| |
Хонин жил ихэс дээдэст ширүүхэн эхэлж байна, төрийн өндөрлөгүүд бадар барихаас эхлээд зарим ихэс дээдсийг АТГ шалгахыг нь шалгаж, хорихыг нь хорьж эхэллээ. Тэр ч бүү хэл ялынхаа хугацааг дуусгаад буй экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ч ахин шалгахаар улайрсан мэдээлэл ч байна. Өчигдөрхөн Ерөнхий сайдын суудалд заларч байсан Н.Алтанхуяг, түүнийг тойрон хүрээлэгчдийн багийг ч АТГ онилоод авчээ. "Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийг шалгахаар цагдан хорилоо. Сэнтий өндөр газарт ийм л үйл явдал өрнөж байна.
Гэтэл саяхан хошин шогийн төдийгүй тайз дэлгэцийн нэгэн сод хөвүүн Амбий, хөгжмийн ертөнцийн нэгэн гэгээн аялгуу С.Мөнхбат нар бурхны оронд одлоо. Үүний зэрэгцээ дөрөвхөн настай үрээ хөнөөсөн гэх зэрэг аймшигт мэдээлэл дунд энэ долоо хоног шилээ харууллаа.
Үхэл хагцал өөрөө энэ амьдралын жам юм даа л гэж цагаатгахаас биш цаг бусын үхэл гэгч юутай аймшигтай вэ. Гэтэл амьдрал ахуйд амьдын хагцал үзүүлж буй энэ олон баривчилгаа чухам юуных вэ. Хууль бус зүйл хийж байхад нь толгойг нь илчихээд хийсэн хойно нь шийтгэж улайрдаг байдал улам л лавширсаар. Өнөөдөр сүүдрээсээ хүртэл цочих нь халаг амьдарч байна, энэ Монгол Улс. Үй зайгүй үерхэсэн анд нөхөд хүртэл өвөр зуураа үг хэлээ цэнэх болов. Цөвүүн цагийн дохио гэгч л энэ байх даа.
"Эрдэнэс Тавантолгой”-н захирлыг баривчилсан нь зөвхөн түүнд хариуцлага тооцох гээд байгаа хэрэг биш гэдэг нь тодорхой зүйл. Үүгээр төлөвлөгөөт ажиллагаа эхэлж байхыг үгүйсгэх арга алга. "Эрдэнэс Тавантолгой”-н захирлыг цагдан хорьж шалгах үндэслэл нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн охины тендерт мөнгө гаргаж өгсөн хэрэг бололтой юм. Тиймээс ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг шалгах нь зүй ёсны хэрэг болжээ.
Үндсэн санаа нь зөвхөн Г.Дэнзэн биш гэдэг нь тодорхой л доо. Эрх баригч намын томоохон фракцийг толгойлдог Н.Алтанхуяг үүнд оролцсон болж таарна. Яах аргагүй экс Ерөнхий сайд шалгуулна. Үүний зэрэгцээ "Чингис” хэмээх бондын мөнгө босгож цагтаа галзуурч явсан Эдийн засгийн хөгжлийн сайд асан ч шалгагдах багт бүртгэлтэй нь дамжиггүй. Шуудхан хэлэхэд Н.Алтанхуягийг өнгөрөгч хугацаанд тойрон хүрээлсэн олон хүн үүнд хамрагдана. Цагтаа инээд алдан тамга гардаж байсан нөхөд өнөөдөр уйлан байж ялын тогтоол гардах нь ойлгомжтой болж байх шиг.
Г.Дэнзэн ямар их баяр хөөртэй ЗГХЭГ-ын дарга болж байв даа. "Фортуна” Н.Батбаяр хичнээн баяртайгаар сайдын тамга гардаж байсан нь өдгөө ч хэвлэлийн архивт бий. "Эрдэнэс Тавантолгой”-н захирал ч Төрийн өмчит компани удирдах болсондоо ямар их баяртай байсныг төсөөлөхгүй биз ээ. Тэгвэл өнөөдөр бүгд эрүү үүсгэсэн тоглоол, ялын төлөвлөгөө л гардаж авах болж байна даа.
Улстөрийн тусгай төлөвлөгөөгөөр хөллөсөн энэ их баривчилгааны ажиллагаа чухам хаана хүрч зогсохыг хэн ч үл мэднэ. Чухам хэн хэнээр дамжиж хэн дээр төгсөх вэ гэдэг нь ч таашгүй зүйл.
unen.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?