| |
Одоогоос 25 жилийн өмнө монголчууд анх удаа нийтээрээ төрийн эрхийг барив. Энэ бол 1990 оны ардчилсан чөлөөт сонгууль. Энэ сонгуулиас хойш зургаан удаа сонгууль явуулж, санал өгчээ.
Анхны юм болгон сайн болдоггүй. Түүн шиг анхны сонгууль ч бас төгс байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ миний, чиний, таны өгсөн саналаар засаг төрийг сонгон байгуулсан нь хамгийн том ардчилал байсан юм.
1980-аад оны сүүлчээс улстөрийн өөрчлөн байгуулалт болж, шилжилтийн үе эхэлсэн. 1990 оны анхны чөлөөт ардчилсан сонгуулиас хойш 1992, 1996, 2000, 2004 оны сонгуулиудын үед "сонгогчдын ходоодтой ажиллах” технологийг намууд, нэр дэвшигчид ихээхэн хэрэглэж байсныг судлаачид хийгээд баримтууд өгүүлдэг.
Тэр үед Монголын эдийн засаг хэцүү, ард түмний амьдрал сайн байсангүй. Нэр дэвшигчид мөнгөн хандивыг хяналтгүй авч, урлагийн тоглолтууд дагуулан тойргоороо явдаг байв. Мөн айлуудад гурил будаа, мөнгө тарааж саналыг шууд худалдан авдаг байсан гэхэд болно. Хэн сайн тараасан, хэн их мөнгөтэй нь сонгуульд ялж байсан жишээг дурдаж болохоор байна. Ерөөсөө л XX зууны сүүлч, XXI зууны эхэн үеийн Монголын төрийн бүх шатны сонгуулийн дүр зураг иймэрхүү л байсан. Үүнийг л ходоодоороо сонгох гээд байгаа хэрэг.
Харин 2008 оноос Монголын эдийн засгийн чадавх сайжирч эхэлсэнтэй холбоотойгоор сонгуулийн "чанар” ч бас дээшилсэн. Хүмүүс ходоодоороо бус тархиараа сонголтоо хийдэг болов. Шилжилтийн эхэн үеийг бодвол иргэдийн мэдээлэл авах боломж ихээхэн нэмэгдэж, нэр дэвшигчийн хэн нь хэн бэ гэдэг талаар сонгуулийн сунгааны хэдхэн хоногт бус бүтэн дөрвөн жилийн турш мэдэж байх боломж бүрдлээ. Мөн уут гурил, таван төгрөгөөр санал худалдан авах оролдлого сонгогчдын хувьд доромжлол болж харагдаад эхэлсэн. Тиймээс УИХ энэхүү хар хор дагуулсан үйлдлийг таслан зогсоохоор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулан бэлэг сэлт, шоу урлагийн цэнгүүн зохион байгуулахыг хориглож чадсан юм.
Үүнээс гадна сонгуулийг сонгогчдын саналын хамааралгүйгээр шийддэг явдал байв. Эрх баригчид хүссэн тойрогтоо ялалтаа авч саналын дүнгийн харьцааг санаснаараа "зурж” байсан нь олон баримтаар нотлогдсон байдаг. Өөрөөр хэлбэл 1990-2008 оны сонгууль хүртэл санал хураалт, саналын хуудас, тооллоготой холбоотой гомдлууд шүүхэд олноороо очдог байв. Тэр үед сонгогчдын саналыг гараараа тоолдог байлаа. Тооллогын комисст нь эрх барьж буй намаас тохоон томилсон төрийн албан хаагчид ажиллаж байсан нь энэ харыг улам бүр ихэсгэдэг. Тэр хэрээр санал хураалттай холбоотой гомдол тасарна гэж үгүй. Тиймээс 2008 оноос санал тоолох хар аргыг халж, орчин үеийн тоолдог төхөөрөмж ашигладаг болов. Тэрийгээ санал тоолдог "хар машин” гэнэ. Энэ бол ардчилсан сонгуулийн 25 жилийн түүхэнд гарсан томоохон ахиц юм.
Ийнхүү сонгуулиас сонгуульд алдаанаасаа суралцан ахиц, амжилт гаргасны дүнд манай улс олон улсын хурал, арга хэмжээг эх орондоо зохион байгуулах эрхтэй болоод буй. Нэг ёсондоо бид өнөөдөр дэлхийд тоогджээ. Тод жишээ гэвэл, ирэх 2016 онд бид АСЕМ-ыг даргалж, уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар болоод байгаа. Ази, Европыг холбодог энэ уулзалтад дэлхийн 53 орны төр, засгийн тэргүүн ирнэ. Тэр үед бид чөлөөт, ардчилсан долоо дахь удаагийн ээлжит сонгуулиа явуулж, саналаа өгсөн байх болно.
М.ГАНЦЭЦЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?