| |
Монголчууд анх удаа бүрэн эрхээ эдлэн, чөлөөт сонгууль явуулж, төр, засагт өөрийн төлөөллөө толгой мэдэн сонгосон анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ой маргааш тохионо. Уг ойг тэмдэглэх ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар гардаж байгаа бөгөөд ойн хүрээнд зохион байгуулж буй Олон улсын хүндэтгэлийн хурал болон бусад арга хэмжээний талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэв.
Хүндэтгэлийн хуралд анхны ардчилсан чөлөөт сонгуульд оролцож байсан нэр дэвшигчид, уг сонгуулийн үр дүнд байгуулсан Улсын бага хурлын гишүүд хүндэт зочин болохоос гадна гадаадын арваад орны 100-гаад зочин, төлөөлөгч уригдсан юм байна. Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн хүндэтгэлийн хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлэх бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ арга хэмжээнд оролцоно. Хүндэтгэлийн хурлын дараа Цонжин болдогт бэсрэг наадам хийж, хүндэт зочдыг Ерөнхийлөгч "Их тэнгэр"-т хүлээн авах аж.
П.Цагаан энэ ойг тэмдэглэх болсон тухайгаа "Манжийн дарлалд 200 гаруй, Оросын хяналт дор 70 жил, нийтдээ 300 жил бусдын эрхшээлд байсан Монгол Улсад ардчилсан хувьсгал ялснаар тусгаар улсын бүрэн шинжийг олж, өнөөдөр бүс нутагтаа үлгэр жишээ болсон ардчилсан орон гэгдэж байна. Ардчилсан хувьсгалын ялалтыг 1990 оны долоодугаар сарын 29-нд болсон сонгууль баталгаажуулсан. Сонгуулийн үр дүнд анхны байнгын ажиллагаатай парламент байгуулж, шинэ үндсэн хуулийнхаа төслийг боловсруулж байлаа. Анхны ардчилсан сонгуулиас хойш 25 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд бид юун дээр онож, юуг алдав, ардчиллын өнөөгийн дүр төрх ямар байна, засаж залруулах, боловсронгуй болгох, ташуурдаж хүч өгөх нь юу вэ гэдгээ энэ өдрүүдэд ярилцаж, өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөх болно” гэлээ.
Зохион байгуулагчид 1990 оны сонгуулийн гухай баримтат кино бүтээж, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэхээр ажиллаж буй аж. Мөн долоодугаар сарын 29-нийг тэмдэглэлт өдөр болгох санал гарсан, Засгийн газар үүнийг дэмжвэл цаашид жил бүрийн энэ өдөр чөлөөт, ардчилсан сонгуулийн ойг тэмдэглэдэг болох талаар ярилцаж буйгаа дуулгасан.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?