| |
"Оюутолгой”, бүр тодорхой хэлбэл "Рио Тинто” манай Засгийн газраас 3-4 жилээр түрүүлж сэтгэж байна. "Тио Тинто” 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ биелүүлэхийг манай талаас шаарддаг хэрнээ өөрсдөө биелүүлэхгүй явж иржээ. Үүний улмаас Монгол Улс тэрбум шахам ам.доллараар хохирсон гэж үзэж болохоор нөхцөл байдалд орчихоод байна.
Монгол Улсын Засгийн газар 2014 онд Оюутолгой ХХК-тай Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээг байгуулж байжээ. Манай талын гол сонирхол нь Тавантолгойн ордод түшиглэсэн, нүүрсээр ажилладаг цахилгаан станц байгуулаад тэндээсээ Тавантолгой, Ухаа худаг, Оюутолгой, цаашлаад говийн бүсийн хэрэглэгчдийг хангах явдал байсан бөгөөд Оюутолгойтой гэрээ байгуулсан нь хөрөнгө оруулалт авах гэсэн зорилготой байв. Харин "Оюутолгой” буюу "Рио Тинто” манай аргагүй байдлыг ашиглаад гэрээний 1.4.1-т "Оюутолгой ХК Тавантолгой дахь цахилгаан станцын төсөл дэх оролцоо үргэлжилж байгаа нөхцөлд эрчим хүчний хэрэгцээгээ Монгол Улс дахь эх үүсвэрээс хангах үүргийг тус компани заавал биелүүлэх шаардлагагүй” гэсэн утгатай заалт оруулсан байдаг.
Ингэж 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр (7.3) хүлээсэн эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь дотоодын эх үүсвэрээс хангах үүргээсээ бултсан байна. Манай тал төслөө хурдан хугацаанд ашиглалтад оруулах нь л чухал гэж үзсэн учраас Оюутолгойгоос татах хөрөнгө оруулалтыг л тооцоод гэрээ байгуулчихсан байдаг. Гэвч дээрх заалтыг гэрээнд тусгаснаараа төсөл үргэлжлэх хугацааг сунжруулах эрсдлийг тооцохгүй алдаа гаргажээ.
"Оюутолгой” ХХК жилд 200-250 сая ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас авч хэрэглэдэг. Тавантолгойн цахилгаан станц баригдчихвал хурдан хугацаанд хөл дээрээ босч, хөрөнгө оруулалтаа нөхнө. Гэтэл одоо болтол баригдаагүй нь "Рио Тинто” уг төслийг анхнаасаа хэрэгжүүлэх сонирхолгүй, цаг хожиж, Засгийн газартай байгуулсан гэрээгээ биелүүлэхгүй байх арга болгосонтой нь холбоотой байж.
Засгийн газар "Оюутолгой”-той байгуулсан Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээгээ биелүүлэхийг өнгөрсөн долоо хоногт шаардсан. Түүний дараа "Оюутолгой” ХХК албан ёсны цахим хуудсандаа мэдэгдэл гаргажээ. Тэр мэдэгдэлдээ "Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд "Оюутолгой” ХХК нь Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Тавантолгойн цахилгаан станцын төслийн хэрэгжих боломжийг судалж, цахилгааны станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийж ирсэн билээ. Өнөөдөр Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгогдож байна” гэжээ.
Тавантолгойгоос Оюутолгой хүртэл 220 кВт-ын шугам татах бол удаан хугацаанд судлаад байх асуудал биш. Хэрвээ цахилгаан станц барина гэсэн итгэл байсан бол аль хэдийнэ шугамаа татаад эхэлчих хугацаа өнгөрсөн. Гэтэл дөрвөн жил "судалсан” юм байна.
Бас Засгийн газар гэрээгээ биелүүлэхийг шаардсаныг "Гэрээгээ цуцаллаа. Засгийн газар Тавантолгойн цахилгаан станцыг боломжит хувилбар гэж үзэхгүй байгаа юм байна” хэмээн тайлбарлаж байгаа нь бодит байдалтай огт нийцэхгүй юм.
Засгийн газар "Оюутолгой”, "Рио Тинто”-гийн оролцоо байсан цагт цахилгаан станц хурдан хугацаанд баригдахгүй юм байна гэдгийг тооцсоноос биш төслөө зогсоосон хэрэг биш юм. Тэгээд ч гол худалдан авагчаасаа хөрөнгө оруулалт татах нь станцын ирээдүйд сөрөг нөлөөтэй. Армандо Торрес мэдэгдэлдээ "Засгийн газар Тавантолгойн цахилгаан станц төслийг дэмжихгүй байгаа гэж ойлгосон” хэмээн бичснээс болж зарим хэвлэлд Тавантолгойн цахилгаан станцын төсөл зогссон мэтээр мэдээлсэн. Харин бид Тавантогойн цахилгаан станц мега төслийн хэвлэлийн албанаас энэ талаар тодруулахад "Засгийн газраас энэ талаар ямар нэг мэдээлэл ирээгүй” гэсэн хариу өгсөн юм.
Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ дөрвөн жил саатуулсан "Рио Тинто” дахин дөрвөн жил гэрээгээ биелүүлэхгүй байх санаатай нь ил гарч ирлээ. Засгийн газар гэрээгээ биелүүлж ажиллахыг л шаардсан. Харин тэд ашгүй нэг дөгөө гарлаа гэсэн шиг "Засгийн газар гэрээгээ цуцаллаа” хэмээн мэдээлж байна.
"Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес "Гэрээ цуцлагдсанаар "Оюутолгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбарыг сонгон хэрэгжүүлэх ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой” гэж хэлсэн нь үүнийг нотолж байна. Бас Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг саатуулсан дөрвөн жилээ тооцохгүй байх санааг илэрхийлжээ. 2009 онд хүлээсэн үүргээ Тавантолгойн цахилгаан станцаар далимдуулан дөрвөн жил түдгэлзүүлсэн бол одоо дахиад дөрвөн жил үүргээ биелүүлэхгүй гэсэн байна. "Рио Тинто” нь Австралийн голдуу цахим хуудсуудад тавигдсан мэдээлүүддээ "Оюутолгой ХХК нь Тавантолгойн цахилгаан станц төсөлд 2019 онд 250 сая, 2020 онд 250 сая ам.доллар оруулахаар шийдвэрлээд байсан” гэдэг өгүүлбэр оруулахаа мартаагүй байна.
Монгол Улсад бүртгэлтэй "Оюутолгой” ХХК ийм хүнийрхүү ажиллаж байгааг харахаар "Монгол Улс 34 хувь эзэмшдэг нь ер нь үнэн юм уу” гэсэн бодол төрөх юм. Уншигч та ч тэгж бодож байгаа биз ээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?