![]() |
Хууль дагаж, мөрдөж, хэрэгжүүлэгч шүүхийн байгууллагынхан бусдын гэм, бурууг зөв шийдвэрлээгүй анхан шатны шүүхийнхнээс болж хэдэн хүний амьдрал орвонгоороо хэрхэн, өөрчлөгдөж байгаа бол. Анхан шатны шүүхийнхэн аливаа гэм буруутныг дэнслэхдээ өөрсдийн үзэмж, олон нийтийн шүүмж, цахим орчны давалгаа, улстөрийн нөлөө, захиалгаар шийдвэрлээд байгааг давж заалдах шатны шүүхийнхэн бататгаж байна.
Тэрхүү баталгааны нэг нь өчигдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болж, дуучин Б.Амархүүгийн хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж хэрэгт авагдах ёстой нотлох баримтуудыг дахин цуглуулахыг шаардсан юм. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хангалттай нотлох баримт цуглараагүй байхад Б.Амархүүд хоёр жилийн хорих ял оноосон нь хүчин төгөлдөр бус хэмээн үзэж Б.Амархүүд ногдуулсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон гэсэн үг.
Олон нийт хийгээд хэвлэлийнхэн Давж заалдах шатны шүүгчдийн гаргасан шийдвэрийн цаад утгыг нь сайтар ойлгоогүй учраас хар тамхичин Б.Амархүүг олны танил гэдэг утгаар нь ялаас мулталлаа хэмээн шүүмжилж байв. Гэтэл тун удалгүй Давж заалдах шатны шүүгчид, Анхан шатны шүүхийн шүүгчдийн гаргасан шийдвэрийг эрс няцааж ШЕЗ-өөр дамжуулан олон нийтэд ялын тогтоолыг яагаад хүчингүй болгосон тухай магадлалын үндэслэлээ тайлбарласан юм. Тодруулбал, тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нь дутуу хийгдсэн, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй, нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, шалгаагүй, хэрэгт авагдсан зарим нэг баримтуудад гарын үсэг зурагдаагүй, бичилт дутуу зэрэг үндэслэлүүд тогтоогдсон байна. Тиймээс давж заалдах шатны шүүхээс Б.Амархүүд ногдуулсан хоёр жилийн ялыг хүчингүй болгож хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргажээ.
Ердөө л энэ хэргээс харахад Анхан шатны шүүхийн шүүгчид хүний амьдрал, хувь заяатай холбоотой асуудлыг сайтар шалгаж нягтлалгүйгээр "алхаа цохиж” дэнсэлдэг гэдэг нь ойлгогдоно.
Яг үүнтэй адил НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг "60 тэрбумын” гэх хэрэгт холбогдуулан үйлдэлгүй, хохирогчгүй, яллах дүгнэлт ч үгүйгээр ял үүрүүлэн хорьчихоод байгаа. Тухайлбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10 дугаар сарын 31-ны өдөр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал болж, тэднийг улстөрийн захиалгаар ялласан. Тус шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгчээр томилогдсон Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нар үйлдэлгүй, хохирогчгүй, яллах дүгнэлтгүй хэрэг биш зүйл дээр тэдэнд ял ногдуулж хуулийг буруугаар ашиглаж тэдэнд ял ногдуулсан гэдэг нь Давж заалдах шатны шүүхээс Б.Амархүүгийн хэргийг буцааснаас илүүтэй ноцтой алдаа болж таарч байна.
Улсын яллагчийн зүгээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг 60 тэрбумтай холбоотой хэрэг дээр анх яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлсэн. Тухайн шүүх хуралдааны үеэр улсын яллагч нотлох баримт хангалттай цуглараагүй мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг мэдэгдэж яллах дүгнэлт үйлдэх боломжгүй гэдгээ ч тайлбарласан. Гэтэл шүүгч нар түүний яллах дүгнэлтийг дур мэдэн өөрчилж 14.9 буюу сонгуулийг будлиантуулахыг завдсан хэмээн ялын зүйл ангийг нь хүчээр өөрчилж Ц.Сандуй, А.Ганбаатар нарт 4 жилийн ял ногдуулсан. Энэ талаар шүүгдэгчдийн өмгөөлөгч нар нь ч хэлж л байсан. Анхаасаа энэ хэрэг ямар ч үйлдэлгүй, хохирогчгүй асуудал учраас хуулийн байгууллагууд хэд, хэдэн удаа хэрэгсэхгүй болгож байсан.
Угтаа бол Анхан шатны шүүгчид тэрхүү шүүх хурлын үеэр бултаараа улсын яллагчийн ялласан 2002 оны 82.1 буюу "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэсэн зүйл ангийг биш юм байна аа. Ц.Сандуй, А.Ганбаатар нар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаанд оролцоогүй юм байна гэж байв. Тэгснээ шүүх хурал дуусахаас 10 минутын өмнө гэнэт 14.9 буюу сонгуулийг будлиантуулахыг оролдсон хэмээн ялласан. Нөгөө "хэрэг нь байвал эзэн олдоно” гэдэг зарчмаар ажилласан.
Энэ 14.9 гэх зүйл анги нь "Сонгуулийн тойргийн хороо, хэсгийн хороон"-д ажилладаг хүмүүсийн хууль бус үйлдлийг буруутган ялладаг. Гэтэл Ц.Сандуй ганцаараа. За бүр олноор бодоход А.Ганбаатартай хоёулхнаа. Харин тэдний ялласан зүйл анги нь нэг байтугай нэлээд хэдэн хүн ч хийж чадахааргүй сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэх заалт. Хуулийн хэллэгийг шууд ойлгоход хэдий төвөгшил ихтэй ч энгийнээр тайлбарлахад хэнбугай ч ойлгоно. Яг түүнтэй адил энгийнээр тайлбарлахад үйлдэлгүй, хохирогчгүй, яллах дүгнэлтгүй асуудлыг гэмт хэрэг гэж үзэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч нар захиалгат ажиллагаанд орсон нь илэрхий болж байна. Энэ мэтчилэн өмнө нь бас цаашид хэр олон хүний хувь заяаг "захиалгаар” өөрчилж, алх цохиж яваа бол гэх хардлага эрхгүй төрнө.
Хэрвээ анхан шатны шүүхийнхэн үнэхээр сайн ажилладаг бол давж заалдах шатныхан юуны учир хэргийг буцааж, дутуу бүрдүүлбэртэй хэмээн дүгнэж суух вэ дээ. Ийм л шүүх засаглалтай улс оронд амьдарч байгаа бид хаана хаанаа болгоомжтой байхад илүүдэхгүй биз ээ.
http://erennews.mn/article/28051
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?