| |
Манай редакцийн зүгээс өнгөрөгч долоо хоногт болсон томоохон болон иргэдийн анхаарлыг татсан үйл явлуудыг тоймлон хүргэж байна.
Төсөв нь шийдэгдээгүй "Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Засгийн газраас "Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжүүлэн иргэдийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр авах шийдвэр гаргасан. Хувьцаагаа зарах хүсэлтэй иргэдийг энэ сарын 13-наас эхлэн арилжааны банкуудаар бүртгэж эхлээд байгаа юм. "Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд дотоодын арилжааны банкуудаас 495 тэрбум төгрөгийн бонд босгох бөгөөд 300 мянган төгрөгийг гурав хувааж олгох юм байна. Тодруулбал, 300 мянган төгрөгийг 100 мянгаар хуваан олгох бөгөөд эхний ээлжийн мөнгө ирэх долоо хоногт иргэдийн дансанд орох юм байна. "Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшиж байгаа "Сайн хувьцаа” арга хэмжээний дагуу хувьцаагаа худалдах эрхтэй нэг сая 650 мянган иргэнээс өнөөдрийн байдлаар 650 мянган иргэн хувьцааныхаа 30 хувь буюу 322 хувьцааг Засгийн газарт худалдах санал гаргаад байгаа аж.
ИЗНН-ынхан хувьцааны асуудлаар ЗГ-ыг шүүхэд өглөө
Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг төр иргэдээсээ 300 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэрийг энэ сарын 9-нд гаргаж, улсын хэмжээнд хувьцаагаа худалдах эрхтэй 1.657.000 иргэнд сонголтыг нь өгсөн. Тэгвэл Засгийн газраас ийнхүү хувьцааг худалдан авснаар Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, сонгогчдын саналыг худалдан авах томоохон оролдлого гэж Иргэний зориг ногоон намынхан үзэж Засгийн газрыг шүүхэд өгч, хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар болсон байна.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн бичлэг шуугиан тарилаа
"Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, "Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн 50 сая төгрөгөөр үнэлсэн бичлэгийн талаар мэдээлэл хийв. "Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай энэ тухай "Надад энэ сарын 5-ны өдөр "Үнэнээ хэлэх мөч” нэвтрүүлэгтээ оруулаарай. Амжилт хүсье” гэсэн зурвас бүхий дугтуйтай захидал, улаан өнгийн флашын хамт ирсэн. Захидлыг задлан флашыг уншуулахад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордон дотор халамцуугаар ёс бус үг хэлж, авирлаж байсан ёс зүйд үл нийцэх 26 секундын бичлэг байсан. Энэ бичлэгийг нь шууд гаргах боломж байхгүй учраас хуульч Х.Бат-Ялалттай зөвлөлдөн Л.Эрдэнэчимэг гишүүнтэй ярьж, бичлэгийг үзүүлж ямар учиртайг асуусан. Гэтэл шууд мөнгө амлаж, дансанд 50 сая төгрөг шилжүүлсэн. Болсон үйл явдал ердөө энэ. Ердөө 26-хан секундын бичлэг 50 сая төгрөг хүрч байхад ард иргэд хувьцаагаа 300 мянган төгрөгөөр худалдаалах гээд өдөр шөнөгүй банкинд очерлож байна. Л.Эрдэнэчимэг гишүүн өөрөө архи тамхины хууль санаачилсан хүн. Тэгээд Төрийн ордонд архи тамхи хэрэглэж суугаа нь энэ Төрийн ордон дотор чухам юу болдгийн нэг жишээ нь. Тиймээс Х.Бат-Ялалт бид хоёр энэ шударга бус увайгүй үйлдлийг баримтаар нотолж байна” гэсэн юм.
Харин бичлэгийг хийсэн УИХ-ын гишүүн Г.Уянга утсаа хулгайд алдсан гэж мэдэгдэж байгаа бол УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордноо архидан согтуурсандаа уучлал хүсч, 50 мянган төгрөгөөр торгуулсан гэдгээ хэлсэн юм.
УИХ, ИТХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх ажил энэ сарын 13-нд эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 14 аймаг, хоёр дүүргийн саналын хуудсыг хэвлэж дууссан байна. Эхний ээлжинд алслагдсан аймгууд болох Ховд, Баян-Өлгий, Увс, Завханы саналын хуудсыг онгоцоор хүргүүлжээ. Сонгуулийн ерөнхий хорооноос нийт 595 төрлийн хоёр сая орчим саналын хуудсыг цагдаагийн байгууллагын хамгаалалт, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллагын хяналт дор хэвлүүлж байгаа аж. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын дагуу саналын хуудсыг хэвлэж буй эсэхэд ажлын хэсэг хяналт тавин ажиллаж байна. Саналын хуудасны эх бэлтгэл, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад хэвлэх үйлдвэрийн ажилчдаас гадна Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид хамтран ажиглалт хийж байна. Саналын хуудсыг энэ сарын 23 гэхэд хэвлэж дуусгахаар төлөвлөжээ.
Гадаадын 240 ажиглагч сонгуулийг ажиглах эрх авчээ
Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгууль олон улсад багагүй анхаарал татаж байгаа бололтой. Өнөөдрийн байдлаар ХБНГУ-ын Конрад Аденауэрын сан, АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азийн чөлөөт сонгуулийн сүлжээ зэрэг олон улсын байгууллагын 240 гаруй сонгуулийн ажиглагч Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ажиглагчийн эрх аваад буй аж. Түүний дотор сонгуулийн асуудлаар мэргэшсэн дэлхийн томоохон байгууллагын нэг болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын баг 20 гаруй орны 180 гаруй ажиглагчаас бүрдэж байна. Энэ багийн бүрэлдэхүүнд орсон АНУ, Австри, ХБНГУ, Итали, Исланди, Канад, ОХУ, БНСУ, Румын, Финланд, Франц зэрэг улсын ажиглагчид сонгуулийн бэлтгэл ажлаас эхлээд сонгуулийн бүх үе шатыг түүнчлэн сонгуулийн өдрийн үйл ажиллагааг урт болон богино хугацаагаар тус тус ажиглах ажээ.
"Улаанбаатарын яриа хэлэлцээр” олон улсын бага хурал боллоо
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын III Бага хурал Улаанбаатар хотноо боллоо. Уг санаачлагын хүрээнд хүрээлэн буй орчны асуудлыг анх удаа ярилцсан бөгөөд тус хурлын дөрөв дэх хэсэгт болох Зүүн хойд Азийн хүрээлэн буй орчин, гамшгийн менежментийн асуудлаар бүс нутгийн эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцлоо.
Хотын дарга Э.Бат-Үүлийг шүүхэд өглөө
Хан-Уул дүүргийн иргэн Б.Цэрэн болон түүний өмгөөлөгч н.Батрагчаа нар өчигдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр АТГ-т өглөө. Тэдний зүгээс "2013 оны 4-р сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэх тендерийн шалгаруулалт болсон. Шалгаруулалтанд 3 консерциумын 11 компани оролцсон байна. Гурван консерциумын нэг нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн байгуулсан Грандлайн компани болон Зуншин, Сайранбулаг гэсэн гурван компаний нэгдсэн консерциум юм. Тендерийн шалгаруулалт болоход нийт иргэдийн 75 хувийн саналаар Грандлайн компани нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэх эрхийг авч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас олон тэрбум төгрөгийг санхүүжилт болгон авчээ. Энэ нь нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын тайланд тусгагдсан” гэж иргэн Б.Цэрэн тодотгожээ.
Д.ЖАРГАЛ /ZALUU.COM/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?