| |
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь гэж эрхэм бий. Илүү дутуу үг дуугардаггүй, хэн нэгэнтэй дайсагнадаггүй, Их хурал дахь "Короля” нарын нэг гэдэг
имижтэй. Хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд Их хуралд сууж байгаа тэрээр Дорноговь аймгаас сонгогдсон.
Гэхдээ Ж.Батсуурь гишүүний бодит байдал дээрх тодорхойлолтоос хол зөрүүтэй ажээ. Сонгууль ойртож хөдөлгөөнд ороод Дорноговийг хөөрхөн бужигнуулаад байгаа талаар нутгийнхан ярьж байна.
Мөн тэрээр саяхан батлагдсан Өршөөлийн хуулийг хоног тоолон хүлээж байгаа хүмүүсийн нэг. АТГ-аас УИХ-ын хоёр ч гишүүний асуудлыг шалгасан гэдгээ мэдэгдсэн. Харин Ж.Батсуурь гурав дахь болж байгаа юм байна. Учир нь энэ эрхэм 2012 оны сонгуульд "гэнэт” нэр дэвшээд ялалт байгуулахдаа сонгогчдод мөнгө тарааж, тэр нь баригдсан. Тодруулбал, Ж.Батсуурь УИХ-ын VI тойрог буюу Дорноговь, Говьсүмбэр аймагт нэр дэвшихдээ сурталчилгааны үеэрээ 2012 оны зургадугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг орчим Жарангийн худаг, Цайдам гэх газарт сонгогчидтой уулзах үеэр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15.1 дэх хэсэгт "...Сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлтэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчиж, "Намайг болон Монгол ардын намайг дэмжээрэй” гэж иргэн Т.Батжаргал, Ч.Баярсайхан, Ш.Алтангэрэл, Г.Чойдовдаш, Д.Цогзолмаа нарт тус бүр 100.000 төгрөг, Г.Санжаад 40.000 төгрөг өгчээ. Үүнийг Сонгуулийн хуулиар "...иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд саад хийсэн” гэж үздэг юм байна. Уг хэргийг 2013 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тухайн хэргийн талаар Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд тухайн үед "Энэ хэргийн харьяаллыг Улсын дээд шүүхээр тогтоолгочихсон байгаа. Одоогоор шүүгдэгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудал байгаа учир бид хэргээ шүүхэд шилжүүлж чадахгүй байна. Ер нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурь шүүхэд өөрөө очвол бид энэ хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой болно " гэж байв. Тэр өнөөг хүртэл шүүхэд очоогүй байгаа. Тиймээс Өршөөлийн хууль Ерөнхийлөгчийн хориггүйгээр хэрэгжиж эхэлбэл мань хүн өршөөгдөх магадлалтай. Эс тэгвэл 2016 онд залгуулаад Их хуралд орж чадахгүй бол шүүхийн хаалга татахаар болж байгаа юм.
Мөн түүний эхнэр Д.Гэрэл ч хуулийн байгууллагаар шалгуулж байв. "Цэвэр агаар” сангийн гэх дуулиант хэргийн оролцогчдын нэг нь түүнийг гэдгийг тухайн үед шуугиж байлаа. Гэсэн ч тэгсгээд сураг алдарсан. "Цэвэр агаар” санд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил болгон улсын төсвөөс мөнгө төсөвлөдгөөс гадна олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг юм байна. Түүнчлэн хандив, буцалтгүй тусламжийн орлогын дийлэнх нь энэ санд төвлөрдөг аж. Уг сан нь Агаарын тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн дагуу батлагдсан бодлого, хөтөлбөр бий. Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээр гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, санхүүжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих зорилготой юм байна. Гэтэл Цэвэр агаарын сангийн мөнгийг завшсан гэх хэрэг дэгдэж, үүнд холбогдуулан хэд хэдэн хүнд АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс эрүү үүсгэн шалгаж эхлэх үед
тус сангийн захирал Н.Хүрэлсүх нарын үйл ажиллагаанд хяналт тавихүүрэгтэй байсан МХЕГ-ын байцаагч Д.Гэрэл хайнга хандсан гэдэг үндэслэлээр буруудчихаад байсан юм. Хэргийг шалгаж эхлэх үед түүнийг яллагдагчаар татсан гэх мэдээллүүд хэвлэлээр гарч байв.Top of Form
Ер нь Ж.Батсуурь гишүүний хувьд өнөөдрийн харагдаад байгаа шигээ тийм ч сайхан түүх байхгүй. Тэр уг нь соцдек. Монголын социал демократ намын гишүүн байсан үг. Гэхдээ тухайн үед засгийн эрхийг завсаргүй барьж байсан МАХН-д орсон байдаг. Тэр байтугай явсаар байгаад Дорноговь аймгийн МАХН /МАН/-ын дарга болж, улмаар аймгийн Засаг дарга болсон. 2008 оны сонгуульд Ш.Отгонбилэг агсны гэргий, УИХ-ын гишүүн асан Д.Туяа Дорноговь аймагт нэр дэвшихээр сонгуулийн сурталчилгаандаа ороод байжээ. Гэтэл аймгийнхаа Сонгуулийн хороог хуралдуулж журмын нөхөр Д.Туяагаа гүтгэн бичиж, дөрөв, таван цагийн туршид санал өгөлтийг нь зогсоолгон байж 47 саналын илүүгээр эрхэм гишүүн болж байсан түүх түүнд бий. Уг нь тийм шийдвэрийг аймгийн Сонгуулийн хороо биш, Сонгуулийн ерөнхий хороо гаргах хуультай ажээ.
Үүнээс гадна 2012 оны сонгуульд нам нь "Содмонгол”-ын Ц.Анандбазарыг нэр дэвшүүлэхээр болсон байдаг. Гэтэл хэдхэн хоноод буюу 2012 оны тавдугаар сарын сүүлчээр АТГ-аас Ц.Анандбазарыг гэнэт баривчлан хорьсон. Сонгоууль өнгөрсний дараа түүнийг суллаж байв. Харин энэ хооронд Ж.Батсуурь нэр дэвшээд УИХ-д орж ирсэн байдаг. Учир мэдэх хүмүүсийн ярихаар мань Ж.Батсуурь тийм юм болно гэдгийг мэдэж байсан, зохион байгуулалцсан гэх юм билээ. Ямар сайндаа л түүнд хэвлэлийнхэн болоод нутгийнхан нь "Түгжил” хэмээх нэр хайрлахав.
Ийм нэг гишүүн өнөөдрийн Их хуралд байна. Сонгуульдаж сүйд болохгүй, сонгуульдахаар бол мөнгө тараачихдаг. Эсвэл нам нэгт өрсөлдөгчөө шоронд хийчихнэ, нэрийг нь хасуулчихна. Тэрээр одоо Өршөөлийн хууль хэрэгжээсэй гээд залбирч сууна. Хэрэв энэ хууль хэрэгжиж мань Ж.Батсуурь завтай болбол Дорноговьт хэн нэгнийг "нэг тийш” болгож 2016 оныхоо "ялалт”-ын замыг тавих биз ээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

