| |
Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэлэлцээ Засгийн газрын босго давах шахаад УИХ-ын даргын мэдэгдлээс шүүгээндээ дахин "түгжигдсэн” нь саяхан. Угтаа бол гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа гарын үсэг зурна хэмээн найдлага төрүүлж, ирсэн хөрөнгө оруулагчдын төлөөлөл Улаанбаатарт ирээд байсан ч тэр нь талаар болж түрүүчээсээ нутаг буцацгаав. УИХ-ын даргын мэдэгдэлд эгдүүцсэн зарим нь араас ирж гэрээгээ батлаарай гэх үгийг чулуудаад буцсан гэдэг. Харин Монголд илт хохиролтой гэрээ хэлэлцээг баталбал гарын үсэг зурсан сайд нарыг огцруулахаа мэдэгдсэн УИХ-ын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй үл ойлголцолд хүрч 14 хоногийн хугацаанд УИХ-аар оруулж хэлэлцүүлэх болзолтойгоор тохиролцоонд хүрсэн билээ. Нэгэнт Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар оруулахаар болсон учир сонгогчдод тал засч, бас гоё харагдахыг хичээх гишүүд түрүүчээсээ хэл амаа билүүдээд эхэлчихсэн байна лээ. Ингэж бичсэнээрээ тэднийг шүүмжлэх гэсэнгүй. Гагцхүү хэлэлцээ хийх явцад ил болсон "Чалко”-той хийсэн гэрээний тухай хэн ч ярихгүй байгаад асуудлын зангилаа оршиж байгаа юм.
Уг нь бол Тавантолгойн гэрээнээс Монголын талаас хүртэх үр өгөөжийг бууруулах, гогдох дэгээг нь Сү.Батболдын үед "Эрдэнэс Тавантолгой”-н "Чалко”-той байгуулсан гэрээ. Маш нууцын зэрэглэлтэй байгуулсан энэ хэлэлцээрийн зарим нь ил болсон. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой” компани "Чалко”-гоос зээлсэн 350 сая ам.долларын өрөө төлсний дараа Тавантолгойн Зүүн Цанхиас олборлосон нүүрсний 80 хувийг таван жилийн турш тэдэнд худалдаж, төдий хугацаанд 60 хувийг нь нийлүүлнэ гэж заасан нь ил болсон юм.
Бүр гэрээгээ зөрчвөл нөхөн төлбөрийг "Чалко”-д төлөхөөс гадна олон улсын Арбитрын шүүхэд дуудагдах хүртэл нарийн заалтыг оруулсан юм билээ. Товчхондоо "Эрдэнэс Тавантолгой” компани "Чалко”-д 10 жилийн турш нүүрсээ үг дуугүй нийлүүлэх үүрэг хүлээсэн нь энэ. Ирээдүйд олборлох нүүрсээ барьцаалж, хатуу заалтын хүрээнд байгуулсан гэрээг Сү.Батболдын Засгийн газар, Б.Энэбишийг "Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар ажиллаж байх үед баталсан гэдгийг дахин тодотгоё. Басчхүү нарийн шаардлагатайгаар. Юу гэхээр Тавантолгойгоос "Чалко”-д нэг-дүгээр зэргийн сайн чанарын нүүрс нийлүүлэх болзолтойгоор жилийн 14 хувийн хүүтэй 350 сая ам.долларын зээл авсан байдаг.
Гэрээг баталснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд "Чалко”-д төлөх өрөөс 142 сая ам.доллар үлдээд буй. Гэвч дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ уналттай байгаа энэ үед "Чалко”-д нүүрс нийлүүлэх ажил зогсонги байдалд ороод байгаа. Гэтэл "Чалко”-д нүүрс нийлүүлэхгүй байх тусам тэдэнд давуу тал үүсгэж байгааг албаныхан тодотгосоор байгаа. Товчхондоо "Чалко” нүүрс авахгүй байх тусам тэдэнд бид сул хүү төлсөөр байгаа юм. Өөрөөр хэлбэл. "Чалко”-той гэрээ хийхдээ хамгийн сайн чанарын нүүрсийг нийлүүлэхээр тусгасан ч "Эрдэнэс Тавантолгой”-гоос олборлож байгаа нүүрс тэдний шаардлагыг төдийлөн хангахгүй байгаа юм билээ. Товчхондоо тэндээс олборлосон нүүрсийг авахгүй байх сонирхол "Чалко”-д бий. Дээрээс нь, "Чалко”-д төлөх өрөө бүрэн төлж дуусгасан ч Зүүн Цанхиас олборлох хамгийн сайн чанарын нүүрсийг бараг 20 жилийн турш тэдэнд нийлүүлэх заалт гэрээнд байгааг дурдах хэрэгтэй. Тавантолгой тойрсон муу мэдээ нь энэ.
Харин гурван улсын хамтарсан хөрөнгө оруулагчидтай хийж байгаа гэрээний төсөлд хэд хэдэн сайн мэдээ бас байгаа юм. Жишээ нь, Тавантолгойн ордод бүхэлд нь олборлолт хийх гэрээний урьдчилгаанд эхний ээлжид 200 сая ам.долларын зээл олгохоо хөрөнгө оруулагчид илэрхийлж байгаа. Ингэхдээ жилийн 4.5 хувийн хүүтэйгээр. "Чингис” бондын хүүгээс бага нөхцөлтэй гэсэн үг. "Чалко”-той хийсэн гэрээнээс бараг гурав дахин бага. Мөн гэрээ, хэлэлцээг баталснаас хойш 10 хоногийн хугацаанд урьдчилгааг олгохоор заажээ. Түүнчлэн урьдчилгаа орж ирсэн өдрөөс хойш "Чалко”-д төлөх үлдэгдэл 142 сая ам.долларыг 12 сарын хугацаанд төлж дуусгахаа илэрхийлжээ. Тавантолгойг тойрсон сайн мэдээ нь гэвэл энэ байна.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?