| |
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан сонгууль болохоос ердөө сар гаруйхны өмнө хуулиндаа гар дүрсэн. Эл үр шимээр жижиг 76 тойргоор сонгууль явагдахаар болж, улстөрийн намууд нэр дэвшигчдээ зарлах хугацаагаа хойшлуулаад буй. СЕХ-ноос өчигдөр УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа.
Үндсэндээ СЕХ-ны хорооноос боловсруулсан тойргийн хуваалт эрх баригч намын байр суурьтай нийцэж байгаа. АН жагсаалтын 28 мандатыг 14:14 харьцаатайгаар Нийслэл, орон нутагт хуваах хүсэлтэй байв. Харин МАН-ын хувьд орон нутагт 20, Нийслэлд 8 гэсэн өмнөх байр сууриа зөөллөж, 16:12 харьцааг санал болгоод байсан юм.
Сонгуулийн ерөнхий хорооноос өмнө нь сэтгүүлчдэд тайлбар хийхдээ хүн амын тоонд харгалзан тойргийн мандатыг хуваарилах учиртай. Хот, хөдөө гэсэн хатуу ялгаа тогтоохоор эргээд Үндсэн хууль хүртэл зөрчих аюултайг онцолж байсан. Энэ ч үүднээс СЕХ хүн амын тоог харгалзан жижиг 76 тойргийг хуваасан нь илтэд харагдаж буй юм. Хуваалт хийхдээ 80 мянгаас дээш хүн амтайд 3 мандат, 70-аас дээшид нь 2, 60 мянга ба түүнээс доош оршин суугчидтай аймагт нэг мандат байхаар тооцсон нь харагдана.
Тодруулбал, хүн ам харьцангуй ихтэй аймгууд болох Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Завхан, Орхон, Хэнтий гэсэн 12 аймгийг гурван мандатад хувааж. Харин Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Увс гэсэн гурван аймгийг хоёр мандаттай байхаар тооцсон байна. Үлдсэн Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь зэрэг таван аймаг ердөө нэг мандаттай байхаар тогтоолын төслөө боловсруулжээ.
Энэ хуваалт орон нутагт үзэхээр дөрвөн жил битүү мөрөөдсөн улсуудын заримыг нь баярлуулж, заримынх нь боломжийг салхинд хийсгэж буй. Тиймээс ч олон нийт янз бүрийн өнцөгөөс хүлээн авч байна.
Харин Нийслэлийн тухайд 28 мандат парламентийн суудал горилогчдод харьцангуй баярлууштай хуваарлигдсан гэж болно. Хүн амын нягтрал хамгийн дүүргүүдэд багтдаг Баянзүрх, Сонгинохайрхан тус бүр зургаан мандат эзэмшинэ. Түүгээр ч зогсохгүй Хан-Уул,Чингэлтэй, Баянгол дүүргүүд дөрвөн мандатын эрхтэй. Тэгээд Сүхбаатар гурав, Налайх, Багахангайд хамтдаа нэг мандат.
Гэвч СЕХ-ноос боловсруулсан эл тогтоолын төсөл эцсийн зогсоол биш. УИХ дээр өөрчлөгдөж болно. Чухам орон нутагт, тэр дундаа ганц мандаттай тойрогт өрсөлдөх эрхмүүд ийм үгээр өөрсдийгөө багахан ч гэсэн тайвшруулж суугаа. Ер нь бол зайлшгүй эргэж харах хэрэгтэй хуваарлилтууд өчнөөн цохиж явааг уншигч та ч анзаарна.
Ухаандаа төрийн ордноос гучин минут түгжрээд хүрчих Баянзүрх дүүргээс парламентад зургаан гишүүн сууна гээд бод. Нөгөө талд асар уудам нутагтай мөртлөө цөлжилтийн асуудал нь хүндэрч, шилжилт хөдөлгөөнөөрөө тэргүүлдэг Говь-Алтай аймгийг төлөөлж ердөө нэг гишүүн сонгогдох нь.
Зургаан хүний асуудал лоббидон зүтгүүлэх, тойрогтоо ажил хийх хүчийг НЭГ хүнтэй зүйрлүүлэх ч юм биш. Нэг гишүүнтэй аймгууд төсөв хэлэлцэх үеэр жинхэнэ жийгдэнэ. Тэгэхээр бүтээн байгуулалтын хамаг мөнгөн зардлууд олон гишүүнтэй тойргууд руу урсана гэсэн үг. Товчхондоо бол Нийслэлд гэсэн үг.
За тэгээд, тойрогт ажиллах зардал, хүн амдаа хүрэлцэх зэрэг асуудлыг төсөөлөхөд ч бэрх. Говь-Алтайн нэг гишүүн нь Нийслэлээс 1300 гаруй км давхиад аймгийн төвдөө очно. Тэндээсээ сумдадаа ажиллана. Хүн амын тоо нь Баянзүрх дүүргийн нягтаршил ихтэй 2-4 хороотой дүйцэх ч тархан суурьшсан хэлбэрээрээ асар зөрүүтэй.
Яг энэ үүднээс СЕХ-ны боловсруулсан тойрог хуваалтын тогтоолын төсөл УИХ дээр ихээхэн маргаан дагуулахаар харагдаж байна. Өчигдөр өргөн баригдсан даруйдаа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэгдэхээр байсан уг тогтоолын төсөлд намын бүлгүүд ч ихээхэн болгоомжтой хандаж буй юм. Намын бүлгүүд албан бус байдлаар дарга нарынхаа өрөөнд уг асуудлаар уулзацгааж, нэлээд халуухан маргаан дэгдээв. Мөнхүү Зи даргаас батлагдаагүй хуулиар сенсааци хийхгүй байх шахалт хүртэл гишүүдэд ирээд амжлаа.
Ямартай ч Нийслэлд элэгтэй, мандатын тоог өсгөх эрмэлзэлтэй эрх баригч намд бас орон нутгаас сонгогдох гишүүд ч бий гэдийг санах нь зүй юм. Сөрөг хүчин эл асуудал дээр нэлээд нухацтай хандах нь тодорхой билээ.
Ж.Мядагбадам
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?