| |
Цагдаа нарын дунд ийм хэллэг бий болжээ. "Ядуусын хэрэг” гэж. Хүүхдээ санамсаргүй, эсвэл хайхрамжгүйгээсээ болж гэмтээж бэртээн, амь насыг нь хохироосон аль ч тохиолдолд эцэг, эхэд нь хариуцлага тооцох хуультай. Гэтэл цагдаа нар тэдэнд хариуцлага хүлээлгэе гэвч зовлон дээр нь зовлон нэмсэн хэрэг болдгоос ийн нэрийджээ. Энэ бол хүүхдийн түлэгдэлт. Ялангуяа халуун тогоонд түлэгдэж эрүүл мэнд, амь насаараа хохирох нь энэ төрлийн гэмтэл дотроо тэргүүлэх эгнээнд бичигдэхэд хүрээд байгааг эмч нар сануулах боллоо. "Хүүхдээ түлчихлээ”, "Хүү маань халуун тогоотой хоол татчихлаа”, "Хүүхдүүд халуун тогоонд түлэгдсээр байна” гэх албаны бөгөөд амин хувийн халаглалуудыг байсхээд л сонсох болов. Хорвоог таньж амжаагүй бидний алаг үрс ийм зүйлээс болж зовж, тарчилж байгааг эцэг, эхийн хайхрамжгүй байдал эсвэл тогоогоо хүүхдээс холдуулахад л болно, бүр тогоо хэрэглэхгүй байх хэрэгтэй гээд өнгөцхөн дүгнээд орхих сэдэв биш ажээ. Өмнө нь манай "Зууны мэдээ” сонин энэ талаар "Халуун тогооны харгислал” нэртэйгээр хөндөн бичиж байсан билээ. Энэ сэдвийг үргэлжлүүлж байна.
Түлэгдэлт нь тусгаарлагдсан, дахилтат биш дайралт болон хурдан үйл явцаар үүсдэг, эдгэрэлтийн үе шат нь удаашралтай эмгэг юм байна. Түлэгдэлт дотроо хамгийн их зонхилдог, хор уршигтай нь халууных. Бүр өндөр хэмтэй халуун зөвхөн арьс ч бус түүнээс цаадах эд эрхтэнг гэмтээдэг хортой. Арьсны дермис буюу өнгөн давхарга гэхэд хүний бие махбодийг гадны эмгэг төрөгчдөөс хамгаалдаг. Эпидермис давхарга гэмтсэн тохиолдолд 8-9 долоо хоног буюу хоёр сар орчмын дараа төлждөг юм байна.
ТҮЛЭГДЭЛТ ТАВАН ЖИЛИЙН ДОТОР ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ
Халуун тогоонд түлэгдсэн хүүхдүүд бүгд гэр хорооллынх. Нийслэлийн БЗД, СХД хамгийн олон гэр хороололтой бөгөөд тэнд хамгийн олон хүүхэд түлэгджээ.
Улсдаа ганц Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн ачаалал сүүлийн таван жилд хоёр дахин нэмэгджээ. Тоон дүнгээр хэлбэл, 2009 онд тус тасгийнхан 3258 өвчтөнийг хүлээж авч байсан бол таван жилийн дараа 2014 онд 6223 хүн түлэгдэлтийн улмаас тусламж авахаар ханджээ. Тэдний 60-70 хувь нь 0-4 насны хүүхдүүд байгааг эмч нар халаглан ярьж байна. Тэгвэл өнгөрсөн онд л гэхэд 4000 гаруй хүүхэд түлэгдэлтийн улмаас зовж шаналсан болж таарлаа. Энэ эмгэгийн нэг шалтгаан нь өнөө бидний амьдралд хялбархан хэрэглээ болсон халуун тогоо гэдгийг эмнэлэг, цагдаагийн байгууллага хэлж байна. Ус 100 хэмийн халуунд буцалдгийг бид мэднэ. Тэгвэл шингэн зүйл өтгөрч, найрлагатай болох тусам буцлах хэм нэмэгдэнэ. 100, 200 хэмийн халуунд буцалж байгаа хоол, унданд хүүхдүүд гар, хөлөө дүрж, эсвэл бүтэн биеэрээ унахад нүд хальтирмаар. Хэрэв ийм үед томчууд бол биеэ татаад хохирлыг арай багасгаж чадна. Орчноо таньж мэдээгүй бяцхан хүүхдүүдэд ийм чадвар даанч үгүй.
Халуун тогоо бол айл бүрийн хэрэглээ. Гэхдээ энэ төрлийн гэмтэлд гэр хорооллын хүүхдүүд илүү өртдөг ажээ. Үүнийг батлах нэгэн судалгаа байна. Манай улсын ганц эмнэлгийн Түлэнхийн тасагт хандагсдын 22 хувь нь Сонгинохайрхан, 20 хувь нь Баянзүрх дүүргийнх. Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн эзлэх хувь хоёр оронтой тоонд хүрдэггүй юм байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг бол Улаанбаатарын хамгийн олон хүн амтай, бас хамгийн олон гэр хороололтой дүүрэг. Тэдний дийлэнх нь тогоогоо газарт тавьж хоол ундаа хийдэг. Зориулалтын тавиур, эсвэл хөдөлгөөнгүй байрлуулахад бас л зардал гарах учраас тэд үүнийг хийдэггүй. Хүүхдээ хохироосны дараа л энэ талаар бодож эхэлдэг. Энэ нь хүүхдүүд халуунд түлэгдэх гол шалтгаан болж байна.
Түлэгдэлтийн эдгэрэх хугацаа урт, хүний амьдрах чадвар, гоо сайханд халтай, эмчилгээний зардал өндөр гээд түлэгдэлтийн хор уршиг их. Үүнд л гэр хорооллын аав, ээжүүд сөхөрдөг юм байна. Нэг хүүхдийн эмчилгээний зардал дор хаяж хоёр сая төгрөг, хүнд зэргийн түлэгдэлт бол 20 сая хол давдаг гэнэ. Ийм хэмжээний зардал гаргах амьжиргаатай айл цөөн. Ховор ч биш байхгүй учраас цагдаа нарын дунд "Ядуусын хэрэг” гэсэн нэршил бий болчихож. Нэг талаас доромжилсон явдал гэж харж болох ч өнөөгийн нийгмийн бодит бөгөөд үнэн энэ болжээ. Тэглээ гээд хүүхдээ гэмтээ, бүү хайхар гэсэн үг биш л дээ. Хорвоог таньж мэдэж, сурч боловсрон, тоглож наадах цаг хугацааг эмнэлгийн орон дээр өнгөрүүлж, түлэнхийн шархандаа зовж хэвтэх багачуудын тоог томчууд бид цөөрүүлж чадах арга замыг эрэхийг хичээе.
"ХАЛУУН ТОГООНЫХОН”
Түлэгдэлтийн шалтгааны тал хувийг халуун хоол цай эзэлж байна. Тэр дундаа халуун тогоонд буцалж буй хоол, унданд хүүхдүүд түлэгдэх нь ихэсчээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт очлоо. Ачаалал их байна. Түлэгдэж, гэмтсэн хүүхдүүдээ аваад хэвтсэн ээжүүд олон байна. "Халуун тогоонд түлэгдсэн хүүхэд байна уу” гэхэд захын тасгийнхан "Энд, энд”, эсвэл "8, 10, 14-т байгаа” гээд тасгийн дугаарууд хөвөрч өгөв. Өвчтнүүд халуун тогооноос түлэгдсэн хүүхдүүдтэй тасгийг "Халуун тогооныхон” гээд нэрлэчихэж. Гар хөл, бөгсөн бие, цээжин бие нь ороолттой хөлд ч ороогүй, мөлхөж байгаа хүүхдүүд орон дээр, эсвэл ээждээ тэврүүлжээ. Зэргэлдээ тасагт зовиураасаа болж байсхээд л хүүхдийн часхийн уйлах дуу сонсогдоно. Бас нэг тасагт бүүр жаахан хүүхдийг доош харуулан унтуулжээ. Байн байн зовиурлаж, сэрнэ. Таван сартай охин гэнэ. Хоол буцалж байсан халуун тогоо руу бөгсөн биеэрээ уначихсныг ээж н.Одбаяр халаглан ярьж өгөв. "Манайх бага насны олон хүүхэдтэй юм. Бүгд бужигналдаж байгаад нүд ирмэхийн зуургүй л буцалж байсан тогоотой хоол руу уначихлаа” гэж байлаа. Тэнд хэвтсэн хүүхдүүдийн ээжүүд бүгд л ижил тайлбар хэлж байв. Сонгинохайрхан дүүргээс ирж хэвтсэн хоёр настай хүү мөн л халуун тогоо руу орчихжээ. Хоёр газарт гүн түлэгдэлтэй гэдгийг ээж А.Нандинжаргал хэлэв. Тэдний тасагт Эрдэнэтээс халуун тогоонд түлэгдээд ирсэн хоёр настай хүү зовиураа даалгүй нас баржээ.
Түлэгдэлт хүний биеийн эд, эрхтний төлжилт, өсөлтийг бараг шууд эсэргүүцдэг гэж хэлж болно. Ялангуяа бөгсөн биеэрээ түлэгдсэн эмэгтэй, эрэгтэй хүүхдэд түлэнхийн сорви өсөх тусам хүндрэл бий болгодог гэж байна. Эцэг, эхчүүд түлэгдэлтээс гарах үр дагаврыг сайн мэдэж байвч эрсдлээс хамгаалах, буруудаа гэмших ойлголт тун бага байдаг аж. Үүнийг тасгийн эмч нар ч хэлж байлаа. Хүүхдээ нэг настайд нь түлээд эмнэлгийн тусламж авч байсан аав, ээж хоёр дөрвөн настайд нь дахиад түлэгдчихлээ гээд аваад ирсэн тохиолдол саяхных гэнэ. Сурвалжлагын үеэр уулзаж явсан сахиур ээжүүдийн дунд хүүхдийн эрүүл мэндийн даатгалын мөнгийг нэмэх шаардлагатай гэх нэгэн ч байлаа.
Үргэлжлэл бий.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?