![]() |
Адууны мах
Адууны махны илчит чанар 2886-3000 ккал, өөх нь ханаагүй тосны хүчлээр баялагаас гадна махны найрлаганд хүний бие махбодид онц чухал хэрэгтэй глютамины болон хялбар байгуулалт бүхий альбумин, глобулин, миогены бүлэг уураг их учраас /16,2 хувь/ учир шим тэжээл, шингэц сайтай байдаг. Өвлийн хүйтэнд хэрэглэвэл зохимжтой. Мөн адууны мах нь хонь, үхрийнхийг бодвол чийг ихтэй бөгөөд усанд уусдаг амин дэмийн хувьд бусад махнаас давуу, халуун чанартай тул янз бүрийн ханиад томуу зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах чадалтай. Амт сайтай, илч ихтэй.
Үхрийн мах
Илчлэг чанар нь 2300-2600 ккал бөгөөд үхрийн маханд азотгүй хандлаг бодис их байдгаас мах нь өвөрмөц үнэр амттай, дотор өөх нь концентрат ихтэй, ус багатай удаан хайлдаг, тосны гарц их байдаг онцлогтой. Монгол үхрийн мах булчингийн эд, өөх алагласан бүтэцтэй, маш нарийн ширхэгтэй тул зөөлөн, шүүсэрхэг, амт үнэр нь гойд сайхан, тослог, шим тэжээлтэй.
Ямааны мах
Ямааны махны уураг хялбар шингэдэг, хүний бие махбодиос шингэнийг хөөх, өвөрмөц бүтэцтэй өөх нь өндөр молекулт, ханасан хүчлүүдээс бүрддэг. Өөх нь царцамтгай учраас түүнийг зөвхөн дулааны улиралд хэрэглэвэл зохимжтой гэж үздэг. Ямааны мах амтлаг боловч хүнд, сэрүүн чанартай. Ямаа зуны эхэн сард цэцэг дэлгэрсэн үед түүгээр хооллож шимт бүх бодисыг энэ үед биедээ шингээдэг тул махыг нь эмчилгээ сувилгаанд хэрэглэдэг. Энэ үед ямааг гаргаж махыг нь чанан тамир нь дор орсон настайчуулд шөлийг нь уулгадаг. Энэ шөлийг "Цэцгийн ямааны шөл” хэмээн нэрлэдэг ажээ.
Тэмээний мах
Тэмээний мах нь химийн найрлагаараа үхрийн махтай ойролцоо шинж чанартай. Нүүрс ус, чихэрлэгийн зүйл ихтэй, гликоген элбэг учир шингэц сайн, сэрүүн чанартай байдаг. Мах нь салхи, чийгийг хөөж, яс шөрмөсийг чийрэгжүүлдэг.
Хонины мах
Монголчууд эрт үеэс хонины махыг жилийн аль ч улиралд хэрэглэж иржээ. Хонины булчин махны ширхэг нь нарийн байдаг. Хонины мах хүч тамир оруулж, дархлааг сайжруулдаг ид шидтэйг эрт дээр үеэс монголчууд мэддэг байжээ. Тиймээс ч амаржиж төрсөн эхэд хонины махаар шөл хийж өгдөг, нялх хүүхдийг ясны шөлөнд оруулдаг байв. Хонины тойг, борви, далны ясны шөлийг гурван шимтийн шүлт гэдэг. Дээр нь хонины ахар сүүлийг нэмбэл дөрвөн шимт хэмээнэ.
Т.ДАЛАЙ /ЗУУНЫ МЭДЭЭ/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?