| |
-Хэлж ирдэггүй, хийсч ирдэг хөгшин залуу хэнийг ч голдоггүй харвалтаас урьдчилан сэргийлцгээе-
Хүнд эрүүл байхаас илүү эрхэм чухал зүйл гэж үгүй. Энэ ч утгаараа хүмүүн бид эрүүл мэндээ нүдний цөцгий мэт хайрлаж явах учиртай.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас "Эрүүл мэнд гэдэг бол зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй, бие бялдар оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхын цогц бүрдэл” гэж тодорхойлсон байдаг. Тийм учраас эрүүл мэнддээ анхаарал тавьж, ач холбогдол өгөх нь зүй ёсны хэрэг биз ээ.
Дэлхий дээрх нас баралтын хоёрдугаарт эрэмбэлэгддэг, аюултайд тооцогддог өвчний нэг бол харвалт. Тархины харвалтаас урьдчилан сэргийлэхэд эрүүл амьдралын алхам маш чухал болохыг мэргэжилтнүүд онцолсон байдаг.
Хамгийн наад зах нь архи согтууруулах ундаа болон тамхыг хэрэглэхгүй байх нь чухал. Цаашлаад өөх тосоо багасгаж, биеийн тамирын дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь судас бөглөрч харвах аюулт өвчнөөс сэргийлнэ.
Монгол Улсад тархины харвалтын тохиолдол, нас баралт жилээс жилд нэмэгдэж 2008 онд ДЭМБ-аас харвалтын тархалт өндөр орны тоонд оруулжээ.
Эл асуудлаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа хэлэхдээ "Манай улсад жилд харвалтын 4000 орчим тохиолдолд шинээр бий гэх албан бус судалгаа бий. 2002 оны судалгаагаар 100 мянган хүн тутамд 293 тохиолдол бүртгэгдсэн байдаг. Энэ бол маш өндөр үзүүлэлт” гэв.
Мөн харвалтаар өвдсөн иргэдийн 10-15 хувь нь эргээд амьдралын хэвийн түвшинд очиж чаддаг бол гуравны нэг нь хөгжлийн бэрхшээлтэй болдог байна.
-Идэр насны залуучууд ч харвалт өгсөөр байна-
Тэгвэл харвалтад ихэвчлэн аль насныхан өртөж байна вэ. Энэ дагуу бид Улсын нэгдүгээр эмнэлгийн мэдрэлийн зөвлөх эмч Р.Амарбаясгалангаас тодрууллаа.
Тэрээр "Харвалтанд өртөөд ирж буй иргэдийн дийлэнх нь 30-40, 19-29 насныхан байдаг. Сүүлийн үед харвалт их залуужих болсон. Залуучуудын дунд ихэвчлэн фитнессээр цаг наргүй хичээллэх, уураг, бэлдмэл байнга хэрэглэх, стресстэх тохиолдлуудаас болж харвалт өгдөг. Харин эмэгтэйчүүдийн хувьд жирэмснээс хамгаалах эм хэрэглэх, буруу хоол хүнс хэрэглэх, хөдөлгөөний хомсдолд орсноос үүдэн харвалт өгч байна. Дэлхийн улс орнуудад харвалтын бүртгэл тун нарийн байдаг. Гэвч манайд энэ талаар бүртгэл байхгүй. Мөн судас нь бөглөрөөд ирсэн тохиолдолд судас хайлуулах эм байхгүй байна. Тиймээс энэ асуудалд төр засаг анхаарал хандуулах хэрэгтэй байна” гэлээ.
Ингээд сүүлийн жилүүдэд харвалтаас болж эрүүл мэндээрээ хохирч, улмаар хорвоогийн мөнх бусыг үзсэн баримтуудаас онцолж байна.
-Фитнесийн дасгал, уургийг хэтрүүлж хэрэглэх нь харвалтын шалтгаан болдог-
Баримт 1.
Өнгөрсөн жил нэгдүгээр эмнэлэгт нэгэн тамирчин цус харвасан байдалтай хүргэгдэн иржээ. Эмч нар тамирчинг булчингаа хөгжүүлж дасгал хөдөлгөөн их хийдэг байснаас гадна уураг болон янз бүрийн нэмэгдэл бүтээгдэхүүн буруу хэрэглэдэг байсныг илрүүлсэн байна. Түүний цус нь өтгөрч, нөж үүссэн гэх дүгнэлт гарчээ. Үүний улмаас тэрхүү тамирчин спортын тавцанд дахин гарч, амжилтаа ахиулах боломжгүй болсон гэх.
Баримт 2.
Зүрхний өвчтэй, хоолойны ангина өвчин нь зүрхэндээ орсон хоёр ч иргэн нэгдүгээр эмнэлэгт ханджээ. Тэдний хувьд цус нь өтгөрч, бөөгнөрөн нөж үүссэн байдалтай ирсэн байна. Нэг нь харвалт өгснөөс хойш цагийн дотор ирсэн учраас яаралтай үйлчилгээг цаг тухайд нь авч, эмчлэгджээ. Харин нөгөө нь нэлээд хүнд байдалтай гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн бөгөөд одоогоор эмчлүүлж байгаа аж.
Баримт 3.
Энэ жилийн хувьд нэгдүгээр эмнэлэгт бүх судас нь бөглөрсөн гурван хүн хүргэгдэн ирж хэвтжээ. Насны хувьд хоёр нь 30-40 настай эмэгтэй байсан бол нэг нь 60 орчим насны эрэгтэй аж. Хоёр эмэгтэй одоогоор гуравдугаар эмнэлгийн харвалтын тасагт эмчлэгдэж байгаа бол 60 настай иргэний хувьд саяхан гэртээ байж байгаад нас барсан харамсалтай мэдээ байна.
Энэ мэт бүх судас нь бөглөрч хатуурсан, нөж үүссэн, цусны эргэлт нь зогсонги байдалтай хүргэгдэн ирсэн олон тохиолдлууд бүртгэгдсээр байгаа аж.
Өнөөдөр манай улсад нарийн мэргэжлийн хийгээд олон жилийн туршлагатай эмч мэргэжилтнүүд олон бий. Гэвч зуурдын өвчинд нэрвэгдэж, алтан гарт эмч, аврал хайрлах эмнэлгийг бараадан ирэх ч азгүйтэх тохиолдол гарсаар байна. Энэ нь өнөөх л эрүүл мэндийн байгууллагын эм хангамжийн дутагдлын асуудалтай холбоотой.
Тархины харвалт залуужиж байгааг дээр дурдсан. Үүнээс гадна гүн шоконд орж, судас нь бөглөрөөд яаралтай түргэн тусламжаар ирсэн иргэдээ "судас хайлуулах эм байхгүй” гэх шалтгаанаар тусламжийн гараа сунгаж чадахгүй сууна. Алтан амийг нь аврах жижигхэн эм, зориулалтын тариа эмч нар хэрэгтэй байгааг тэд учирлах аж.
Үүнийг төр засаг анхаарах цаг нь нэгэнт болжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?