| |
Өнгөрсөн жил нүүрсний салбарынхан 33.4 сая тонн нүүрс экспортолж, 2.2 тэрбум ам.долларын орлого олсон. 2016 онд 1.2 хувийн өсөлттэй гарч байсан Монголын эдийн засаг 2017 онд 3.8 хувийн өсөлт үзүүлсэн нь нүүрсний салбарын экспорт сэргэсэнтэй салшгүй холбоотой. Уул уурхайгаас хараат эдийн засагтай Монгол улс хямралыг богино хугацаанд, хохирол багатай давахын тулд нүүрсний татан авалтаа эрс бууруулсан БНХАУ-тай хэлэлцээр хийх шаардлага 2017 оны 7 дугаар сараас үүсч, Гашуунсухайтын боомт дээр 100 гаруй км үргэлжлэх нүүрс ачсан автомашины цуваа бий болоод 9 сарын нүүр үзсэний эцэст сайн мэдээ дуулдаж эхэллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх урд хөршид албан ёсны айлчлал хийх үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж Монгол, Хятадын уул уурхайн бүтээгдэхүүний гол орц, гарц болсон Гашуунсухайт, Ганц модны боомт дээр үүссэн хүндрэлийг шийдэхэд хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ. Тодруулбал Гашуунсухайтын боомтыг шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажилд БНХАУ-аас 148 сая юанийн буцалтгүй тусламж авахаар болсон байна. Мөн уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсаас авах нүүрсний татан авалтыг нэмэгдүүлж, жилд 30 сая тонноос дээш хэмжээний нүүрс импортоор авч байхаа илэрхийлжээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Ганц модны хилийн боомтоор өдөрт 700 гаруй нүүрс ачсан автомашин нэвтэрдэг байсан бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлал хийсэн өдрүүдэд тус хилийн боомтоор нэвтрэх машины тоо нэмэгдэж өдөрт 800-900 автомашин хилээр гарчээ. Нүүрсний татан авалтыг нэмэгдүүлэх хэлэлцээр нааштай үр дүнд хүрсэн тул ойрын хугацаанд нүүрсний тээвэрлэлт сэргэх магадлал өндөр байна. 2017 оны 6-р сард Гашуунсухайт, Ганц модны боомтуудаар өдөрт 1200-1500 нүүрс ачсан автомашин нэвтэрдэг байсан. Өөрөөр хэлбэл одоо явагдаж байгаа нүүрсний тээвэрлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхэд ямар нэгэн хүндрэл гарахгүй юм.
Урд хөрштэй учраа олж нүүрсний экспортын хэмжээг тодорхой болгосон тул одоо ашигтай яаж ажиллах вэ, орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр Засгийн газар анхаарлаа хандуулах ёстой. Учир нь өнгөрсөн жил төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" компани 9 сая тонн нүүрс экспортолж 100 сая ам.долларын ашигтай ажилласан бол "Энержи Ресурс" компани 5 сая тонн нүүрс экспортлоод 330 сая ам.долларын ашиг олсон гэх мэдээлэл бий.
Г.Дугар
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?