| |
1990-ээд онд "моод” болж байсан ТҮЦ-үүд дахин хөглөрлөө. Энэ удаад өнгө засч, олуулаа болов. Нэг автобусны буудалд хамгийн багадаа гурав байх аж. Мөнгөн завьяа, Энхтайван найрамдлын ордон. Баруун дөрвөн зам, Андуудын автобусны буудал гээд хотын төвөөс алсрах тусам тоо нь улам нэмэгдсээр.
Ингэж явсаар бид X хорооллын буудалд очлоо. Явган хүний зам дээр хоёр том ТҮЦ байгаа харагдав. Харин арын хэсгээр нь 10 гаруйг эгнүүлсэн байлаа. Том жижиг, урт өргөн, бор цагаан өнгөтэй зүс ижилсээгүй харагдав. Дээр үеийнхийг бодвол хэлбэр хийцийн хувьд арай дээр.
Мөн заримынх нь дотор орж худалдаа хийж болдгоороо ялгаатай. Эгнэж байрласан 10 цэгийн хоёр нь махны дэлгүүр, нэг нь жимс жимсгэнэ, хүнсний ногооных. Үлдсэн нь чихэр боов, ундаа ус зардаг хүнсний дэлгүүр.
Хамгийн баруунаас нь эхэлж оров. 35 орчим насны залуу худалдаа хийгээд завгүй. Хүмүүс утасны нэгж, бохь гээд жижиглэнгийн бараа авч харагдана. Тэрбээр зөвшөөрөл авах гэж чамгүй хөөцөлдсөний эцэст өнгөрсөн өвлөөс ажиллуулж эхэлжээ.
Биднийг цааргалсан тэрбээр 10 орчим сая төгрөгөөр худалдаж авсан гэдгээс өөр мэдээлэл өгсөнгүй. Ингээд дараагийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ борлуулдаг мухлаг руу орлоо. 20 орчим настай хоёр залуу өдрийн 15 мянган төгрөгийн хөлсөөр ажиллаж байна. Эзэн нь нийслэлд ийм төрлийн бизнес эрхэлдэг 33 ТҮЦ-тэй гэв. Хажуу талын махны мухлагийн эзэн ч бас мөн тооны ТҮЦ-тэй гэлээ. Тэд цэгүүдээ 500-800 мянган төгрөгөөр түрээслүүлдэг аж. Үүнийг сонсоод тун ашигтай байдаг юм байна гэсэн ойлголт төрөв. Ашигтай байхаас ч аргагүй. Бараанууд 100-1000 төгрөгийн нэмэгдэлтэй байдгийг хүн бүр мэднэ. Ингэж явсаар бүх цэгүүдээр орж, худалдагч нартай яриа өрнүүлсэн юм. Тэдний дийлэнх нь зарын дагуу ажилд оржээ. Өдрийн 15-25 мянган төгрөгийн цалин авдаг аж. Өдөртөө 200 гаруй мянган төгрөгийн орлоготой байдаг юм байна. Ариун цэврийн асуудлаа хэрхэн шийддэг тухай бүгдээс нь шахам лавлахад "Хоолны газар, хүнсний дэлгүүр, зочид буудалд 200 төгрөг төлөөд бие засдаг. Мөн ундны усаа зөөдөг” гэв.
Хөл хөдөлгөөн ихтэй учир тэнд бараг жижиг хэмжээний зах байгуулагдсан гэж болохоор байв. Улаан-Үдээс авчирсан хүнсний бүтээгдэхүүнийг машиныхаа ард дэлгэсэн хэд хэдэн хүмүүс харагдлаа. Тэдэнтэй зэрэгцэн оймс, ноосон цамц зэргийг борлуулж байна. Махны худалдаа эрхэлдэг Б.Баатархүү "Би хоёр жил болж байна. Намайг ирэхэд манайхтай цуг ердөө гурав л байсан. Харин энэ жилийн сонгуулийн үеэр ийм олон болчихсон. Энэ мухлагаа би есөн сая төгрөгөөр авсан. Улсаас юу гэж шийдэхийг мэдэхгүй ч ачвал траншейнд очихоос өөр сонголт алга. Хүмүүсийн амьдрал үнэхээр хэцүү байна. 10000 төгрөгөөр мах авах хүн цөөн боллоо. Дийлэнх нь 2000-3000 төгрөгт тааруулж, хоногийн махаа авдаг болсон” гэв.
Явган хүний зам дээр байрласан хоёр ТҮЦ-ээр нь ороход худалдагч бүсгүй хатгамал хатгаад, намайг анзаарах сөхөө байсангүй. Тэрбээр "Та нар Сансарт байрлах ТҮЦ-үүдээр явахгүй яасан юм бэ. Тэнд чинь л жинхэнэ асуудал байна. Шоу цэнгээний төвлөрсөн газар учраас ТҮЦ ажиллуулах сонирхолтой хүмүүс их. Өдөрт хамгийн багадаа 2-3 сая төгрөг олдог. Тамхи, бохь гээд ширхэгийн наймаанаас ихэнх мөнгө нь унадаг. Мөн цагдаа нарт өдрийн 200 мянган төгрөгийн татаас өгдөг. Стандартын дагуу байгуулагдсан нэг ч байдаггүй, дийлэнх нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг” гэлээ.
Энэ мэдээллийн мөрөөр бид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчаас нэмж тодруулахад "Эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэж үздэг учраас зөвшөөрөл олгодоггүй. Мөн хяналт шалгалт хийдэггүй” гэв.
2014 оны дөрөвдүгээр сард нийслэлийн ИТХ-аас "Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам" баталсан байна. Энэ журамд гадна, дотор хяналтын камер, ариун цэврийн өрөө, түүнд ашиглах цэвэр ус, үнэр дарагч болон халдваргүйжүүлэх бодис, бохир нөөцлөх савтай байх шаардлага тавьсан ч хэрэгжүүлсэн ТҮЦ нэг ч алга.
Мөн талбай нь 10 ам метрээс доошгүй, гаднах таван ам метр талбайд цэцэрлэгжүүлэлт хийх ёстой гэсэн заалт байдаг ч цаасан дээр үлджээ. Энэ мэтчилэн стандарт хангасан нэг ч байхгүй байна. Уг нь дүүргээс хяналт тавих ёстой. Гэвч тэд хяналт тавьж чаддаггүй, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэх оролдлого ч хийдэггүй аж.
Учир нь зөвшөөрөл олгохдоо нэг компани хүчээр зааж, заавал тэндээс худалдан авах ёстой гэдэг байна. Үнийн хувьд 8-12 сая төгрөгийн ханштай аж. Тиймээс шинэ төрлийн шахааны бизнес ТҮЦ болон хувирчээ.
Б.Бямбасүрэн
[ЗГМ]
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?