| |
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайтын хилийн боомтод хил, гааль, мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцан ажиллаж байгаа албан хаагчидтай уулзахдаа "Боомтуудын хүчин чадлыг нэмж, өргөтгөнө. Хүндрэлтэй байгаа асуудлыг яаралтай шийднэ” гэлээ.
"Засгийн газар боомтуудын дэд бүтэц зэргийг цогцоор нь сайжруулж тэнд ажиллагсдын амьдрал, нийгмийн асуудлыг давхар шийдэхийг зорьж байгаа. Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Замын-Үүд, Гашуунсухайтын боомтыг тус улсын 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөхтэй холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан” гэжСангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.
Төрийн албан хаагчид, тэр дундаа хилийн боомтод ажиллаж байгаа хүмүүс сахилга бат, дэг журмыг чанд сахиж, иргэддээ ямар нэгэн хүнд суртал гаргалгүй, түргэн шуурхай үйлчлэх ёстойг Ерөнхий сайд сануулав. Мөн та бүхний хяналт, эх орноо гэсэн сэтгэл, хариуцлага чухал байгааг хэлж ажлын амжилт хүсэв.
Нүүрс, зэсийн баяжмал, алт зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, үүнийг тойрсон гомдол, санал, хүсэлт иргэдээс цөөнгүй ирдэг байна. Иймээс тагнуул, цагдаа, хил хамгаалах байгууллагын хамтарсан Ажлын хэсэг гаргаж боомт бүрт ажиллуулж, дүгнэлтээ танилцуулахыг холбогдох сайдадчиглэл болгов.
Нүүрсний тээвэр хийж байгаа жолооч нарын эрүүл мэнд, амь нас, хөдөлмөр хамгаалал, нийгмийн даатгал зэрэгт онцгой анхаарах, хилээр нэвтрэх хугацааг аль болох багасгахын тулд Хятадын холбогдох байгууллагатай байнгын холбоотой ажиллахыг санууллаа.
Нэг хэсэг нүүрс ачсан тээврийн хэрэгслийн цуваа 170 км-т хүрч дараалал үүсч байсан. Засгийн газар энэ асуудлыг шийдэхээр 320 дугаар тогтоол гарган богино зайн тээвэрт шилжүүлж, урт дарааллыг багасгасанд орон нутгийн иргэд, удирдлага, тээвэрлэгч аж ахуйн нэгж сэтгэл хангалуун байгаа тухай албаны хүн хэллээ.
Одоогоор өдөрт нүүрс ачсан 500 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байгаа бөгөөд Хятадын тал таталтаа нэмбэл өмнөхийн адил 1500-д хүрэх боломж байна. Гэхдээ тусгай зөвшөөрлийг хэт олноор нь олгосон нь хүндрэл учруулж байгаа тухай ч хөндөгдлөө. Цаашид жолооч нар амрах газартай, хөдөлмөрийн гэрээтэй, засвар, үйлчилгээ хийх цэгтэй байх зэрэг стандартыг хангасан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл өгч байх нь зүйтэй гэсэн санал гарлаа. Ахуй амьдралынхаа төлөө зүтгэж, олон хоногоор машиндаа хонож өнжин яваа жолооч нарын төлөө гэсэн аливаа санал, санаачилга бүрийг Засгийн газар дэмжинэ гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
Гашуунсухайт боомтыг хөгжүүлж, энэ орчмын нутаг дэвсгэрт олон улсын эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, Цагаан хаданд жолооч нарт зориулсан иж бүрэн үйлчилгээ бүхий автозогсоол бий болгох,шөнийн тээврийг бүрмөсөн хориглох, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос тухайн орон нутагт тодорхой хэмжээний хөрөнгө хуваарилж хөгжлийг нь дэмжихэд зарцуулдаг байх зэрэг санал гарч байв.
Мөн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрсний тээвэр хийдэг жолооч нартай уулзаж санал, бодлыг нь сонслоо. Боомтын нэвтрэх гарцыг нэмэгдүүлэх, хэдийгээр богино зайн тээвэрт шилжсэн ч Хятадын талын нэвтрүүлэх гарц цөөн байгаагаас дараалал төдийлөн буурахгүй, олон өдөр машиндаа өдөр хоног өнгөрөөж байгаад анхаарах зэргийг жолооч нар Ерөнхий сайдаас хүсч байлаа.
Гашуунсухайтын боомтоор өдөрт хилийн худалдааны 150, зэсийн баяжмалын 200, нүүрс тээврийн 1200 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг гэсэн статистик судалгаа гарсан байна. Энэ оны нэгдүгээр улиралд 138 мянган зорчигч, 18 мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ. 12 зам бүрт тусгай кабин барьж ашиглалтад оруулснаар бичиг баримт шалгахад зарцуулдаг байсан гурван минутыг 50 секунд болгон бууруулсан байна. Мөн гаалийн бүрдүүлэлтийн зарим бичиг баримтыг цаасгүй технологид шилжүүлснээр багагүй цаг хугацаа хэмнэдэг болжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?