| |
Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай уулзан гэр хорооллын дахин төлөвлөлтийн явц, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл сонслоо. Уулзалтад Нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар зэрэг газар, агентлагийн дарга нар, энэ асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд оролцож УИХ-ын гишүүдэд мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд 34 аж ахуйн нэгж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төсөлд нийт 78 292 хүн хамрагдаж байгаа бөгөөд гэр хорооллын 1506 га талбайд дахин төлөвлөлт хийж байна.
Дахин төлөвлөлтийн хүрээнд 7374 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаас ашиглалтад орсон 2730 айлын орон сууц байгаа юм байна. Түүнчлэн дахин төлөвлөлтийн хүрээнд газраа орон сууцаар сольсон 615 өрхийн 2583 орчим иргэн байна. Ингэснээр жилд ялгарах нүүрс төрөгчийн дутуу ислийг 105,6 тонноор, тоосонцорыг 2,92 тонноор, хүхэрлэг хийг 10,4 тонноор тус тус буруулсан гэдгийг холбогдох албаныхан хэллээ.
УИХ-ын гишүүд мэдээллийг сонсоод, Улаанбаатар хотод тулгамдаж байгаа, агаар хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь гэр хороолол юм. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж, хэрэгжүүлэх нь чухал. Бид энэ ажлыг илүү сайжруулан үргэлжлүүлэхийн тулд шаардагдах хууль эрх зүйн орчныг бий болгоход анхаарч ажиллана гэлээ. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг буулгаж шинээр барих, дулаан алдагдал ихтэй, дээврээс ус гоождог гэх мэт хуучны орон сууцуудыг шинэчлэх чиглэлд ч анхаарлаа хандуулж ажиллана гэв.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?