| |
Монголын оюутны холбооноос өнөөдөр "МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг хар жагсаалтанд оруулах” тухай болон бусад асуудлаар МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр, МОХ-ны зөвлөх Н.Бямбагэрэл, МОХ-ны ОНХХ-ийн дарга Э.Батжаргал нар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд МЗХ-той цаашдаа МОХ хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлээд доорхи тайлбарыг хийв.
"Монголын оюутан, залуучуудын дуу хоолой болж, тэдний эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой байгууллага бол Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоо юм. Эдгээр байгууллагын аль нь ч ямар нэгэн нам, улс төрийн хүчнээс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах ёстой.
МЗХ, МОХ-ны дүрмэнд "аливаа улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон” байдаг.
2015 оны 03 сарын 28-ны өдөр Монголын Залуучуудын холбооны 5 дугаар их хурал хуралдаж оюутан залуучуудын хөгжлийн төлөө, тэдний эрх ашгийг хамгаалахад МЗХ, МОХ нэгдэж ажиллахаар тохиролцсон. Энэ хүрээнд МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр МЗХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Тэгвэл 2 өдрийн өмнө буюу 2015 оны 04 сарын 28-нд Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат улс төрийн 3 намын төлөөллийг Залуучуудын холбоонд оруулж, дэд Ерөнхийлөгчөөр сонголоо.
Тухайлбал МЗХ-ны 25-29 насны дэд Ерөнхийлөгчөөр МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар, 30-34 насны дэд Ерөнхийлөгчөөр Ардчилсан намын гишүүн Д.Амарсайхан, 35-39 насны дэд Ерөнхийлөгчөөр МАН-ын төлөөлөл Н.Цэрэнбат нар сонгогдсон.
Энэ нь Монголын Залуучуудын холбоог цаашдаа улс төрийн үйл ажиллагаанд тууштай оролцох оролдлого, улс төржих илрэл гэж Монголын оюутны холбооноос үзэж байна.
Тиймээс дүрэмдээ заагдсаны дагуу Монголын оюутны холбоо оюутан, залуусын нэрийг барьж улс төржих үйл ажиллагаа явуулж байгаа МЗХ-той хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлж байна.
МЗХ-ноос улс төрчдийн хар жагсаалт гаргах талаар хүчтэй яригдах болсон. Улс төрч ч бай хэн ч бай хүний гэм буруутайг шүүх засаглал тогтоох учиртай. Гэтэл хэн нэгнийг гэм буруутай гэж үзэн олон нийтэд зарлах нь хууль бус үйлдэл юм. Тиймээс энэхүү хууль бус үйл ажиллагаанд Монголын оюутны холбоо оролцохгүй.
Хэрвээ олон нийтийн санал асуулга нэрээр улс төрчдийн хар жагсаалт гаргах гэж байгаа бол Монголын залуучуудын ууган байгууллага болох Монголын залуучуудын холбоог улс төржүүлж, залуучуудыг нам, улс төрийн хүчнээр талцуулах оролдлого хийж буй эрхэм Ерөнхийлөгч А.Мөнхбат өөрөө хар жагсаалтын "тэргүүн хүн”-ээр бичигдэх ёстой” гэдгээ илэрхийлэв.
Г.Эрдэм
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?