| |
Өнөөдөр орон нутгийн цагаар 15:00 цагт Японы эзэн хаан Акихитогийн олон нийтэд хандаж хэлсэн үг бүхий 10 минутын видео бичлэг цацагдлаа.
Өнгөрсөн Баасан гарагт эзэн хааны ордноос түүнийг хаан ширээнээсээ буух хүсэлтээ илэрхийлж магадгүй гэж мэдээлж байсан юм.
Эдүгээ 82 настай эзэн хаан хэлсэн үгэндээ түүний биеийн байдал муудаж байгаатай холбоотойгоор улс орны билэгдэл байх үүргээ биелүүлэхэд нь хүндрэл гарахаас болгоомжилж байгаагаа дуулгасан байна.
Мөн тэрээр Япон улсын билэгдэл болсон эзэн хааны гүйцэтгэх үүрэг тасалдахгүй үргэлжлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаагаа мэдэгджээ.
Ингэснээр 1989 онд эцэг Хирохитог таалал төгсөхөд хаан ширээг нь залгамжилсан Акихито сүүлийн 300 орчим жилд анх удаагаа амьд ахуйдаа хаан ширээнээс буусан хүн болж байна. Тиймээс Японы эзэн хааны ордны хуульд энэ талаар тусгагдаагүй тул хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болж байгаа юм.
Эзэн хааны мэдэгдэлтэй холбоотойгоор ерөнхий сайд Шинзо Абэг мөн байр сууриа илэрхийлнэ гэсэн хүлээлт байна.
Акихито 2012 онд дөрвөн цаг үргэлжилсэн зүрхний хагалгаанд орж байснаас гадна өнгөрсөн жил эмнэлэгт хэвтэж хатгалгаагаа эмчлүүлж байжээ.
Эзэн хааны ширээг залгамжлах хүн нь ханхүү Нарухито юм.
28 жил хаан ширээнд суухдаа Акихито нь өөрийн эцэг Хирохитогийн үед буюу дэлхийн хоёрдугаар дайны үед хэлмэгдсэн улс үндэстнүүдтэй харилцаагаа сайжруулахад зүтгэл гаргаж байв. 1990 онд тэр 1910-1945 онд Солонгосыг колоничолж байсандаа уучлал гуйсан. Үүнээс хоёр жилийн дараа Хятадад айлчлахдаа өөрийн улс нь Хятадад хүнд хохирол учруулсныг хүлээн зөвшөөрч байжээ. 2001 онд Акихито сэтгүүлчид ярихдаа түүний өвөг дээдсийн нэг нь Солонгос гүнжтэй гэрлэж байсны улмаас Солонгос үндэстэнд дотно ханддагаа өгүүлж байсан юм.
Эзэн хаан гурван хүүхэдтэй бөгөөд том хүү Нарухито нь 1960 онд төрсөн, бага хүү Акишино нь 1965 онд төрсөн бол охин Саяако нь 1969 онд төржээ.
Уламжлал ёсоор том хүү Нарухито хаан ширээг залгамжлана. Нарухито 14 настай охинтой хэдий ч уламжлал ёсоор зөвхөн эрэгтэй хүн хаан ширээг залгамжлах ёстой тул дараа нь Акишино ханхүү болон түүний хүү Хисахито залгамжлах юм.
Эх сурвалж: NHK World, BBC, Bloomberg
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?