| |
Зүүний үзүүрт арвай тогтохын дайтай хүмүүн заяанд залардаг бид азтай улс. Тиймдээ ч ийм их хувь тавиланд төрсөн ард түмэндээ зориулж их зохиолч О.Дашбалбар "Амьддаа бие биенээ хайрла” хүмүүсээ гэдэг шүлгийг тэрлэсэн нь лавтай. Гэтэл сүүлийн жилүүдэд хүний ёсонд байж боломгүй, нийгмийг цочирдуулсан хүчирхийлэл, аллага гарах боллоо. Бие биенээ хайрлах нинжин сэтгэл үгүй болж байгаагийн илрэл энэ юм. Хамгийн сүүлд гэхэд дөрвөн настай бяцхан охиныг төрсөн эцэг нь хойд эхтэй нь нийлэн зодож, дарамталсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай хэрэг гарсан юм. Энэ насанд хүүхэд эцэг эхийнхээ хайр халамжид өсч торних ёстой. Гэтэл эцэг үрийн нандин холбоог умартаж, хөөрхий бяцхан охиноо зодож, тамлан зовоосоор амь насанд нь хүрчээ. Хүүхдийн эрхийг онц ноцтойгоор зөрчиж байсан хэд хэдэн хэрэг өмнө нь нийгэмд ил гарч байв. Тухайлбал, 2013 онд таван настай хүүхдийг төрсөн эцэг нь заазуурдсан. 2014 онд хоёр болон найман настай хүүхдүүдээ төрсөн эцэг нь шөнөжин хазаж тамласан. Мөн өнгөрсөн есдүгээр сард зарын самбарт "Хүүхэд үрчлүүлнэ” гэх зар тавьж, хүүхдээ хэдхэн цагийн дотор хууль бусаар үрчлүүлсэн тохиолдол ч гарсан юм. Түүнчлэн насанд хүрээгүй хүүхэд гурван настай хүүхдийг хүчиндсэн хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарлаа Эдгээр хэргээс харахад манай улсад хүүхдийн эрхийг яаж ноцтойгоор зөрчиж байгаагийн тод жишээ юм. Дөрвөн настай охин тархиндаа цус харвалттай, биедээ гадны нөлөөтэй Баянзүрх дүүргийн эмнэлэгт эмчлүүлж байгаад энэ сарын 21-нд нас барав. Охины биеийг хөх няц болтол зодсон байсан төдийгүй цус харваад 4-5 хоногийн дараа эмнэлэгт авч ирсэн тул сэргэх найдваргүй байсаар насан эцэслэсэн байна. Талийгаач охин эмнэлэгт хүргэгдэн ирэхэд биеийн байдал нь ямар байсан талаар ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Энхсайханаас тодрууллаа. Тэрбээр "Цагаан сарын битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 18-нд Баянзүрх дүүргийн эмнэлгээс 13.30 цагт ГССҮТ-д яаралтай дуудлага ирсэн. "Бусдад зодуулсан байж болзошгүй дөрвөн настай охин байна. Бид түүнд нарийвчилсан томографийн шинжилгээ хийгээд үүнд төрөлжсөн нарийн мэргэжлийн гэмтлийн мэс заслын мэдрэлийн эмч хэрэгтэй байна” гээд манайд хандсан. Бид уг дуудлагыг 13.30 цагийн үед хүлээж аваад гавал тархины мэс заслын эмч нар очиж үзсэн. Бид эрчимт эмчилгээний эмч нартай холбоо барихад "Бусдад зодуулсан байдалтай ирсэн хүүхэд байна. Энэ хүүхдэд яаралтай мэс засал хийж амь насыг нь аврах шаардлагатай боллоо” гэсэн. Ингээд охиныг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс ГССҮТ рүү тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Энд бэлтгэл ажлаа хийн 17.00 цагийн үед охинд яаралтай мэс ажилбар хийсэн. Гэмтлийн хувьд үнэхээр амьдралд үл нийцэх их хэмжээний тархины бор хальсан доогуурх цус хуралттай, тархины эд их хэмжээгээр няцарсан байсан. Бид түүнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн яаралтай мэс ажилбар хийсэн боловч охин өвчнөө дааж чадалгүй харамсалтайгаар хорвоог орхилоо” гэсэн юм. Түүнчлэн талийгаач охины эцэг Ц нь өнгөрсөн сарын 17-нд ГССҮТ-ийн Яаралтай тусламж дуудан, охиноо үзүүлсэн гэнэ. Тухайн үед яаралтай тусламжийн эмч үзээд "Энэ хүүхэд хэвтэж эмчлүүүлэх шаардлагатай байна” гэж хэлэхэд эцэг, хойд эх нь "Ямар ч үед гомдол байхгүй. Бид хүүхдээ хэвтүүлэхгүй” гэх өргөдөл бичээд авч явсан аж.
Энэхүү аймшигт хэргийн талаар охины ээжийн найз фэйсбүүк хуудаст мэдээлснээр олон нийтэд ил болсон юм. Хэрэв цахим сүлжээнд мэдээлэээгүй байсан бол энэ хэргийн талаар бид мэдэхгүй өнгөрөх байв. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаач охины эцгийг цагдаагийн албан хаагч бөгөөд эмчилж байсан эмчийнх нь хэлж буйгаар "Охины хярзан урагдалтай, хүчирхийлсэн байх магадлалтай” гэсэн байгаа юм. Энэ талаар болон зарим зүйлийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулсан юм. Тэрбээр "Иргэн Ц-г өнгөрсөн сарын 17-ны өдөр бусдын биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст саатуулсан. Өнгөрсөн сарын 21-нд дөрвөн настай охин амь насаа алдахад нь Ц болон М нарыг сэжигтнээр татаж цагдан хорьсон байдаг. Одоо мөрдөн байцаалтын ажил явагдаж байна. Ц, М нарыг хүний амь насыг хохироосон гэх үндэслэлээр шалгаж байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг Ц нь цагдаагийн албан хаагч биш. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагч, шинжээч ажилтай. Охиныг хүчиндүүлсэн гэх мэдээлэл ч гарсан. Хоёрдугаар сарын 17-ны өдрөөс цагдаагийн байгууллага хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлж, шинжээчийг томилсон байдаг. Шинжээчийн эхний дүгнэлтээр хүчиндүүлээгүй. Хярзан урагдсан нь зодолт, цохилт, доргилтоос болж үүссэн гэж гарсан” гэв. Түүнчлэн цагдаагийн байгууллагад эцэг, эхдээ зодуулж гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага сүүлийн үед ирэх нь ихэсчээ. Энэ талаар УБХЦГ- ын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Т.Ариунтуяагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь ихэслээ. Энэ төрлийн гомдол танайд хэд ирсэн бэ?
-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг 2013 онтой 2014 оныг харьцуулахад нэлээд өссөн дүнтэй байгаа. Өнгөрсөн оны судалгаанаас харахад гэр бүлийн хүчирхийлэлд хүүхэд өртсөн 18 гэмт хэргийг бүртгэсэн. Үүнээс хүчингийн гэмт хэрэгт хоёр хүүхэд өртлөө. Сүүлийн үед ард түмнийг цочирдуулсан хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж, амь нас, эрүүл мэндийг хохироосон хэрэг гарч байна. Хүүхэд гэмт хэргийн золиос болж байгаад олон нийт ч анхаарал хандуулж байгаа нь сайн хэрэг. Хүүхдийн төлөө ажилладаг олон байгуулага байдаг. Тэгэхээр хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх ажлыг л хамтран зохион байгуулах ёстой. –
Хүүхдийн эрхийг хамгаалах хууль бүрэн төгс хэрэгжиж чадаж байна уу?
-Хүүхдийн эрхийг хамгаалах тусгай хууль бий. Хүүхдийн эрхийг хамгаалах 62 хуульд 150 гаруй заалт байна. Гэтэл хуулийн зохицуулалт ямар байна вэ гэдгийг анхаарч үзэх ёстой. Тухайлбал, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 1996 онд батлагдсан. Шинэчилсэн найруулгыг хийж байгаа ч хүүхдийг ямар орчинд хэрхэн, яаж хамгаалах талаар тодорхой заалт зохицуулалт оруулж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хууль шаардлага хангахгүй байна. Тэгэхээр хүүхдийн эрхийг хамгаалах хуулиудад анхаарал хандуулмаар байна. Мөн эцэг, эхэд нь ямар хариуцлагыг яаж хүлээлгэх вэ гэх асуудлыг ярих ёстой. Одоогийн хуулийн заалтын дагуу 5-10 мянгаар торгоод явуулаад байх уу, яллах ёстой юу гэдгийг нарийвчлан зааж өгөх шаардлагатай.
- Гэр бүлийн хүчирхийлэд өртсөн иргэдийг хамгаалах байртай болсон. Энэ байранд хүүхэд ирэх нь их байдаг гэсэн. Үнэн үү?
-Нийслэлийн цагдаагийн газрын харьяанд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг өнгөрсөн оны хоёрдугаар сард байгууллаа. Энэ хэлтсийн харьяанд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг түр хамгаалах байрыг байгуулав. Өнгөрсөн онд л гэхэд 225 гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 366 үйлчлүүлэгчийг хүлээн авсан. Үүнээс насанд хүрсэн 117 хүн, 249 хүүхэд үйлчлүүлсэн байдаг. Түр хамгаалах байранд ирсэн хүмүүсийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, дүүргийнхэн Халамж асрамжийн төв, эцэг, эхэд нь хүлээлгэж өгөв. 2015 он эхний хоёр сард 85 гэр бүлийн 123 хүнийг хүлээн авч үйлчилсэн. Үүнээс эрэгтэй хүүхэд 58, эмэгтэй 26 бусад нь насанд хүрсэн хүн байсан. Дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эцэг, эх нь архи ууж архидан согтуурсан гэх шалтгаанаар ирдэг гэв.
Хүний эрхийг юу юунаас илүү дээдэлдэг ардчилсан Монгол улс бяцхан үрсийнхээ эрхийг хамгаалж чадахгүйгээс хүчирхийлэгчид тэднийг үхэлд хүртэл нь тамлан зовоож байна. Манайд хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл хэрхэн яаж зохицуулах талаар эрх зүйн орчин алга. Гэвч энэ бүхнийг сайжруулах талаар шийдвэр гаргах төвшинд ажиллаж, эх орныхоо ирээдүй болсон бяцхан үрсээ хамгаалах үүрэгтэй Хүүхдийн төлөө газар хаана, юу хийгээд байна вэ. Тэд хүчирхийллийн хүнд хэлбэрт өртөөд буй хүүхдүүдийн хаагуур нь өнгөрөөд байна. Хүүхдийн төлөө үндэсний газар бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө тэдний эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий газар. Өөрөөр хэлбэл, хүүхдийн төлөө хийж гүйцэтгэх бүхий л ажил үйлчилгээг үндэсний хэмжээнд төрийн бодлогоор дамжуулан хэрэгжүүлдэг байгууллага. Одоогоос бараг хоёр жилийн өмнө "Хүүхдийн төлөө газар” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад "Үндэсний” хэмээх нэр томьёо нэмсэн. "Үндэсний” хэмээх нэг үг нэмэгдсэнээр улс орны өнцөг булан бүрт аж төрж буй хүүхдүүдэд хүрч үйлчлэх, хараа хяналт тавих үүрэг бүхий газар болсон гэсэн үг. Гэтэл "Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр хүүхэд хүчирхийлэд өртлөө. Гэмт хэргийн золиос боллоо гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа хөврөхөөр "Хүүхдийн эрхийг зөрчиж болохгүй” хэмээн гарч ирдэг эрхэм бол Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа юм. Дээрх хэргийн талаар тэрбээр "Бид аливаа нэгэн мэдээлийн дагуу ажилладаг. Мөн нөлөөлийн ажлуудыг хийж байгаа. Манай иргэдийн дунд асуудал болсон хойно л ярьдаг болчихоод байна. Ийм асуудал өнөөдөр болж байгаа юм биш. Дөрвөн настай охины хэргийн тухайд гэхэд л түүний аав хуулийн байгууллагад ажилладаг. Ийм хэрэг үйлдээд зогсч байна гэхээр бидэнд хэлэх ч үг алга. Энэ хүүхдийн хойд ээж өөрөө маш их асуудалтай. Ийм ноцтой хэрэг гарч байхад хэнд ч хэлэхгүй байсан байх жишээтэй. Бид үүнийг мэдээллээр л авахаас өөр арга байхгүй” гээд сууж байх юм. Хүүхдийн төлөө байгууллагыг хариуцаж ажиллаж байгаа дарга сэтэртэй хүн хэнэг ч үгүй хүүхдийн эцэг, эхэд буруу өгсөн хариултыг хэлээд сууж байгаа нь эмгэнэлтэй. И.Нарантуяа нийгмийг цочирдуулсан хэрцгий хэрэг гарсны дараа л хөшигний цаанаас гарч ирдэг нь нууц биш. Энэ хатагтайгаас "Та хүүхдийн төлөө юу хийв” гэж асуух хүсэлтэй олон хүн бий. Жилдээ 1.7 тэрбумын төсөвтэй энэ байгууллагын даргаас ингэж асуух нь зүйн хэрэг. Ярихаас цааш хийгээд хүчирхийллээс хамгаалаад, сэрэмжлүүлээд байгаа ажил тэдэнд үнэндээ алга. Тус газрын албан ёсны цахим хуудас руу орж үзэхэд хурал цуглааны хөрөг зураг хийсэн байх жишээтэй. Тэнд сэрэмжлүүлэг болгож сүүлийн үеийн гэмт хэргүүдийн талаарх мэдээлэл ч байсангүй. Хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин, хараа хяналтгүй, хүүхдүүд ямар эрсдэлтэй тулгарч, тэдний хэд нь хүчирхийллийн золиос болж байгаа бол. Уг нь хүүхдийг хамгаал гэж энэ байгууллагыг байгуулсан баймаарсан. Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа таныг хүүхдийн төлөө ямар ажил хийснийг чинь үнэхээр хэлж мэдэх хүн алга. Харин Монгол орны ирээдүйг тойрсон асуудлууд түм бумаараа байхад тэр асуудалд санаа тавьж идэвхтэй ажиллахын оронд өдөржин твиттерт жиргээд сууж байдаг гэдгийг тань сайн мэдэх хүн олон байна. 10 гаруй мянга хол давсан жиргээч дагуулсан шаггүй жиргээчин та алдрай бяцхан багачуудын төлөө анхаарал хандуулаад ажиллах хэрэгтэй. Даргын суудалдаа хайртай байдаг шигээ хүүхдэд хайр халамжаа үзүүлдэггүй халгаатай даргыг ажлаас нь огцруулах эсвэл Хүүхдийн төлөө үндэсний газрыг татан буулга гэж шүүмжлэх хүн олон бий. Өнөөдөр Монголын үрсийн төлөө төрийн бодлого үгүйлэгдэж байна.
Хүчирхийлэл дунд амь насаа алдсан дөрвөн настай охины дурсгалыг хүндэтгэн өнгөрсөн бямба гаригт Чингисийн талбайд "Цагаан зул” өргөх ёслол боллоо. Талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, хүчирхийллийн эсрэг тэмцэж буй олон "Лантуун дохио” ТББ, "Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” ТББ, "Хүчирхийлэлгүй Монгол” аяныг санаачлагч, "Ээж бүхний дуу хоолой” фэйсбүүк хуудасны ээжүүдийн санаачилгаар нэгдэн хэдэн мянган зул өргөж, охины диваажинд хүрэх замыг гэрэлтүүллээ. Цуглааныг зохион байгуулсан залуус шөнийн 01:00 цаг хүртэл бүх зул жаргаж дуусахыг хүлээж, жаргасан зул, туссан тосыг цэвэрлэсэн байна. Энэхүү хүчирхийллийн эсрэг тэмцэж гэрэлт зул өргөсөн олны дунд талийгаач охины ээжийн найз буюу болсон явдлын талаарх мэдээллийг олон нийтэд ил болгосон эмэгтэй нэгдсэн байна. Тэрбээр "Өнөөдөр биднийг дэмжиж ирсэн ээжүүд, хүчирхийллийн эсрэг тэмцэж байгаа залуустаа баярлалаа. Бидний талийгаач охин өөрийнх нь араас ийм олон хүн буян үйлдэж байгаад баярлаж байгаа байх. Тэр минь тэнгэрт өөрийнхөө очих ёстой газар хүрсэн байх. Нийгэм олон нийтийг ингэж хүлээж авна гэж бодоогүй. Миний найзыг дэмжиж, түүний төлөө залбирч байгаа та бүхэнд талархаж байна. Эцэст нь хэлэхэд, Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл байхгүй болоосой. Эмэгтэй хүн бүр эрхээ хамгаалдаг, хүүхэд болгон өөрийн эрхээ мэддэг байгаасай” гэв. Мөн аймаг бүрт охины гэгээн дурсгалд зориулж зул өргөх ёслолыг зохион байгууллаа.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?