| |
УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр "Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагын хаалтын ажиллагаанд оролцлоо. Төрийн хүндэт харуул, сургалт дадлагад оролцож буй нийт бие бүрэлдэхүүн УИХ-ын дарга З.Энхболдыг хүндэтгэн угтав. Үүний дараа Улсын Их Хурлын дарга тус арга хэмжээнд оролцож буй хүндэт зочид, төлөөлөгчидтэй мэндчиллээ.
"Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хаалтын ажиллагаанд зориулсан цуглааныг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон үг хэлсэн юм. Тэрээр, олон улсын тавцанд НҮБ-ын хүлээх үүрэг хариуцлагыг улам бүр нэмэгдэж байгааг дурдаад, НҮБ-ын ажилтнууд, ялангуяа энхийг дэмжигч, цэнхэр дуулгатнуудаас илүү их хүчин чармайлт, мэргэжлийн ур чадварыг шаардаж байгааг тэмдэглэн хэллээ. "Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургалт, дадлага нь энэхүү зорилтыг хангахад чиглэгдэж байгааг тэмдэглэн хэлсэн юм. Төгсгөлд нь сургалт, дадлагад амжилттай оролцож өмнөө тавигдсан үүргээ амжилттай биелүүлсэн нийт оролцогчдод талархаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлэв.
УИХ-ын дарга З.Энхболд "Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагад оролцсон бие бүрэлдэхүүнд баяр хүргэж үг хэллээ. Тэрээр, Монгол Улс даян дэлхийн шударга улс түмнүүдтэй энх тайвнаар зэрэгцэн оршиж энхийг эрхэмлэсэн олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг баримтлан хэрэгжүүлж байгааг тэмдэглэн хэллээ. Энэ бодлогын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал, "Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран "Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлагыг уламжлал болгон зохион явуулсаар ирсэн болохыг онцлоод, "Хааны эрэлд-2016” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлагад оролцогчдод талархал дэвшүүллээ.
Мөн тэрээр, "Хааны эрэлд” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хээрийн сургалт, дадлагын нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээ нь жилээс жилд өсөн нэмэгдэж, бүс нутгийн хэмжээнд төдийгүй, тив дэлхийн томоохон арга хэмжээний нэг болж чадсанд Монгол Улсын Их Хурлын даргын хувьд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье.
Дэлхий дахины энхийн үйлст зорилго нэгдэн "Хааны эрэлд-2016” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлагад цэргийн алба хаагчдаа илгээн оролцуулсан бүх улс орнуудын төр засаг, цэргийн дээд командлалд Та бүхнээр дамжуулан гүн талархал илэрхийлье.Төрт ёс, ардын арвин зан үйл, нүүдэлчин соёл иргэншлийн өвөрмөц өнгө төрхөө өнөө хүртэл хадгалж ирсэн Монгол түмний өлгий нутагт тавтай морилон, ихийг сурч, улс үндэстнүүдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд Та бүхэн өөрсдийн хувь нэмрээ оруулна гэдэгт монголчууд бид итгэлтэй байна хэмээн Улсын Их Хурлын дарга хэлээд "Даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, энх амгалан байх болтугай” гэлээ.
"Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагч оролцсон байна. Мөн Монгол Улсын БХЯ, ЗХЖШ, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал, Тэнгисийн явган цэргийн командлал, тэдгээрийн харьяа анги, байгууллагууд оролцжээ. Хагас сар гаруй хугацаанд үргэлжилсэн сургалт дадлагын хүрээнд команд штабын сургалт, дадлага, салаадын хээрийн сургалт, дадлага, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүчин чармайлтыг сайжруулах сургалтыг зохион байгуулсан байна. Мөн бүтээн байгуулалтын ажилд оролцохын зэрэгцээ 5000 гаруй иргэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлжээ.
"Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагын хаалтын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, гадаадын орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, ЭСЯ-ны цэргийн атташе нар, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн ажиллагаа хариуцсан орлогч командлагч хошууч генерал Грегори С.Вилтон, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн үндэсний гвард хариуцсан орлогч командлагч бригадын генерал Сантэймэр, АНУ-ын Аляскын Үндэсний Гвардын Нэгдсэн штабын дарга бригадын генерал Брэнт Фэйк, Аляскын Үндэсний Гвардын командлагч хурандаа Жоесф Стрэф болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, олон улсын сургуульд оролцогч улс орнуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн, болон хүндэт зочид оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?