| |
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж зарим асуудлыг шийдвэрлэсэн байна. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 589 мянган хүн хамрагдсан байна. Иргэдийн нэмэлт тунд хамрагдах идэвх нэмэгдэж байгаа аж.
Тиймээс Засгийн газрын зүгээс зорилтот бүлэг буюу 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нэмэлт гуравдугаар тунд хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, бүх төрлийн хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн нээхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ сарын 23-ны байдлаар нийт хүн амын 69.4 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, 18 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа гэнэ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар мэдээлэл хийсэн юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Нэмэлт тун үр дүнтэй гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч байгаа. Тухайлбал, Израйль улс нийт хүн амынхаа 30 хувийг гуравдугаар тунд хамруулснаар халдварын тохиолдол 80 хувиар буурсан. Их Британи улс гэхэд хүн амынхаа 20 хувийг хамруулснаар тохиолдлын тоо арван хувиар буурсан. Эрүүл мэндийн байгууллага 9-10 сард халдварын дараагийн давалгаа ирнэ гэдгийг тооцоолж, наймдугаар сарын 16-наас эхлэн вакцинжуулалтын гуравдугаар тунг иргэдэд хийж эхэлсэн. Өнөөгийн байдлаар гуравдугаар тунд 589 мянган иргэн хамрагдаад байна. Энэ нь зорилтот бүлгийн 28 хувь юм. Зорилтот бүлгийн 50 хувь гуравдугаар тунд хамрагдвал шар түвшин рүү шилжих боломжтой. Үүнийг дагаад хориглосон арга хэмжээнүүд цуцлагдана гэсэн үг. Ерөнхий боловсролын сургууль, 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт авах боломж бүрдэнэ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдтай тохиролцож, ярилцсан” гэжээ.
Тэгвэл УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Манай улсад КОВИД-19-ийн халдварын тоо буурч байна. Энэ нь нэмэлт тунгийн дархлаажуулалт идэвхтэй хийгдэж байгаатай холбоотойгоор тайлбарлаж байна. Зорилтот бүлгийн 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдсан тохиолдолд улбар шар түвшнээс шар түвшинд шилжинэ гэдгийг өмнө мэдээлж байсан. Одоо мөрдөгдөж буй Засгийн газрын 118 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, хүн хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлах түр журам бий.
Уг журмын дагуу халдварын тархалтыг дөрвөн өнгөөр буюу дөрвөн түвшинд тогтоосон. Анх тогтооход вакцинжуулалт манай улсад хийгдээгүй байсан бол одоо байдал харьцангуй өөрчлөгдсөн байна. Иймд журамд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгаа ба ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар журмын төслийг оруулж хэлэлцүүлнэ.
Тодруулбал, өнөөгийн улбар шар түвшинд 18 үйл ажиллагааг хязгаарласан байсныг тодорхой үе шаттай нээгээд явсан. Шинээр боловсруулж байгаа төсөлд улбар шар түвшинд ААН байгууллагуудад тавигддаг тодорхой хязгаарлалтыг шар түвшинд шилжихэд сулруулна. Жишээлбэл, танхимын дүүргэлтийн хязгаарлалт тавихгүй, хариуцлагын гэрээг зарим тохиолдолд хийхгүй зэрэг өөрчлөлт бий. Түүнчлэн хичээл сургуулийн үйл ажиллагаа 100 хувь танхимаар, дараа нь цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийг хамрагдуулах гэх мэт зохицуулалтыг нэмэлт тунгийн хамрагдалтын хувьтай уялдуулан үйл ажиллагаа үе шаттай сулруулж явна. Аль болох хэвийн, энгийн амьдрал руугаа эргэж орох боломж бололцоо бүрдэнэ” гэсэн байна.
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2021 оны ургацын урьдчилсан дүнг танилцуулжээ. Урьдчилсан дүнгээр 605.6 мянган тонн үр тариа, үүнээс 567 мянган тонн улаанбуудай, 181.5 мянган тонн төмс, 118.6 мянган тонн хүнсний ногоо, 302.5 мянган тонн тэжээлийн ургамал, 53.6 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгаа аж. Энэ нь 1989-1990 оны түвшинд хүрсэн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулахад үр тариа 173 мянга, үүнээс улаанбуудай 155.8 мянга, тэжээлийн ургамал 130.8 мянга, тосны ургамал 32.3 мянга, хүнсний ногоо 3,6 мянган тонноор тус тус ахиу болж байгаа юм байна.
Мөн шинэ ургацаас гурилын үйлдвэрлэлд 300 мянга орчим тонн хүнсний улаанбуудай авахаар болжээ. Нийт буудайн нөөцөөр тооцвол 2021-2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой болсон гэж танилцуулгад дурдсан байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?