| |
"Хэрэглэгч бол хаан” гэсэн уриаг хий хоосон байлгахгүйн төлөө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ажиллах ёстой. Энэ байгууллагыг мартагдахаас аварсан гавьяа нь яах аргагүй О.Магнайгийнх. Ажлаа аваад л томоохон дуулианыг тарьж эхэлсэн түүний орыг Т.Аюурсайхан гэх мөн л жагсаал цуглаанаар олон танигдсан залуу залгаж авсан. Ажиллах арга барил нь өмнөх даргынхтайгаа ижилхэн байгаад нь, бас залуу хүн зориг, зүрхтэйгээр ажлаа эхэлсэнд нь олон нийт ам сайтай л байна. Жолооч нарын уур бухимдлыг барж байгаа машин ачих, дугуй түгжих үйлчилгээний но-г гаргаж ирээд нийслэлийн Засаг даргаа иргэдийн хурлын төлөөлөгчидтэй нь хамт шүүхэд өгч орхисон түүнийг магтахаас яахав. Гагцхүү О.Магнай, Т.Аюурсайхан нарын шийдвэр, мэдэгдлүүд эцсийн дүндээ хаана хүрээд дуусдаг вэ. Нийгэмд тулгамдсан, шийдчихвэл хэрэглэгчдээс өндөр оноо авах тодорхой асуудлуудыг тэд дэлгэн тавьдаг, сүржин мэдэгдэл хийдэг ч жинхэнэ үр дүн нь төдийлөн харагддаггүй нь харамсалтай. Жирийн иргэний хувиар бодоход Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх, үүргийн статус ядмаг байгаад учир орших мэт.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?