| |
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар өчигдөр Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажлын явцыг танилцуулж, төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэх байршлын тухай хэлэлцлээ.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийг 8 дэд төвтэй байхаар тусгасан. Баянхошуу, Долоон буудал орчимд эхний ээлжийн дэд төвүүдийг байгуулахаар нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцож эхний шатанд Долоон буудал орчим буюу Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны 156 га талбайг дахин төлөвлөж Сэлбэ дэд төв, СХД-ийн 7, 8, 9, 10, 28 дугаар хорооны нийт 162 га талбайг дахин төлөвлөн Баянхошуу дэд төв болгон хөгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Эхний ээлжид дэд төвүүдийг хүн амын нягтаршил өндөр, гэр хорооллын бүсэд байгуулах нь зөв гэж үзсэн учраас Баянхошуу, Долоон буудлыг сонгожээ. Энэ төвүүдийг газар зүйн байрлалаас шалтгаалан хооронд нь авто замаар холбох бүрэн боломжтой. Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажил 2014 оноос эхэлсэн. Сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, худалдаа үйлчилгээний цогцолборын нарийвчилсан зураг төсөл гарсан байна.
Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14-р хороо болон Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд иргэдийг түр суурьшуулах зориулалттай 50 айлын 2 орон сууцыг барьж, улсын комисс бүрэн ашиглалтад хүлээн авсан. Одоо Европын хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжүүлэн Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бохирын шугамыг татах ажил үргэлжилж байгаа бөгөөд 11 сард дуусгахаар төлөвлөн ажиллаж буй юм.
Баянхошуу дэд төвд тавих бохирын гол шугам нь СХД-ийн 4, 5, 7, 18, 26 дугаар хороо буюу Баянхошууны тойргийн уулзвараас Таван шар, Мах импексийн уулзвар хүртэл 6.3 км үргэлжлэх бол Сэлбэ дэд төвийн бохирын гол шугам нь Долоон буудлын эцсээс 17-р сургуулийн уулзвар хүртэл буюу Чингэлтэй дүүргийн 14, 18-р хорооны нутаг дэвсгэрээр нийт 2.1 км үргэлжилж байгаа аж.
Бохир усны шугамын зурваст нийт 145 нэгж талбар өртөж байгаагаас эхний ээлжинд 23 нэгж талбарын газрыг чөлөөлөхөөр иргэдтэй гэрээ хийжээ. Дэд төвүүдийн дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцөлөөр тендер зарлахаар бэлдэж эхэлсэн байна. Харин төслийн хоёрдугаар шатыг Дэнжийн 1000 орчмын 81,98 га талбайд, Дамбадаржаа орчмын 66,75 га талбайд хэрэгжүүлэхээр байршлыг сонгосон байна. Дэд төвүүдийг байгуулснаар гэр хороололд төрийн үйлчилгээ болон дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Ингэснээр иргэд заавал хотын төв рүү ирж төрийн үйлчилгээ авах шаардлагагүй, айл өрхүүдэд дэд бүтэц ойртуулж өгснөөр иргэд байшин барих уу, хамтаараа нийлж орон сууц барих уу, "Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдах уу гэсэн шийдлээ өөрсдөө гаргах боломжийг бүрдүүлж өгнө.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?