| |
Гацууртын ордыг ашиглуулахыг УИХ нэгэнт шийдвэрлэсэн ч, төр хэчнээн хувийг эзэмших үү, ямар байдлаар уг ордыг ашиглуулах вэ гэдэг дээр гацаанд орчихоод байгаа. Гацаанд орсон асуудал нь Ноён уултай холбоотой. Ноён уулын дор байгалийн ховор олдворууд, түүхийн дурсгалт бүтээлүүд бий юу, үгүй юу гэдгийг шинжлэх ухааны байгууллагууд тогтоогоогүй. Иймд Засгийн газраас ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа. Хэрэв ховор олдвор байвал Ноён уулыг ухуулахгүй гэж иргэний нийгмийн байгууллагууд, зарим УИХ-ын гишүүн шүүмжилсээр байгаа юм. 70 орчим тонн алттай Гацууртын орд зах зээлийн ханшаар 2.1 тэрбум ам.доллар болно. Оюутолгойн хоёр жилийн үйлдвэртэй тэнцэх хэмжээтэй алт Гацууртад байна гэсэн үг аж. Гацууртын орд ашиглах нь нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан учир Засгийн газар ашиглах хэлбэрээ эргэж харахаас өөр аргагүйд хүрсэн. Гэвч ямар байдлаар вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй хэвээр л байна. Өөрөөр хэлбэл, Гацууртын ордыг яахаар болов.
Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь 20 байх төслийг Засгийн газар оруулж ирсэн нь УИХ-ын дэмжлэгийг авалгүй буцаагдсан. Оюутолгойн 34 хувийг зээлээр аваад сар бүр зээлийн хүү төлөөд байна гэж шүүмжлүүлсэн учир УИХ уг тогтоолын төслийг буцаасан байна. УИХ-ын дарга З.Энхболдын хэлснээр "Цаашид стратегийн ордод төр хувь авч түүнийхээ төлөө мөнгө, хүү төлөөд явах нь буруу юм байна гэдэг бол УИХ-ын байр суурь. Нэгэнт хувь эзэмшихгүй гэж байгаа бол Засгийн газар дахиад нэг сонголтыг оруулж ирсэн. Тэр нь хувь эзэмшихийн оронд тусгай роялти буюу Ашигт малтмалын нөөц ашигласны татвар тавья. Тусгай роялти нь жинхэнэ роялтитай адилхан буюу тав хүртэл хувь байж болно. Хэд байхыг Засгийн газар яриа хэлэлцээрийн үед тогтооно. Яагаад гэвэл орд бүхэн өөр юм байна гэсэн ийм хуулийг цагаан сарын өмнө батлуулж авсан” гэлээ. Тэгэхээр УИХ-ын байр суурийн дагуу Засгийн газар төслөө өөрчилж оруулж ирж мэдэх ч, хамгийн их асуудал болоод байгаа нь Ноён уулыг ухуулахгүй гэх хөдөлгөөнийхөн. Мөн тухайн орон нутгийн иргэдийн санал юм.
УИХ-ын дарга З.Энхболд Ноён уулыг ухуулахгүй гэдэгт "Асуудал нь археологийн хүрээлэнгээс Гацууртын орд Ноён уулын булш хүртэл зургаан км зайтай гэдгийг тогтоосон. Ноён уулын булшны дор бас алт байгаа. Тэнд Монголын "Гүнбилэг трейд” гэдэг компани лиценз эзэмшдэг. Гацууртын олборлолтыг хийх гээд байгаа тэр газарт түүхийн ямар ч олдвор байхгүй. Дээр нь байгаа шороон ордыг нь сүүлийн 15 жил ухаж олборлоод одоо газар дор байгаа үндсэн ордыг нь ашиглах тухай ярьж байна. Ноён уулын алтыг ухуулахгүй, булшыг ухуулахгүй гэж ярьж байгаа хүмүүс үнэн хэрэгтээ хууль ёсны лицензтэй компанийг хөөж явуулах хүсэлтэй. Явмагц нь орж алтыг нь, булшыг нь ухаж гадаад руу хууль бусаар зарах зорилготой” гэж ярьсан байна билээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг маргаантай асуудалд "Ноён уул дээр миний байр суурь тодорхой. Нэгдүгээрт орон нутгийн иргэдээс зөвшөөрөл авах, хоёрдугаарт үнэхээр энэ ууланд түүхэн дурсгалд өв соёл маань байгаа бол ухаж болохгүй. УИХ-ын холбогдох Байнгын хороо газар дээр нь очоод нээлттэй сонсгол хийгээд асуудлаа шийдээ гэж байгаа. Ноён уулын асуудлыг ярьж байгаа хүмүүсийн зөв. Зөв байлгүй яах вэ. Гэхдээ энэ хүмүүсийн шаардаж байгаагаар шийдэх үү, яах уу гэдгийг бид олон талаас нь шийдэх хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэгэхээр ямар хувилбараар оруулж ирэхийг Засгийн газар шийднэ. Мэдээж улс оронд ашигтай шийдвэрийг оруулж ирэхгүй бол Ноён уулыг аврах хөдөлгөөнийхөн эсэргүүцэл илэрхийлэх биз ээ.
залуу.ком
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?