| |
Улс төрд учир шалтгаангүй үйл явдал гэж байдаггүй. Цаана нь юу байна гэдэг хамгийн чухал. Төсвийг өөрчлөх боломжит хугацаа өнгөрч батлах нь нэгэнт тодорхой болсны дараа гишүүд яагаад гэнэт шүгэлдэв?
Сошиал сэвэлт яагаад тийм хүчтэй байв?
Хэн хаанаас чулуу шидэв?
Энэ хэдэн үгийг хэд хоногийн өмнө хэлж байсан даа.
Үүний учир өдрөөс өдөрт тодорч байна.
Төсвийг улс төрийн зодооны хэрэгсэл болгосноор маш муу үр дагавартай туллаа.
Өмнө нь сануулж байсанчлан Олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн төсөөллөө бууруулна. Хөрөнгө оруулалт хумигдана. Төсвийн хөрөнгө оруулалт саарна. Төсвөөр хийх байсан бүтээн байгуулалтуудыг заавал гаднын зээлээр гүйцэтгэх шаардлага үүснэ. Хувийн хэвшил, бизнесүүд өөрсдөдөө оногдох төсвийн 2 их наяд гаруй төгрөгөөс сална. Эдгээр эрсдэл тулсан. Гэвч хараахан туулаагүй, одоохондоо бид үүний өвдөлтийг мэдрээгүй учраас холын зовлон гээд ойлгочиход болно.
Тэрнээс өмнөх ойрын том зовлон нь төсөв тойрсон асуудлаас болоод Монголын төр түгжрээнд орчихлоо. Үндсэн хуулийг давчихав уу ч гэж харагдаж байна.
Юунаа болов? УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 69.1-т “Улсын төсвийн төслийг УИХ 10 сарын эхний 7 хоногт хэлэлцэж эхлэх ба 11 сарын 15-ны өдрийн дотор дөрвөн үе шаттайгаар хэлэлцэн батална” гэж заасан. Энэ дагуу дараа оны төсвийг Засгийн газар 2024 оны 8 сарын 30-нд өргөн барьсан. Төсвийн хэлэлцүүлэг шувтрах үеэр зарим гишүүн шүгэл үлээсэн. УИХ 11 сарын 8-нд баталсан. Давхар 2025 оны төсвийг 2024 оны 12 дугаар сард тодотгох 41-р тогтоолыг баталсан. Ерөнхийдөө төр эндээс л түгжирчихсэн. Үүнтэй холбогдуулж л Ерөнхийлөгч 11 сарын 20-нд хориг тавьсан. Хориг тавихдаа “УИХ 2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоол гаргасан. Энэ нь ирэх оны төсөв Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй гэдгээ УИХ хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж Ерөнхийлөгч үзлээ. 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөл бий болгосон” гэсэн нь маш ноцтой юм. Хэрвээ асуудал Үндсэн хуулийн Цэцэд очвол УИХ гарцаагүй тарах нөхцөл үүсчихсэн гэсэн үг.
УИХ 11 сарын 22-нд хоригийг хүлээж авсан. Тэгээд төсвийг засахаар суув. Тийм хуультай. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно”, 90.9-д “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж заасан. Энэ нь Ерөнхийлөгчийн хориглосон хуулийг засаж өөрчлөөд дахин батлах тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн хоригийн дараах 2025 оны төсөв УИХ-ын хариуцах ажил болчихсон. Гэвч УИХ-аас 11 сарын 29-нд “2025 оны төсөвт Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээн авч хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны 12 сарын 10-ны өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгах” тогтоолыг гаргав. Мөн өдөр Засгийн газар хуралдаад “Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төсвийн тухай хуульд энэ тохиолдолд улсын төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэрхэн өргөн мэдүүлэх талаар зохицуулалт байдаггүй. Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу Засгийн газар есдүгээр сарын 1-ний дотор дараа оны улсын төсөв, холбогдох бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулсан. 2025 оны улсын төсөв, холбогдох бусад хуулиудын төслийг 2024 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ” гэсэн хариуг УИХ-д өгчээ.
Тиймээс ирэх өдрүүдэд УИХ энэ мухардлаас яаж гарах вэ? Мухардлаас нэг удаа гарлаа гэхэд цаашдын үр дагавар, энэ муу жишгийг хэрхэн засах вэ? Ерөөсөө анхнаасаа яагаад ийм явдал өрнөсөн бэ?
Энэ бүхнийг хамтад нь бодох шаардлагатай.
Нэг сонин давхардал ажиглагдсан. Гэхдээ энэ бол тохиолдол биш. 2024 оны 11 сарын 4-нийг ярих гэж байна. Тэр өдөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Б.Түвшин, Ж.Баярмаа нар Төрийн ордонд төсвийн эсрэг шүгэлдэв. УИХ-ын гишүүд ингэж Ордны “бослого” эхлүүлж байх тэр үед Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг хийхээр Хятадын Шанхай хотод бууж байв. Маргааш нь хэлэлцээрт гарын үсэг зурсан. Монголд ч Ордны “бослого” улам даамжирсан. Төсвийн хуулийг намнаж төрийг түгжрээнд оруулж авлаа. Дараа нь Танхимын Ерөнхийлөгчийн сонгуулийг дамжуулан бужигнуулав. Яагаад?
Ажиглаад байхад энэ бол Монгол, Хятадын Засгийн газар дундаа зуучгүйгээр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг хийсэнтэй холбоотой нь тодорхой. Өөрөөр хэлбэл гэрээний эсрэг байсан хүч бүлтэрч гарч ирж байна. Засгийн газар хоорондын зуучгүй гэрээ яригдангуут зуучлагч нар, тээврийн бизнесийн бүлэглэл нэгдэж үймүүлж байна.
Ер нь 2003 онд л Засгийн газар хоорондын зуучгүй гэрээ хийчих боломж үүсчихсэн ч дунд нь заавал эрх ашиг, сонирхол оруулах гээд үзчихсэн. Хоёр улсын Засгийн газар хийчих гэрээний дунд нь зуучлагч орчихсон хэрэг. Өнгөрсөн он жилүүдэд одоо яригдаж байгаа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Тавантолгойн ордыг ашиглах Монгол, Хятадын хэлэлцээрийн дунд нэг компани явсан. Тэгээд л энэ төсөл олон жилийн турш гацсан. Энэ Д.Энхтүвшин л гэхэд тэр зуучлагч компанийг удирдаж байсан. 1997-2022 онд Дэд ерөнхийлөгчөөр нь ажилласан байдаг.
Ажиглагч А.Батболд
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?