| |
Хармагтайн орд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт оршдог. Оюут улаан, Шар чулуут хэмээх хоёр ордыг өөртөө багтаасан бөгөөд Оюутолгойн ордоос хойд зүгт 120 километр зайд байрладаг юм. Эрдэс баялаг, хүдрийн нөөцийг тодорхойлогч Австралийн Жорк стандартын тайлангаар 1.533 сая паунд зэс, хоёр сая унцаас багагүй алт, 203 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тодорхойлжээ.
Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 грамм алт байдаг аж. Анх 1974 онд масштабын бүлэгчилсэн зураглалын явцад энэхүү ордын хүдрийн нөөцийг илрүүлсэн байна. Үүний дараа 1980 онд "Цагаан суварга” хайгуулын экспедици хайгуул явуулж, 484 тонн хүдрийн нөөцтэй хэмээн тогтоож байжээ. Тухайн үедээ Техник эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) жилд 3.5 сая тонн хүдэр боловсруулж, хөрөнгө оруулалтаа гурван жил, найман сарын хугацаанд нөхөх боломжтой хэмээн үзжээ. Тус ордын тусгай зөвшөөрпийг 6647.05 га талбайд Ашигт малтмалын газрын даргын 2010.09.03-ны №393 тушаалаар олгожээ. Харин Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн 2010 оны долдугаар сарын 14-ний өдрийн ХХ-10-02 дүгнэлтээр 38.436 тонн алт, 348 мянган тонн зэсийн нөөцтэй гэж бүртгэж авсан байна. Тус алт, зэсийн ордыг 2013 оны есдүгээр сарын 27-нд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Оюут-Улаан” ХХК ашиглахаар тусгай зөвшөөрөл авчээ.
Улмаар 2015 онд ТЭЗҮ батлуулсан байна. Харин энэ онд ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан талаар мэдээ тайлан Ашигт малтмалын газарт ирүүлээгүй аж. Өмнөговь аймгийн удирдлагуудаас энэ талаар тодруулахад үйл ажиллагаа явуулахгүй байгааг хэлж байв.
Мөн Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй алт, зэсийн хайгуулын "Занаду майнз” компанийн эзэмшилд байгаа аж. Тус компани нь 2014 онд хамтын хөрөнгө оруулалт бүхий "Монгол металс” компанитай хамтран "Туркойз Хилл Ресурс” компаниас энэхүү ордыг 14 сая ам.доллараар худалдан авахаар гэрээлжээ. Гэхдээ "Занаду майнз” компанийн 90 хувийг тус ордыг анх худалдаж авсан "Туркойз Хилл Ресурс" компани эзэмшдгийг Австралийн хөрөнгийн бирж мэдээлжээ. Эдгээр компаниуд нь ийнхүү дамжуулан худалдаж байгаа шалтгааныг мэргэжилтнүүд тайлбарлахдаа "Хармагтайн ордод Хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэхээр зэхэж буй. Өөрөөр хэлбэл, "Туркойз Хилл Ресурс” компани өмнө нь Оюутолгойн орд дээр энэхүү гэрээг байгуулсан. Одоо Хармагтайн орд дээр энэ гэрээг байгуулах юм бол нэлээд хэл ам гарч мэднэ. Тиймээс өөрийн хөрөнгө оруулалттай охин компанийнхаа нэр дээр гэрээг үзэглэх зорилгоор ийнхүү зарсан нэр зүүсэн хэрэг " гэлээ. "Занаду майнз” компани нь 2005 оноос манай улсад үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2011 оноос Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа бүртгүүлж, манай улс дахь үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Ингэхдээ 2011 оны байдлаар "Гал шар” нүүрсний, Хутаг-Уул, Элгэн-Уул, Зос-Уулс зэрэг алт, зэсийн ордуудын төсөл дээр түлхүү ажиллаж, өрөмдлөг хийж эхэлсэн байдаг байна. Мөн Говь-Алтай аймгийн нутагт байрлах "Жавхлант” коксжих нүүрснии хаигуулын төслииг эзэмшихээр гэрээг эцэслэж байсан аж. Одоогоор Хармагтайн орд болон түүнд хамаарах Шар чулуут, Оюут улааны зэсийн ордод хайгуул хийх гэрээтэй. Гэхдээ өнөөдрийн байдлаар дээрх ордуудад алинд нь ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэнэ.
Хармагтайн ордын талаар мэдээлэл тун ховор бөгөөд энэ талаар асууж лавлахад холбогдох албаны хүмүүс ч цааргалаж байсан юм Үйл ажиллагаа нь зогсож, олборлолт хийхгүй, холбогдох байгууллагуудад нь тодорхой мэдээлэл нь байхгүй. Гадныхны гар дамжиж зарагдсан, зарсан гэхээс өөр тодорхой зүйл нь мэдэгдэхгүй. Эх орондоо байрладаг энэ ордын талаар бид өөрсдөө мэдэхээ байсан нь "Хармагтайн орд хаана байна вэ” гэх асуултыг үүсгэж байгаа юм. Манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын том төслүүдийн дийлэнх нь уул уурхай, байгалийн баялагаар дамжин орж ирдэг. Энэ шалтгаанаараа далимдуулж нөөц ихтэй томоохон ордуудаа гаднын компанид эзэмшүүлсээр, өөрсдөө түүнийгээ мэдэхгүй, мэдсэн ч мэдээгүй дүр эсгэдэг нь цаашлаад энэ асуултыг байнга асуухад хүргэх вий.
Б.БОЛОР-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?