| |
Монгол Улсын Засгийн газар энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдөр "Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж өнөөдрөөс орон даяар хэрэгжүүлж эхэллээ.
Д.Сүхбаатарын талбайд болсон "Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэллээ.
Тэрээр "Элэгний хорт хавдар, хатуурлын үндсэн шалтгааны нэг болсон С вирүсийн өвчлөлийг эмчлэх эм, үүний дотор "Харвони” эм бий болсноор өвчлөлийг бууруулах, эдгээх өргөн боломж нээгдсэн.Хэдийгээр эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байгаа ч технологийн үр шимийг хүртэх, эмчлэгдэх боломжийг иргэддээ нээж өгч улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн хосолсон санхүүжилтээр С вирүсийг илрүүлэх, эмчлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна. Засгийн газар халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай байгаа хүнийг илрүүлэн эмчилгээнд хамруулах, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна” гэв.
Цаашид элэгний өвчлөлийг эрт илрүүлэхэд иргэд, сайн дурын идэвхтэн, нийгмийн ажилтнуудыг татаж оролцуулан, бүх шатандаа хяналт тавьж үр дүнтэй ажиллахыг Ерөнхий сайд санууллаа. Мөн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо чухал байгааг тэмдэглэв.
Засгийн газар "Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд С вирүсийн халдвартай 150 мянган хүнийг бүрэн эмчилж, элэгний хорт хавдар, хатуурлын шалтгаантай нас баралтыг эрс бууруулж, вирүсийн голомтыг устгахыг зорьж байна.
Тухайлбал энэ жил 40-65 настан, ирэх онд 15-39 настай болон 65-аас дээш насны иргэдийг В,С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулна. Мөн эмийн эмчилгээг даатгалын хөнгөлөлттэй үнэд багтаан, цаашдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс хариуцдаг болох юм.
Статистик мэдээнээс үзвэл 2016 онд хавдрын 5991 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд 2160 буюу тал хувь элэгний хавдартай гарсан байна. Сүүлийн 10 жилд элэгний хорт хавдрын улмаас жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр долоон хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн түүвэр судалгаагаар манай улсын 400 орчим мянган хүн В,С вирүсийн халдвартай байх магадлалтай юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?