| |
Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын бүрэн эрх гураван сар хүрэхгүй хугацааны дараа дуусгавар болох гэж байна.
Гэтэл өнгөрсөн арван нэгдүгээр сараас хойш Эрүүл, мэнд спортын салбар удирдах хүнгүйгээр өдийг хүрлээ. Шадар сайдад хамаг ажлаа ацаглачихсан байгаа. Урдах олон ажлаа дийлэхгүй байхад нь хоёр ч том салбарыг нэгтгэсэн яамны ажлыг давхар хариуцуулж байгаа нь эрсдэлтэй.
Сайдын эзгүйд ажлаа авч явах хүн нь Төрийн нарийн бичгийн дарга байдаг. Гэтэл тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь хүртэл хамт АТГ-т шалгагдаж, хоригдож байгаа юм. Тодруулбал, Өнгөрсөн жил арваннэгдүгээр сарын 4-ны өдөр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдуулан саатуулаад өнөөдрийг хүртэл шалгаж байгаа юм. Г.Шийлэгдамба нь албаныхаа өрөөнд их хэмжээний мөнгөтэй байж байгаад АТГ-ын ажилтнуудад газар дээрээ "гардуулсан" талаар эх сурвалжууд мэдээлдэг. Харин тэрбээр үүнийгээ "Намынхаа санхүүжилтийг олох гэж таньдаг ахаасаа мөнгө авсан. Эхний ээлжинд авсан мөнгөө намын дарга Н.Энхбаяртаа өгсөн. Дараагийн мөнгөө өгч амжаагүй байсан" гэж мэдүүлдэг. Харин Н.Энхбаяр болон намын нөхөд нь түүний ярьсан зүйлийг "худал" гэж тайлбарлаж байгаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногт тус намын нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-аас Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Харин Төрийн нарийн бичгийн дарга Т.Ганчимэгийг мөн авилгын хэргээр АТГ-аас баривчилсан юм. ЭМС-ын яамны сайд, төрийн нарийн хоёрт АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-оор хэрэг үүсгэсэн. Тэднийг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д "Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг юм. Хэрэв тэднийг шүүх энэ зүйл ангиар нь яллавал Г.Шийлэгдамба, Т.Ганчимэг нар хамгийн багадаа 5-10 жилийн ял авах магадлалтай юм. Мөн Т.Ганчимэг нь мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д буруутгагдсан. Энэ Хээл хахууль өгөх гэсэн зүйл анги бөгөөд 5-8 жилийн ял шийтгэл авдаг билээ.
Эрүүл мэндийн салбарын гол ноён нуруу болсон хоёр албан тушаалтан нь өнгөрсөн намар ийнхүү авилгын асуудалд холбогдож одоог болтол асуудал нь дуусаагүй байна. Товчоор хэлбэл тэр цагаас хойш ЭМС-ын салбар удирдах хүн явсаар өдийг хүрч байна. Гэтэл энэ хойгуур нь тус яамны ажил навс унлаа. Ёстой л чин сэтгэлтэй хэдэн эмч, сувилагчдын гавьяагаар өдийг хүрсэн гэхэд хилсдэхгүй. Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод улаанбурхан өвчин маш ихээр гарч эхэллээ. ХӨСҮТ өнөөдөр тус өвчнөөс болж гамшигийн байдалтай байна. Улаанбурхан өвчний тохиолдол 2015 онд 19.427, 2016 оны эхний хоёр сарын байдлаар 3236 тохиолдол бүртгэгдэв. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн орны хүрэлцээ 100 гаруйгаар хэтэрч, хүүхдийн Сэхээн амьдруулах тасагт 10 орон дээр 16 хүүхэд хэвтэж байна. Энэ өвчнөөр он гарснаас хойш 3000 гаруй хүн өвчилсөн байгаа бол тэдний 50 гаруй хувь нь хүүхэд, тэр дундаа нярай хүүхдүүд Улаанбурханаар өвчилж, хүндрээд байгаа аж. Тухайлбал он гарснаас хойш уг өвчний вирусээр найман хүүхэд нас барсан тоо байна. Тэд 5-8 хүртэлх сартай хүүхдүүд бөгөөд 9 сартай вакцинаа хийлгэж амжаагүй байхдаа өвчилж, биеийн байдал нь хүндэрч нас бар Одоо ч эмчилгээгүй гэсэн оноштой хүүхдүүд бий. Хамгийн сэтгэл эмзэглэмээр зүйл нь ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасгийн нөхцөл байдал юм. Хоёрхон ширхэг аппараттай. Үүнд нь хүүхдүүд оочерлож байж эмчилгээндээ орно. Нэг орон дээр хоёр, хоёроо хэвтэн эмчлүүлж байна. Сахиуруудын нь гадаа үүдэнд, коридорт өдөр хоногийг өнгөрүүлж байна.
Нөхцөл байдал ийм байхад Ерөнхий сайд сандал ширээнийхээ учрыг олохгүй төдийгөө өдий хүргэлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяртай нууц тохироо хийж, түүнийхээ хариуд Шадар сайд болгож өгнө гэж хулхидсаар таван сар өнгөрлөө. Эрүүл мэндийн салбарынхан тархалтыг зогсоох талаар тууштай ажил төдийлөн хийж чадахгүй байна. Энэ мэдээж удирдлагагүй байгаатай шууд холбоотой юм. Сайд дарга нь байхгүй хажуугаар ХӨСҮТ-ийн даргагүй байна. Тодруулбал, ХӨСҮТ-ийн дарга төсвийн мөнгөнөөс "идсэн" гэдгийг АТГ тогтоочихсон. Ингээд Эрүүл мэнд, спортын яам нь сайдгүй, Төрийн нарийн ч байхгүй. Ядаж байхад өвчнийг эмчлэх гол газөр болох ХӨСҮТ-ийн дарга нь бас байхгүй, аппарат нь хүрэлцээгүй гээд энэ салбар жинхэнээсээ дампуурч дууслаа. Ерөнхий сайдаа үлдсэн хугацаанд энэ салбартаа анхаарал хандуулахгүй бол байдал эвгүйтлээ шүү. Нэгэнт л МАХН-ын даргыг Шадар сайдад томилж чадахгүй юм бол асуудлыг 4, 5 сар сунжруулж байхаар эртхэн шиг ЭМС-ын сайдаа томилох хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар гэдэг өнгөрсөн дөрвөн жилийн турш Засгийн газрын "бонус" салбар болсоор хамаг ажил нь сүйрч гүйцлээ. Спорт нь ч одоо дүүрч. Эрүүл мэндийн салбарыг л "буух эзэн, буцах хаягтай" болгож өгөөч.
Г.Лхагва
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?