| |
Хүүхдийн баяр болох гээд хүн бүхэн хүүхдээ, дүү нараа баярлуулах гэж "хаана, юу” болж байгааг мэдэхийн тулд эрэл сурал болцгоодог. Тэр хэвээр үйлчилгээний байгууллагууд алив өнгөтэй өөдтэйгөө дэлгэн гаргаж худалдаалж байгаа нь төгрөгийн эргэлтийг энэ хэдэн өдрүүдэд эрчимжүүлсээр. Харин хичнээн хүүхдүүд өнөөдөр энэ түвшинд хүрч баярлаж, зугаалж яваа бол. Монголд хүүхдийн төлөө дуу хоолой болж ажиллаж яваа олон байгууллагуудийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэд төрийн эрх мэдлийг гартаа атгасан "том толгойтнууд"-ыг бодвол нийгэмд хэрэгтэй нэг ч гэсэн хүнийг нийгэмшүүлэх, бидний хойч ирээдүй үндэс минь болсон бяцхан үрсийг чадах ядахаараа баярлуулж, тэдний гэрэлт ертөнцийг харлуулахгүй гэсэн олон ачтай буянтай хүмүүстэй ярилцаж үзэл бодлыг сонсож явсан билээ.
Хүний нүд худлаа хэлдэггүйн адил хүүхдийн төлөө сэтгэлээ зориулж яваа энэ эрхэм хүмүүсийн нүднээс "Би заавал энэ ажлын ард гарч чадна. Үнэхээр хийе, зүтгэе, биелүүлэхийн төлөө” гэсэн чин сэтгэл харагддаг юм. Тэдний нэг Улс төр менежментийн академийн гүйцэтгэх захирал Э.Мөнхзул. Тэрбээр чадалтай нэгэн нь чадал дорой нэгнээ чирж, өвчин зовлонтой нэгэндээ эрвийх дэрвийхээрээ тусладаг өрөвч сайхан сэтгэлтэй ард түмэн бол Монголчууд шүү гэдгээр яриагаа эхлүүлсэн юм.
-Хүүхэд гэдэг хичнээн өхөөрдөм, ямар ариухан, хүнд хэмжээлшгүй аз жаргал бэлэглэгч гэдгийг эцэг эх болсон хэн бүхэн мэднэ. Дэвтрийн цагаан хуудсын шинэ нүүр шиг энэ гэгээлэг ертөнц рүү хэдийгээр орох болов?
-Би дунд сургуулийн сурагч байхаасаа л нийгмийн идэвхтэй урлаг соёл хөөцөлдсөн хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Улмаар СУИС-ийн Соёлын удирдагын чиглэлээр төгсч, мөн дээрээс нь "Хүмүүнлэг”-ийн Ухааны дээд сургуулийг бизнес удирдлагыг дүүргэсэн. Одоогоос 4 жилийн өмнө Улаанбаатар хотын музейд хөтөч хийж аяллын компанид ажилласан. Хэсэг хугацааны дараа найзуудтайгаа нийлж city tour хийж эхэлсэн. Ер нь шинэ соргог зүйл рүү их тэмүүлж түүнийхээ төлөө хөлөө газар эргэтэл явдаг тийм хичээнгүй зорилготой байж. 2004 онд хүүхдийн буддаг ном хийх санаа төрсөн. Мэдээж хэрэг эх хүн учраас хүүхэдтэйгээ зураг зурах, тоглоом наадгай тоглох хүүхдээ яаж зөв хүмүүжүүлэх үү гээд л асуудалтай тулгарна. Тухайн үед хүүхдийн буддаг ном их ховор байсан, тийм болохоор хүүхдээсээ санаа авч үүнийг ажил хэрэг болгож хүүхдийн буддаг зурдан ном хийх хэрэгтэй юм байна гэж зориглосон. Бас багахан зурах авьяасаа энд гаргасан л даа. Ингээд нийслэлийн бүх цэцэрлэгүүдээр явган явж, номныхоо 1000-аад захиалга авч дөрөв, таван дугаарыг амжилттай гаргаж байсан. Энэ мэтчилэн явсаар нэг мэдэхэд хүүхэдтэй холбогдчихсон. Тэгээд хүүхэд рүү чиглэсэн ийм сайхан ажлыг яагаад эхлүүлж, тэдний төлөө бага ч гэсэн хөрөнгө оруулалт хийж болохгүй гэж их бодсон. Бас залуу хүн байна, энэ нийгэмд чадах чинээгээрээ хүүхдийн төлөө гараа сунгая гэсэн бодлоор өнөөг хүртэл ажиллаж байна.
-Тун удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. "Сэлбэ” зусланд 1000 хүүхдийг үнэгүй амраах санаачлага гаргаж байгаа гэсэн. Энэ талаар яриагаа үргэлжлүүлье?
-Зуны сайхан өдрүүдэд хүүхдүүдийн хичээл нь амарчихсан, зуслан юм уу, гэр бүлтэйгээ лагерт эсвэл гэрийнхээ гадаа олон хүүхдүүд тоглож өнгөрөөдөг. Бид энэ удаад 1000 хүүхдийг сонгож "Сэлбэ” зусланд ямар ч үнэ төлбөргүйгээр долоо хоног амрах боломжийг олгож байгаа. Та бидний сайн мэдэх Маршал Чойбалсангийн санаачилгаар байгуулагдсан Монголын анхны пионерын зуслан. Улаанбаатар хотоос холгүйхэн байгалийн үзэсгэлэнт сайхан бүтэцтэй газар бий.
-Хүүхдийн зусланд багаар бодоход 7 хоногийн амрах төлбөр 160-170 мянган төгрөгийн ханштай. Тэгвэл нэг ч хүүхдээс мөнгө авалгүйгээр зусланд амраана гэдэг амаргүй. Ямар нэгэн хэмжүүр бий юу?
-Нэгэнт "Инээж буй нархан” төслийн хүрээнд хүүхдүүдийг баярлуулах гэж байгаа болохоор ямар нэгэн хэмжүүр тогтоохыг бодоогүй. Зусланд явахыг хүсдэг ч ар гэрийн боломж болоод эцэг эхийн цаг зав гардаггүй хүүхдүүд энэ төсөлд маань хамрагдах боломжтой. Мөн ихэнх хүүхдүүд зунжин гэрээ сахиж найзуудтайгаа гадаа тоглож өнгөрүүлдэг. Заримдаа эцэг эхчүүдийн хараа хяналтаас шалтгаалан хүүхдүүд замын хөдөлгөөнөөс болж бэртэх, байрны дээрээс хүнд юм унаж даруулах зэрэг амь насанд эрсдэлтэй газар өнөөдөр бид бүгдийн хүүхдүүд тоглож байгаа.
Өнөөдөр хүүхдийн тоглоомын төв болоод аюулгүй орчинд тоглох газар хуруу дарам цөөн шүү дээ. Тиймээс бид энэ төслийнхөө хүрээнд нэг ч гэсэн хүүхдийг цэвэр агаарт хүүхдүүдтэй тоглож наадуулахаас гадна сургалтын хөтөлбөр хүртэл багтсан байгаа. Хүүхдүүд ерөнхий эрдмийн мэдлэгээ сургуулиасаа, хүмүүжлийг гэр бүлээсээ авдаг. Тиймээс хүүхдүүдэд энэ талаарх сургалт явуулахаас гадна тэдний хайрлаж хүндэлдэг олны танил дуучид, жүжигчдийг уулзуулж амжилтад хэрхэн хүрсэн талаар хүүхдүүдтэй халуун яриа өрнүүлэх юм.
-Насны ангиллын хувьд хэдэн настай хүүхэд хамрагдах вэ. Дээрээс нь хэдэн ээлжээр 1000 хүүхдийг амруулах бол?
-Насны ангиллын хувьд өмнө нь огт зусланд явж байгаагүй 9-14 насны хүүхдүүдийг Улс төр менежментийн академийн байранд бүртгэнэ. Бид 1000 хүүхдийг таван ээлжинд хуваан амраах юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэлтэй хүмүүст 70116064, 98106064, 98096064 утсаар холбоо барих боломжтой гэдгийг хэлмээр байна.
-"Инээж буй нархан” төслийн ард хичнээн хүмүүсийн халуун сэтгэлийн тусламж дэмжлэг эзэндээ хүрч байгаа вэ. Их хэмжээний мөнгө санхүүжилтийг бүрдүүлнэ гэдэг амаргүй шүү?
-Манай төслийг дэмжиж бидний сайн мэдэх жүжигчин Д.Оюунтуул нэгдэж байгаа. Өөрөө ч мөн адил хүүхдийн баяраар Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд хандив туслалцаа үзүүлэх юм. Мөн дээрээс нь Улс төр менежментийн академийн мэргэжлийн багш нар, "Хамаг Монгол” мэргэжил сургалт үйлдвэрийн 20-30-иад багш, "Сэлбэ” зуслангийн хамт олон, миний ард дэмжиж явдаг шавь нар минь гээд нийтдээ 500-аад хүмүүсийн том баг бий. Цаашлаад дан ганц зардлыг даахад хэцүү учраас бид Үндэсний үйлдвэрлэгчдэд болоод хэвлэл мэдээллийн байгууллагыг хамтран ажиллаж дэмжээч гэсэн саналыг тавьж байгаа.
-Ойрын хоёр жилд ямар зүйлүүдийг хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?
Ирэх онд "Сэлбэ” зуслангийн үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаа. Энэ ойн арга хэмжээнд бид 75 бүтээлч ажил хийхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд хийгдэж буй ажил "Инээж буй нархан” төсөл юм. Манай төсөл ганц энэ жил хэрэгжээд дуусах биш цаашдаа ч гэсэн энэ төслийнхөө хүрээнд олон мянган хүүхдүүдийг хамруулах бодолтой яваа.
Бид зусланд 1000 хүүхдийг амраах зардлын тодорхой хувийг өөрсдөө гаргаж, үлдсэн хэсгийг хүүхэд багачуудад хайртай, сайн санаат хүмүүст хандаж цуглуулахаар төлөвлөж байгаа. Гол нь хүүхдийн зусланд хэрэгтэй гурил, будаа, сүү, тараг, чихрээс эхлээд юм юм хэрэг болох учраас хувийн хэвшлийн компаниуд ажилчдынхаа хүүхдүүдийг манай төсөлд хамруулж өөрт байгаа боломжтой зүйлсээр тус болвол бид ч гэсэн үнэ төлбөргүй сургалтыг хийж өгөх боломжой.
Дашрамд дурдахад, Энэ хөтөлбөрт хамрагдах сонирхолтой хүүхдүүд "Инээж буй нархан” төсөлд хамрагдахдаа эцэг, эхийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, үзлэгийн хуудас, бүртгэлийн хураамж болох 30 мянган төгрөгтэй /энэ мөнгөөр унааны зардал, амь даатгал, эмчийн үзлэг болон бусад туслах үйлчилгээнд зарцуулагдах болно/ Улс төр менежментийн академийн гүйцэтгэх захирал Э.Мөнхзулын санаачлан хэрэгжүүлж буй төсөлд хамрагдаарай.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?