![]() |
-Валютын хадгаламжийг хориглох уу-
Монгол Улсын 2017 оны эдийн засгийн нөхцөл байдлыг магтан сайшаахгүй ч буруутган харлуулж болмооргүй түвшинд байсан. Тэг хэмээс уруудаж хасах руу тэмүүлж байсан эдийн засгийг эргэн сэргээж өсөлтийг нь 5,8 хувь болов. Улс орны валютын нөөц нэмэгдэж, Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 20 тонн-д хүрч түүхэн дээд түвшинд хүрлээ.
Хоёр оны зааг дээр төрийн гурван өндөрлөгийн ард түмэндээ илгээсэн мэндчилгээнд валютын нөөцийн хэмжээг 2,8 тэрбум ам.доллар хэмээн дурджээ. Энэ нь өмнөх жилийнхээс бараг 3 дахин өссөн гэсэн үг. Ингэснээр валютын ханш тогтворжиж байна. Хэрэглээний зүйлсийнхээ дийлэнх хэсгийг импортоор хангадаг монголчуудын хувьд инээмсэглэн тосох мэдээ гэвэл энэ ханшийн тогтворжилт байв. Хүссэн цагтаа хөөрөгддөг үнэ ханш, авдаг өгдөг хэдэн бор төгрөгөө үнэгүйдүүлэхгүй байх боломж нь ханшийн тогтвортой байдал юм. Гадаад валютын өмнө хүчгүйдэж, үнэ цэнээ алдаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтээ "бялдаржуулах” оновчтой бодлого, эх оронч сэтгэлийн онгорхой байсан орон зай ийнхүү нөхөгдөж эхэлж байгаа нь сайн мэдээ.
Улирч буй оны сүүлчээр УИХ-ын чуулганы хуралдаанаар валютын ханшийн өсөлтийг таслан зогсооход төв банкны зүгээс хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг сонссон. Ерөнхий дүнгээрээ бол 2017 онд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 60 орчим төгрөгөөр чангарсан гэх мэдээлэл байгаа юм. Гэхдээ ам долларын ханшийг одоо байгаа 2450 орчим төгрөгөөс доош буулгах шаардлага хэвээр байгаа. Өмнөх парламентийн үед одоогийн цөөнхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат ам.долларын ханш 1 төгрөгтэй тэнцэх тухай сайхан "мөрөөдөл”-ийг нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбон ярьж байсан нь бий. Үнэхээр ч Монголын валютын нөөцийн дийлэнхи хэсэг нь шатахууны импортод зарцуулагддаг байх. Эдийн засгийг долларжуулахгүй байх нь аюулгүй байдлын онцгой нэгэн элемент. Эдийн засгаа долларжуулсан эмгэнэлтэй гэмээр жишээ болгож төв америкийн Эквадор, Африкийн Зимбабве гэхчлэн улсыг нэрлэдэг. Экватор улсын нийт хадгаламж дахь долларын хэмжээ 53.7%-д хүрч байсан гэдэг. Экватор улсын хувьд гадил, кофе экспортолдог, ихэнх хэрэглээгээ импортоор хангадаг ядуу буурай улсад гэнэт газрын тосны арвин орд нээгдэж, эдийн засгаа хэт халааж, төсвөө тэлж, монголчуудын ярьдагаар "шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг юм болжээ. Мөн газрын тосны нөөц дээрээ дулдуйдаж их хэмжээний гадаад зээл авч, үндэсний мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлж, эцэс сүүлдээ эдийн засгаа долларжуулж унагасан тухай хальт уншиж байсан юмдаг. Энэ бүхэн нь манай өнөөдрийн дүр төрхтэй төстэй, нэг л танил байгаа биз.
Монгол улс уул уурхайн түүхий эдээс өөр экспорт гэхээр юм хомс хэрнээ хэрэглээний дийлэнхи хэсгээ импортоор хангадаг. Түүхий эдийн үнэ, экспортын хэмжээ далайц үндсэндээ бидний хүсэл зоригоос тусдаа зүйл. Дэлхийн зах зээлийн ааш араншинд захирагдана. Энэ л их эрсдэл. Гадаад валют Монголын хөрсөн дээр галзуурах шалтгаан ийм. Тиймээс монголчуудад өнөөдөр экспорт, үндэсний үйлдвэрлэл шиг чухал юм үгүй.
Монгол Улс 2,8 тэрбум ам.долларын нөөцтэй байгаа тухайгаа бахархалтайгаар ярьж байна. Гэхдээ ийм хэмжээний хуримтлалаар ердөө хагас жилийн импортын хэрэгцээгээ хангана. Цөөхүүл хэрнээ импортын хэрэглээ хэр өндөртэй болохыг энэ жишээнээс анзаарч болно. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын оны өмнөх отгон хуралдааны үеэр ам.долларын хэрэгцээ шаардлагын талаар хийсэн мэдээлэлдээ дараах тоо баримтуудыг дурджээ. Тухайлбал:
-Манай улсын хэрэглээний сагсны 40 хувь нь цэвэр импортын бараа, бүтээгдэхүүн эзэлдэг. Тэрчлэн дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний түүхий эдийг ч мөн адил импортоор авдаг.
-Монгол Улсын нийт зээлийн 20 гаруй хувь нь гадаад валютын зээл эзэлж байна. Манай улс жилд дунджаар гадаад өрийн хүүгийн төлбөрт 800 сая ам.доллар, үндсэн төлбөрт 1.7 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний төлбөр төлж байгаа.
-2018 онд 290 сая орчим ам.долларын эргэн төлөлт хийх тухай мэдээлсэн.
Эндээс улс орны мөнгө санхүүгийн талаархи зураг төсөөлөл бууна. Нөгөө талаасаа долларын эрэлт хэрэгцээ яалт ч үгүй их байгааг мөн анзаарч болно. Ингэлээ гээд эдийн засгаа долларжуулахгүй байх дархлааг бий болгохыг зорьж байгаа нь зөв алхам юм.
Дотоодод ам доллараар худалдаа үйлчилгээ явуулахгүй байх журам бий. Харин хэрэгжих тал дээрээ алдаг оног. Доллар гэхгүйгээр тооцох нэгж гэхчлэн нэрлэж өнгийг нь хувиргаад явж байгаа нь харагддаг. Валютын ханш цахилж байх үед иргэд хадгаламжаа ам.долларт олноороо шилжүүлсэн. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын гишүүд иргэд, аж ахуйн нэгжийг гадаад валютын хадгаламжтай байхыг хориглох байр суурь илэрхийлдэг. Монголбанкны тухайд ч үүнтэй санал нэг байгаа юм билээ. Ер нь хадгаламжийн долларжилтыг бууруулах арга хэмжээ авахаар ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн. Мөн банк бус санхүүгийн байгууллагын ханшийн эрсдэлтэй зээлийн долларжилтыг бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Энэ нь гадаад валютын орлого олдог аж ахуйн нэгж, иргэдэд хамаарахгүй байх юм.
Гэхдээ Монголбанкны зүгээс валютын хадгаламжийг шууд хориглохоосоо илүүтэй зээлдэгчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, зах зээлийн арга хэрэгсэлд суурилсан своп, форвард, фъючерс хэлцлийн бүтээгдэхүүн бий болгох зэрэг арга хэмжээнд түлхүү анхаарч ажиллана гэдгийг хэлж байгаа юм. Түүнчлэн гадаад валютын зээлтэй байгаа нийт иргэд, аж ахуй эрхлэгчдийн зээлийг төгрөг рүү шилжүүлэхтэй зарчмын хувьд санал нэгтэй байна. Энэ нь төрийн алдаатай бодлогын хор хохирлыг иргэн, аж ахуйн нэгжээр үүрүүлэх явдлыг таслан зогсоох зорилготой хэмээн тайлбарласан. Одоо УИХ дээр Банкны тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулийн хэлэлцүүлэгээр Ардчилсан нам 5 хоногийн завсарлага авсан. Гэхдээ хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж таарна. Шинэ хууль батлагдвал эдийн засгийг долларжихаас хамгаалах эрх зүйн орчин илүү боловсронгуй болно. Шинэ оны босгон дээрхи монголчуудын хүлээлтийн нэг нь энэ.
М.Нэргүй
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?