| |
Сонгуулийн хуульд заасны дагуу хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгууль явуулах тов, тойргийн хуваарилалтыг УИХ-аар шийдэх ёстой. Сонгуулийн тогтолцоо тодорхой болсноос хойш нийслэлийн 28 мандатын 4-ийг МАН-ынхан орон нутаг руу хуваарилах гэж байна, тэд мэдээлэлд ойр нийслэлчүүдээс зугтааж байна гэх мэдээлэл байсан. Тэгвэл үүнийг өчигдөр бататгаж мэдээлэл хийсэн.
МАН-ын бүлгийн хуралдааны дараа эрх баригчдын зүгээс улсын хэмжээнд 29 тойрог, 76 мандат байхаар санал нэгдсэн тухайгаа мэдэгдлээ. Тодруулбал, аймгуудад 20 тойрог, 52 мандат байхаар, нэг тойрогтой байсныг хоёр болгосон гэлээ. Дундговь, Говь-Алтай, Булган, Сүхбаатар дөрвөн аймгийг хоёр мандаттай болгож, Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэхээр тохирчээ. Харин нийслэлийн хувьд 9 тойрог, 24 мандаттай буюу Баянзүрх, Сонгино хайрхан дүүрэг тус бүр таван мандаттай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд тус бүр гурван мандаттай, Налайх, Багануур, Бага хангай дүүрэг нийлээд хоёр мандаттай нэг тойрог байна. Үүнийг намын Удирдах зөвлөлөөс шийдсэн, бүлэг ч дэмжсэн хэмээж байлаа.
Харин АН-ын зөвлөлийн хувьд нэр хуваарилалтыг эсэргүүцэж буйгаа эртнээс мэдэгдсээр ирсэн. Арга ч үгүй юм. МАН-ынхан өнгөрөгч сонгуулиар татвар, татаас нэмэхгүй гэх мөрийн хөтөлбөрөөс гадна ЖДҮ, концесст гишүүд нь нэр холбогдож, үнэмлэхүй олонх болсон боломжоо зөвхөн өөрсдөдөө ашиглаж, олон нийтийн төлөө юу ч хийгээгүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс мэдээлэлд ойр байдаг нийслэлчүүд тэдэнд санал өгөхгүй учраас ийн тойргийн хуваарилалтыг өөрчилж, хөдөө рүү чиглүүлж байгаа биз.
Харамсалтай нь АН-ын зөвлөлийнхөн хэчнээн эсэргүүцээд МАН-ын бүлгийнхэн хуулийн хугацаагаар далайлган, олонхоороо хүч түрэн энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар сонгуулийн тойрог, мандатын тоог хэлэлцэн тохирсноороо явуулах нь ээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?