![]() |
Ширээг шампан дарсгүйгээр төсөөлөх аргагүй. Харин түүнийг хэрхэн зөв ууж, тансаг амтыг нь бүрэн мэдрэхийг мэддэг хүн ховор. Энэхүү эрхэм дарстай харьцахдаа бид ямар алдаа гаргадаг вэ?
Бөглөөг нь буудуулаад, амсарт нь бушуухан шиг хундагаа бариад, гялс тулгаад тэр дор нь нэг амьсгаагаар ууж байгаа л харагддаг. Гэтэл энэ бүх үйлдэл маань шампан дарсны хувьд байж болшгүй үйлдлүүд ажээ.
Алдаа № 1. Бөглөөг нь буудуулах
Шампан дарсыг буудуулж биш, "сэмээрхэн” онгойлгох ёстой гэнэ. Асуудал эмзэг бүсгүйчүүдийг цочоохгүй, эсвэл гэрлийн бүрхүүлийг хагалахаас болгоомжилж байгаадаа биш, харин шампанскийг буудуулж онгойлгоход нүүрсхүчлийн хийний ихэнх хэсэг нь гараад явчихдаг тул энэ нь дарсны амт чанарт ихээхэн гарз авчирдаг. Дашрамд хэлэхэд шампан дарс хэдий чинээ чанга буудаж байна, төдий чинээ муу чанартай нь харагддаг. Чанартай дарс "соёлтой, чимээгүй биеээ авч явах” ёстой. Сайн шампан дарсны бөмбөлөгүүдийн "тоглолт” 24 цагийн турш ч үргэлжлэх нь бий. Бөмбөлөгүүдийн хэмжээ ч бас их учиртай. Жижиг байх тусмаа сайн. Хэтэрхий том бөмбөлөгүүд хөөрч байвал энэ нь дарсны исэлтийн явцад үүссэн бус, хиймлээр нүүрсхүчлийн хийгээр хийжүүлснийг илтгэнэ. Бөмбөлөгүүд ижил хэмжээтэй байгаа бол бас сайн. Гэхдээ тэдгээрийн хэмжээг хундаганд хийгээд хэдэн минут өнгөрч, дарс хундаг хоёр ижил температуртай болсны дараа л харьцуулах учиртай. Дөнгөж хундгалсны дараа бол сайн шампан дарсны бөмбөлгүүд ч том жижиг байдаг юм.
Алдаа № 2. Хурдан хундгалах
Битгий яар. Шампан дарсыг онгойлгоод ядаж 3 минут болсны дараа хундгалах хэрэгтэй. Ингэвээс түүний амтны төгс байдлыг хадгалах нэг дэх алхам болно. Хундгалахдаа шилээ бага зэрэг тонгойлгож хундаганы ханыг дагуулж аль болох хөөсрүүлэхгүй хийнэ.
Алдаа № 3. Тохиромжгүй хундганд хийх
Шампан дарсны хундаганы асуудал нэлээд нарийн байдаг. "Хуурай”, өөрөөр хэлбэл чихэрлэг бус сортынхыг өндөр нарийхан хундаганд хийнэ. "Чихэрлэг” сортыг өндөр хөлтэй, аяга шиг далбигар хундаганд хийнэ. Зөв хундаганд хийвэл дарс аманд ороод зохих амтлах рецепторууд руу шууд хүрдэг. Хундагатай дарсыг хаанаас нь яаж барих гэж бас нэг шинжлэх ухаан байдаг. Мэргэжлийн амтлагчид хундаганы суурьнаас барьдаг. Баяр тэмдэглээд удаж байгаа, өөрөөр хэлбэл, аль хэдийн халамцуу болчихсон байгаа хүмүүс арай найдвартай байдлаар, хундаганы хөлнөөс нь барьж болох. Харин хундаганы их биенээс барина гэдэг л байж болшгүй асуудал. Шампан дарс конъяк биш, түүнийг алгаараа халааж хэрэггүй.
Алдаа № 4. Тагтан дээр гаргаж тавих
Энд хоёр буруу үйлдэл зэрэг хийгдэж байгаа юм. Нэгдүгээрт, шампан дарсыг босоогоор нь байлгадаггүй. Шилтэй дарс дандаа хагас хэвтээгээр, дарс нь бөглөөг норгосон байдлаар байх ёстой, тэгэхгүй бол шампан дарсны хөөсрөлт багасдаг юм. Мэдээж үйсэн бөглөөтэй, өөрөөр хэлбэл жинхэнэ шампан дарсны тухай энд ярьж байна. Жинхэнэ дарсыг хэзээ ч хуванцар бөглөөгөөр бөглөдөггүй. Хоёрдугаарт, өвөл тагтан дээр байгаа дарс хэтэрхий хүйтэн болно. Шампан дарсны амт бүрнээрээ мэдрэгдэх хамгийн тохиромжтой температур – 7 – 9 градус. Энэ температурт барих шилдэг арга бол - мөстэй ус хийсэн хувинд шилтэй дарсаа байлгах.
Алдаа № 5. Шоколадаар даруулах
Шампан дарсыг шоколадаар даруулж уудаг гэсэн буруу ойлголт хүмүүст байдаг. Энэ эрхэм дарсны тансаг амтыг шоколад "ална уу” л гэхээс сайжруулахгүй. Харин бяслаг, оливын жимс, далайн бүтээгдхүүн, тахианы цээжний цагаан мах, ангийн мах, жимсэн десертүүд, гүзээлзгэнэ, хан боргоцой дажгүй зохицно. Бүдүүлэг гэдгээ харуулъя гэвэл шампан дарсны араас дарсан сармис, давсалсан өргөст хэмх, давсалсан загас зэргийг идээрэй.
Алдаа № 6. Шампан дарс уухын өмнө уруулаа будах
Туршлагатай амтлагчид итгэлтэйгээр хэлдэг: шампан дарс бол маш тансаг, маш эмзэг дарс тул уруулын будаг өчүүхэн төдий хүрэхэд түүний баялаг амтыг өөрчилдөг гэж. Мэдээж, хэр баргийн хүн амтны ялгааг мэдрэхгүй л дээ, гэхдээ ямар ч байсан соёлтой байсан нь дээр. Ядаж л, хундаган дээр гарсан уруулын будагны мөр гоо зүйд зохицохгүй.
Алдаа № 7. Нэг амьсгаагаар уух
Шампан дарсны амтыг бүрэн мэдрэхийн тулд, балгаад - амандаа хэдэн секунд байлгаад залгидаг. Тиймээс, нэг амьсгаагаар ууна гэдэг нь энэ эрхэм тансаг дарсыг доромжилсон хэрэг болно. Ер нь балга бүрээс нь таашаал авч, амтлан уух нь дээр бус уу?
Дашрамд дурдахад
Шампан дарсыг бага хэмжээгээр уухад л сэтгэл санааг өөд татахаас гадна бие организмд ч ач тус нь ирдэг. Түүнд агуулагддаг танинууд холестерины түвшинг бууруулж, биеийн дархлааг сайжруулдаг. Магний нь ядралыг арилгаж, бие сэргээдэг. Шампан дарсыг зохиосон францчууд түүгээр ханиад болон гэдэс дотрынхоо хямралыг эмчилдэг.
Тоо баримт
Шампан дарсыг хамгийн их хэрэглэдэг орон бол Бельги улс гэнэ. Энэ улс нэг хүнд оногдох хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байна. Орос Улсад энэ дарсыг бараг л, зөвхөн шинэ жилээр л хэрэглэдэг аж. Жилийн борлуулалтын 45 % нь энэ үеээр хийгддэг гэнэ.
Бодит байдал
Шампан дарс хэмээх эрхэм алдрыг зөвхөн Франц улсын Шампань мужид ургуулсан усан үзмээр, яг тэнд нь үйлдвэрлэсэн оргилуун дарс л зүүх эрхтэй гэж үздэг. Хэдийгээр бусад улсад үйлдвэрлэсэн дарсыг хүмүүс шампанск гэдэг боловч, үнэндээ бол эдгээр дарсыг зүгээр л оргилуун дарс гэх нь зүйтэй.
Орос шампан дарс нэлээд чихэрлэг амттай байдаг нь Сталинаас болсон гэнэ. Тэрээр шампан дарсны үйлдвэрт шагнал өгөх үгүйг шийдэхээсээ өмнө дарсыг нь амсч үзсэн гэнэ. Тэгээд дэндүү исгэлэн амттай байна гэж голжээ. Шуурхай арга хэмжээ авч, дарсанд чихэр болон бага зэрэг ликер нэмсэн гэнэ. Сталинд энэ хувилбар нь ихэд таалагдсан тул Советское шампанское дарс энэ хувилбараар үйлдвэрлэгдэх болсон гэх яриа байдаг. Энэ явдал үнэн ч бай, худал ч бай, Советское шампанское дарсны чихэрлэг байдал нь Оросын болон бусад улсын хэрэглэгчдийн таашаалыг хүлээсэн дарс болоход саад болоогүй нь л үнэн.
Шошгон дээрхийг анхааралтай унш
Советское шампанское дарсны сорт 5 төрөл байдаг бөгөөд сахарын агууламжаараа ялгагдана.
Элдэв амт оруулагч нэмсэн гэж байвал энэ нь дарсны мууг л илтгэнэ.
Хэрэв "хийжүүлсэн” гэж бичсэн байвал ийм дарсыг аваад хэрэггүй: шампан дарс зөвхөн исэлтээрээ хийжсэн байх ёстой.
Шампан дарс гэрэлд мууддаг учраас заавал бараан өнгийн шилтэй байх ёстой.
Гадаадын үнэ ихтэй шампан дарсыг авахдаа N. M. үсэгнүүд байгаа эсэхийг хараарай. Энэ нь үйлдвэрлэгч, худалдагч хоёр нь нэг компани гэдгийг илтгэдэг. Үүнээс өөр үсэгнүүд байх юм бол жижиг үйлдвэрлэгч үйлдвэрлээд том компанид өгч, нэрээр нь заруулж байгаа гэсэн үг. Мэдээж энд чанарын ялгаа их байдаг.
"А и Ф” – аас орчуулав.
Ё. Одончимэг
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?