| |
Монгол, Унгарын харилцаа эрчимтэй хөгжиж байгаагийн нэг илэрхийлэл болох ээлжит айлчлалыг Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан энэ өдрүүдэд манай улсад хийж байна. Хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 66 жил болж байгаа ч 10 жилийн өмнө Унгар улс Улаанбаатар хот дахь Элчин сайдын яамаа хааснаар унгар, монголчуудын харилцаанд төдийлөн ахиц гараагүй гэж болно. Харин өнгөрсөн жил Элчин сайдын яамаа эргэн нээснээр удаашраад байсан харилцаа эрчимтэй сэргэж эхэлсэн юм. Энэ хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгарын Ерөнхийлөгч Адер Яноши, тавдугаар сард Гадаад хэргийн сайд Петер Сияяарто Монголд айлчилж, боловсролын салбарт хамтрах нэлээдгүй чухал ажлуудын эх суурийг тавьж чадсан. Тэгвэл энэ удаагийн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны айлчлал нь хөдөө аж ахуй, эдийн засаг, бизнесийн салбар руу түлхүү анхаарсан гэрээ хэлэлцээрийг хийлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монголд хийж буй Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны айлчлал өчигдөр албан ёсоор эхэлж, тэрээр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Дараа нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнийг Төрийн ордны баганат танхимд албан ёсоор угтан авч, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан уламжлал болсон "Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурсан юм.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд ганцаарчилсан уулзалт хийж, ойрын жилүүдэд ажил хэрэг болохуйц таван төрлийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Тодруулбал, "Монгол Улс болон Унгар улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн тухай” Засгийн газар хоорондын протоколд хоёр талын Гадаад хэргийн сайд нар гарын үсэг зурсан. Мөн "Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр, Хөгжлийн банк, Унгар улсын Экспорт импортын банк хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар Унгарын мөнгөн тэмдэгтийн хэвлэлийн хувьцаат компани хоорондын хамтын ажиллагааны гэрээ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, "Будапешт Уатеруоркс” компани хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Энэ удаагийн айлчлалын томоохон үр дүн болох "Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэх ажлыг эхлүүлж, эрчимтэй ажиллахаар болсныг онцлох хэрэгтэй. Тухайн үед унгарууд барьж өгсөн тус үйлдвэрийг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийг Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр авах юм. Уг төслийг хэрэгжүүлэхэд одоогоор 25 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гаргаад байгаа.
Унгар улсын хувьд хөдөө аж ахуй, хүнд хөнгөн үйлдвэрлэл өндөр хөгжсөн дэлхийн жишиг орнуудын нэг. Тэр утгаараа энэ салбарт монголчуудад туршлага судлах, хамтрах эрэлт хэрэгцээ бий. Унгарын тал ч малыг эрүүлжүүлэх, малын махыг олон улсын стандартад нийцсэн технологиор боловруулахад туслах, туршлага солилцох боломжтой гэдэг санал тавьж байгаа. Хоёр улсын Хөдөө аж ахуйн яам хооронд 2011 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэх хүрээнд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, технологийн туршлагыг судлах, хамтран ажиллах сонирхлоо манай Ерөнхий сайд энэ үеэр илэрхийлсэн. Хоёр улсын хувьд далайд гарцгүй, сүүлийн жилүүдэд эдийн засгийн шилжилтийг тус тусын улсдаа хийж байгаа гээд төстэй талууд олон байгаа нь бие биеэ ойлгох, хамтран ажиллахад дөхөм гэдгийг ч хоёр улсын Ерөнхий сайд нар хэлсэн үгэндээ дурдсан юм. Хэдийгээр Унгар эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан Элчин сайдын яамаа хааж байсан ч одоо энэ салбарт Монголтой хамтрах, худалдааны эргэлтээ өсгөх бүрэн боломжтойг Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан онцолж байлаа.
Үүнээс гадна сүүлийн үед Улаанбаатар, Будапешт хотуудын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих болсон. Саяхан хоёр хот хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээнд эко-автобус үйлдвэрлэл, ухаалаг бизнес болон үзвэр үйлчилгээний төв байгуулах, Туул голын үерийн менежмент, барилгын материал үйлдвэрлэл, хөдөө ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хоол хүнс боловсруулах үйлдвэр хамтран байгуулахаар тусгасан байгааг ч ярилцсан юм. Мөн цаашид Унгар улстай хамтран мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах цогц комплекс бүхий дагуул хот байгуулах боломжтой талаар хоёр Ерөнхий сайд санал солилцсон байна. Энэ үеэр Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан "Унгар улс усны нөөцийн судалгаа, гүний усны нөөц тогтоох, эм, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх туршлагатай. Эдгээр салбарт Монгол Улстай хамтран ажиллах боломж байгаа” гэдгээ ч илэрхийлсэн. Мөн Унгар улсын тэтгэлгээр Монголын 400 оюутан тус улсад сурсны олонх нь анагаахын салбарт мэргэжил эзэмшсэн. Өнөөдөр 100 оюутан сурч байна, тэдний тоог 200-д хүргэх боломжтой гэж Унгарын Ерөнхий сайд хэлээд тэтгэлгийг хамтарч ажиллах эдгээр чиглэлээр суралцах оюутнуудад олгох нь зүйтэй гэсэн саналаа Унгарын Ерөнхий сайд хэллээ. Тэрээр хамтарсан хэлэлцээр хийснийхээ дараа УИХ-ын дарга З.Энхболдод бараалхсан юм.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан нэг гол ажил бол Монгол, Унгарын бизнес форум. Хоёр улсын худалдааны эргэлт жилд дунджаар 12 сая ам.доллар байгаагаас Унгараас Монгол нийлүүлж буй бараа, бүтээгдэхүүн дийлэнх хувийг нь эзэлдэг. Тиймээс эдийн засгийн салбар дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Унгарын Ерөнхий сайдыг дагалдан тус улсын 40 гаруй компанийн 60 гаруй төлөөлөгч ирж, уг арга хэмжээнд оролцож байгаа юм.
Энэ дамрамд, өмнөх жилүүдэд хоёр тал улс төр, боловсролын салбарт түлхүү анхаарч байсан бол Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны айлчлалаар мал аж ахуй, хөдөө аж ахуй, эдийн засаг, бизнес зэрэг салбарт хэрэгжүүлэх олон ажил хийхээр шийдвэрлэсэн нь Монгол, Унгарын харилцаа бүрэн сэргэж байгаагийн илэрхийлэл хэмээн албаны хүмүүс онцолж байсан.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?