээлэл байдаггүй. Гэхдээ ЭМЯ, ХНХЯ хамтраад энэ төрлийн тоо мэдээллийг нэгтгэхээр ажиллаж байгаа. Тэгэхээр удахгүй албан ёсны тоотой болох байх.
-Аутизмыг хаана оношилдог вэ. Жишээ нь, танай холбоонд оношлуулах боломжтой юу?
-Албан ёсны оношийг СЭМҮТ гаргадаг. Харин аутизмтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад аутизмын үнэлгээ хийдэг. Үнэлгээгээр аутизмын түвшинг нь тодорхойлдог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үнэлгээ, оношилгоо хоёр тусдаа ойлголт. Одоогоор үнэлгээг “Аутизм Монгол анд” ТББ, Аутизмтай онцгой хүүхдүүдийн академи гэх хоёр байгууллага хийдэг. Манайх харин нийгэм, олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа.
-Хэрхэн оношилдог вэ?
-Оношилгоог сэтгэцийн эмч, мэргэжлийн сэтгэл зүйчид хийдэг. Гэхдээ ямар нэг шээс, цусны шинжилгээ шиг эсвэл томограф, рентген зэрэг элдэв төхөөрөмжөөр илрэх боломжгүй. Учир нь аутизм нь нийгмийн харилцаанд оролцох, мэдээллийг хүлээж авах, хүнтэй харилцахад бэрхшээл үүсгэдэг. Эдгээрийг ямар нэг шинжилгээгээр илрүүлэх ямар ч боломжгүй. Тиймээс энэ төрлийн эмгэгийг асуумжаар оношилдог. Шинж тэмдэг дээр нь үндэслээд, оношоо тавина гэсэн үг.
-Эрэгтэй хүүхдүүдэд элбэг тохиолддогийн шалтгааныг анагаах ухаанд юу гэж үздэг бол?
-Таван хүүхэд тутмын дөрөв нь эрэгтэй, нэг нь эмэгтэй хүүхэд байдаг. Яагаад эрэгтэй хүүхдэд ихэвчлэн тохиолдоод байгаа нь одоогоор тодорхой болоогүй л байгаа.
-Аутизмын шалтгааныг агаарын бохирдол, эмийн хэрэглээ гэхлчэн янз янзаар л тайлбарладаг. Зарим нь дэлгэцийн хэрэглээтэй ч холбож байгаа харагддаг. Эдгээрийн яг аль нь үнэн юм бэ?
-Аутизм юунаас болж үүсдэг шалтгаан одоо ч тодорхойгүй байгаа. Шалтгаантай хамааралтай судалгаа тогтмол хийгдэж, эрдэмтэд маш олон таамаглал дэвшүүлдэг. Гэхдээ тухайлаад ямар нэг хүчин зүйлээс болдог гэх хариу гараагүй л байна. Тиймээс агаарын бохирдлоос, дэлгэц, эмийн хэрэглээнээс зэрэг ойлголт нь ташаа юм.
-Аутизм гэж яг юуг хэлдэг, эдгээр хүүхдүүд бусдаас юугаараа өөр талаар үргэлжлүүлэн ярилцъя?
-Аутизм нь бусадтай харилцаа үүсгэхэд хүндрэл учруулаад байгаа бэрхшээл. Товчхондоо, мэдээллийг боловсруулах, ертөнцийг ойлгох арга хэлбэрээрээ ижил төстэй олон хүүхдийг хэлж байна гэсэн үг. Мөн дотроо маш олон төрөл. Хүүхэд болгон харилцан адилгүй, давтагдашгүй бие хүн.
-Эцэг, эхчүүд аутизмын талаар хэр сайн мэддэг бол. Анхны шинж тэмдгийн анзаарах учиртай хүмүүс нь тэд шүү дээ?
-Эргэн тойронд нь аутизмтай хүн байдаг хүмүүс илүү мэдээлэлтэй байдаг. Ийм тохиолдол байхгүй бол энэ төрлийн ойлголт багатай байх нь элбэг. Тиймээс эцэг, эхчүүд ажигч, судлаач байх шаардлагатай. Хүүхдээ анзаараад, шинж тэмдгийг нь цахим хуудаснаас хайгаад үзэхэд хариултаа олох боломжтой.
-Аутизмтай хүүхдүүдтэй ажиллах, тэднийг сургах боловсон хүчин манай улсад хангалттай байдаг уу?
-Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн багш бэлтгэж буй сургуулиудад манай төрийн бус байгууллагаас багшилж, ойлголт өгдөг. Гэхдээ нэг улирал үздэг, гурван кредит хичээлээр аутизмтай хүүхэдтэй ажиллах арга зүйтэй болоод гарах боломжгүй. Гэхдээ эхний ээлжид таньж, оношлох, шинж тэмдгүүдийг нь мэддэг болох боломжтой. Аутизмтай хүүхэдтэй ажилладаг арга зүй стратеги гэж тусдаа байгаа. Мэргэжил болгоод сурсан хүн ч гаднын улсад олон бий. Харамсалтай нь, манайд энэ төрлийн мэргэжилтэн ховор байдаг. Цэцэрлэгийн багшаар суралцаж байгаа багш нарын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлийн талаарх агуулга багтдаг. Гэвч өнгөцхөн ордог болов уу гэж боддог. Сонсдог ч яг нарийн ойлголтоо авч чаддаггүй шиг санагддаг.
-Аутизмтай хүүхдүүдийг оюуны өндөр чадвартай, гоц хүүхдүүд байдаг гэх ойлголт нийгэмд байдаг. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Аутизмыг хөнгөн, хүнд, дунд гээд гурван түвшинд хуваадаг. Бусад хүний тусламж хэр их шаардлагатай байгаагаас нь шалтгаалан ингэж ангилдаг. Суралцахуйн бэрхшээлээрээ ялгаатай байдаг гэсэн үг. Түүнээс оюуны чадамж энгийн хүнийхээс доогуур эсвэл дээгүүр байдаггүй. Гэхдээ оюуны бэрхшээл хавсарсан тохиолдол байж болдог. Мөн оюуны чадвар нь энгийн хүнийхээс дээгүүр эсвэл бага байх тохиолдол ч бий. Гэхдээ аутизмыг IQ гээр тодорхойлох боломжгүй.
-Аутизмтай хүүхдийг энгийн сургуульд сургахад ямар бэрхшээл үүсдэг вэ. Хүүхдүүд, эцэг, эхчүүд ялгаварлах тохиолдол бий юу?
-Хүүхдүүд бие биеэ ялгаатай юм шиг хүлээж авч, гадуурхах нь ховор. Харин хүүхдүүд нь хэвийн байхад эцэг, эхчүүд хамт сургахгүй гэхчлэн ялгаварлах тохиолдол бий. Аутизмтай хүүхдийг бусад хүүхдүүдтэй хамт суралцуулах бүрэн боломжтой. Хүүхдэдээ ойлголт өгдөг сайн эцэг, эхчүүд ч бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хамт суралцах нь хүүхдүүдэд сөргөөр нөлөөлдөггүйг батлах судалгаа олон бий. Тухайлбал, хүүхдүүд тусч, энэрэнгүй, манлайлах чадвартай болдог. Мөн сургуулиа төгсөөд, ажлын байран дээр гарахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах чадамжтай болдог. Түүнээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээс болж хүмүүжил, сурлага нь муудах магадлал бага. Түүнчлэн аутизмтай хүүхэд бусад хүүхдүүдтэй хамт сургууль, цэцэрлэгт хамрагдсанаар нийгмийн нэг хэсэг гэдгээ ойлгож, өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Тэгэхээр аль аль талдаа давуу талтай.
-Аутизмын тохиолдол дэлхий даяар нэмэгдэх хандлагатай байгааг олон тоо, судалгаа гэрчилж байна. Үүний шалтгааныг тайлбарлахгүй юу?
-Гаднын улсуудын хувьд ч, мэдээлэл сайжирсантай холбоотойгоор аутизмын тохиолдол нэмэгдэж байгаа. Гэхдээ өөр хүчин зүйлээс шалтгаалаад тоо нь нэмэгдээд байна уу, оношилгоо сайжирсантай холбоотой юу гэдэг маргаантай сэдэв. Манай улсын хувьд ч мэдээлэл сайжирсан учир эцэг, эхчүүд оношлуулах нь элбэг болсон.
-Аутизмтай хүүхдүүд эхнээсээ хөдөлмөрийн насан хүрч байна. Тэгэхээр хөдөлмөр эрхлэлтийн асуудал хөндөгдөж таарах нь. Энэ тал дээр ямар бэрхшээл байгаа талаар дэлгэрүүлэн ярилцъя?
-Тийм ээ. Аутизмаар анх оношлогдсон хүүхдүүд эхнээсээ их сургуулийн насанд хүрсэн. Хөдөлмөр эрхлэх насан дээрээ ирж байгаа учир хөдөлмөр эрхлэлт гэдэг шинэ асуудал хөндөгдөнө. Манай Улс Япон Улсын ЖАЙКА Олон улсын байгууллагатай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг 2021-2025 оны хооронд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд жуучлах Job couch гэх мэргэжилтэн бэлтгэж гаргасан. Job couch буюу ажлын байрны дадлагажуулагч гэх мэргэжлийг мэргэжлийн нэршлийн жагсаалтад оруулсан. Job couch нь хөдөлмөр эрхлэлтийн дэмждэг мэргэшсэн ажилтан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэний харъяалагдах ажлын байран дээр тодорхой хугацаанд ажиллаж, тогтвортой хөдөлмөр эрхэлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлдэг. Мөн, хамт олонтой нь нягт холбоотой хамтран ажиллаж, ажлын агуулга, хамт олны болон дэд бүтцийн орчин, ажилд авахад тавигдах шаардлага зэрэг орчны хүчин зүйлсэд анхаарал хандуулж , хөдөлмөр эрхлэхэд ээлтэй ажлын байрны орчныг бүрдүүлэхтэй холбоотой зохицуулалт хийдэг. Тэд аутизмтай иргэдийг ажилд зуучилж, ажилчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ажил олгогч, байгууллага хоорондын гүүр болж ажиллах юм.. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байран дээрх шаардлагатай тохируулга, дэмжлэгийг хийгээд өгчихвөл бэрхшээл биш болно.
-Аутизмаар оношлогдсон хүүхдүүдийн 70 гаруй хувь нь нийслэлд байна. Энэ нь нутагт оношилгоо хангалтгүйтэй холбоотой юу?
-Манай холбоо эцэг, эхчүүд, багш, мэргэжилтнүүдэд зориулсан 10 гаруй гарын авлага гаргасан. Тэдгээрээсээ өрх, дүүрэм, аймаг, сумдын эмнэлгүүдэд тараасан. Тэндээс мэдээлэл аваад эмч нар хүүхдүүдийг оношилж, мэдээлэл өгөхийг үгүйсгэхгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?