| |
Н.Энхбаяр өвөлжин өөрийгөө Шадар сайд болно хэмээн хууртаж явсаар өнөөдрийг хүрлээ. Ч.Сайханбилэг тэргүүтэй АН-ынхан ч түүнийг хүссэн суудалд нь томилж өгнө гэж "чулуу хөөлгөсөөр" дөрвөн сарыг үдсэн юм.
Өнгөрсөн жил арваннэгдүгээр сарын 4-ны өдөр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдуулан саатуулаад өнөөдрийг хүртэл шалгаж байгаа юм. Г.Шийлэгдамба нь албаныхаа өрөөнд их хэмжээний мөнгөтэй байж байгаад АТГ-ын ажилтнуудад газар дээрээ "гардуулсан" талаар эх сурвалжууд мэдээлдэг. Харин тэрбээр үүнийгээ "Намынхаа санхүүжилтийг олох гэж таньдаг ахаасаа мөнгө авсан. Эхний ээлжинд авсан мөнгөө намын дарга Н.Энхбаяртаа өгсөн. Дараагийн мөнгөө өгч амжаагүй байсан" гэж мэдүүлдэг. Харин Н.Энхбаяр болон намын нөхөд нь түүний ярьсан зүйлийг "худал" гэж тайлбарлаж байгаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногт тус намын нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-аас Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн.
Тэгвэл Г.Шийлэгдамбыг баривчилсны дараахан нь Засгийн газраас МАХН-д хандаж өөрсдийн олгогдсон сайдын квот дээрээ хүн санал болгохыг хүссэн байдаг. Харин МАХН-аас Ц.Лхагвасүрэн болон Н.Энхбаярын нэрийг дэвшүүлж байгаад сүүлд нь Н.Энхбаяр даргаа томилуулах шийдвэрт хүрч Ерөнхий сайдад хандаж Н.Энхбаярыг Шадар сайдад томилж, одоо Шадар сайдын үүрэгт ажлыг хашиж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдаар томилж өгөхийг хүссэн албан бичиг ирүүлж байв. Гэвч Ерөнхий сайд төдийлөн дорвитой алхам хийхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Тэрбээр өнгөрсөн сарын эхээр Н.Энхбаярыг Шадар сайдад томилж, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад томилох гэж буй мэт дүр үзүүлсэн болоод дахиад л таг болов. Гэхдээ энэхүү жүжигчилсэн тоглолтын гол зорилго нь Н.Энхбаярын нүдэнд өөрийг нь Шадар сайдад томилох оролдлого хийж буй мэтээр дүр эсгээд л өнгөрөх зорилготой байсан. Яг л нөгөө "Дүр эсгэсэн ардчилал" гэдэг шиг. Ингээд тэд хүссэн хариугаа ч АТГ-аас авсан. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд өөр хүний амаар "Н.Энхбаярыг гэмт хэрэгтэн хэвээр байгаа" гэж хэлүүлсэн хэрэг. Ингээд энэ цагаас хойш дахиад л бараг нэг сар өнгөрчихлөө.Өнөөдөр хамгийн эмзэг нөхцөл байдалтай болоод буй ЭМС-ын яамны ажил улам л хүндэрсээр байна. Ард иргэдийн эрүүл энхийн төлөө ажиллах ёстой тус яаманд үнэхээр бодлого дутагдаж эхлэв. Өнгөрсөн дөрвөн жилийн турш тус яамын сайдын суудал тохирооны, бонусны суудал байж ирсэн. Одоо бүр буух эзэн, буцах хаяг ч үгүй боллоо. Ядаж байхад сайдын дараагийн хүн болох Төрийн нарийн бичгийн дарга нь хүртэл авилгын хэрэгт холбогдон саатуулагдсан. Харин энэ хугацаанд H1N1 цар тахал, улаанбурхан гэх зэрэг олон хүнд өвчин гарч байна. Улаанбаатар хотод улаанбурхан өвчний тархалт маш их байна. ХӨСҮТ-д олон айлын бяцхан үрс уг өвчнөөр өвчилж хэвтэх ор, унтах газаргүй байгаа. Тиймээс Ерөнхий сайд тэргүүтэй АН-ынхан одоо энэ их улстөржилтөө зогсоож төрийн ажлыг цааш нь үргэлжлүүлэх шаардлагатай боллоо.
Г.Дорж
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?