| |
Монголын түүхийн мартагдсан бүлэг буюу монголчуудын төвд хэлээр бичиж бүтээсэн түүхэн утга зохиолын нэгэн сонирхолтой сурвалж уншигч таны гар дээр хүрч байна. Энэхүү номонд дэлхийн газарзүйн тухай өгүүлжээ.
Бидэнд нэг төөрөгдөл байдаг. Манжийн түрэмгийллийн үе хэмээн ярьдаг ч чухамдаа манж нар 40 түмэн монголын харьяанд байсан Усны эхийн гурван түмний нэг нүүдэлчин овог аймаг байлаа. Нөгөөтэйгүүр Манж Чин улсын соёл, шашин, шинжлэх ухаанд монголчууд хамгийн их нөлөөтэй. Бодлого тодорхойлогч ”уураг тархи” нь байсныг олон жишээ татан дурдаж болно.
Манжийн Төр гэрэлт хаан (1820-1850 оны хооронд 30 жил төр барьсан)-ы үед буюу 1830 онд хэрмийн гаднах бурханы шашныг хамаарах төв буюу Долоннуурын Хөх сүмд IV дүрийн Миндол номун хан Данзанпринлай зохиожээ. Долоннуур бол Манж, Ар Монгол, Өвөр Монгол, Баруун Монгол, Хөх нуур, Төвдийн бурхны шашныг хамаардаг бөгөөд Юан улсыг үндэслэгч Хубилай хааны Дээд нийслэл Xanadu хотны буурин дээр байгуулсан төв захиргаа байлаа.
Миндол номун хан Данзанпринлай (1789-1839)
Миндол номун хан Данзанпринлай нь 1789 онд Хөх нуурын Улаан мөрөн хэмээх газар монгол малчин айлын гэрт мэндэлжээ. Түүнийг зургаан настай байхад Сүмбэ хамба Ишбалжирын байгуулсан Сэрхог хийдийн гэгээнээр залсан бөгөөд улмаар Бэрээвэн хийд, Лхасын гол гол хийдүүдэд сууж, сургууль ном сурчээ. 1814 онд IV Жанжаа хутагт Ишдамбийжалцангийн уриалгаар Бээжин хотод очиж, хааны дэргэд суух болжээ. Ингэх болсны учир нь зурхай, одон орны ухаанд мэргэн тул Оросын шашин дэлгэрүүлэгчид болон тухай үед Бээжинд элчин төлөөлөгчийн газруудаа нээгээд байсан Англи, Франц, Испани, Голланд улсын дипломат албаныхантай ойр дотно ажиллах болжээ. Тэрээр Бээжингээс хойш 400 км-т орших Долоннуурын 13 гэгээний тэргүүн, Жанжаа хутагтын дараах хамгийн том эрх мэдэлтэй лам байлаа.
1829-1830 онд Оросын эрдэмтэн Иосиф Ковалевскийтой танилцан, ховор нандин ном судар цуглуулах, Бээжинд хаанд золгох,”Гэсэрийн тууж”-ыг орос хэлэнд орчуулах ажилд нь тусалж маш халуун дотно харилцаа тогтоожээ. Мөн маш ховор Ганжуур орос ноёнд өгсөн учраар, тушаалаасаа буун, Долоннуураас баруун хойш 40 км-т Хувилай хааны Шанду нийслэлийн бууринд ирж суусан бөгөөд түүний сууж байсан Миндол гэгээн сан, лам нарын гэр болон шавь нар нь өнөөг хүртэл Цахарын Шулуун Хөх хошууны нутагт байна. Амьдралынхаа сүүлчийн жилүүдийг монголчуудынхаа дунд өнгөрөөжээ. ”Замбутивийн дэлгэр номлол” хэмээх зохиолоо бичихэд хамгийн их нөлөөлсөн болоод, үнэн зөв мэдээллийн эх сурвалж нь Ковалевский байжээ.
Осип Михайлович Ковалевский (1801-1878)
И.М.Ковалевский бол польш хүн. Вилнюсын Их сургуульд эртний уран зохиолоор сурч, философийн доктор хамгаалжээ. ”Шинжлэх ухааны анд найз нар” гэдэг нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцсны учир Казань хот руу цөлөгдсөн бөгөөд тэрээр хэл шинжлэлийн маш авъяаслаг эрдэмтэн байсан учир перс, араб, татар хэл судалжээ.
1827-1831 оны хооронд таван жил Сибирийг хөндлөн гулд туулан, Хиагт, Их хүрээ, Долоннуур, Бээжин хүртэл Оросын шашин дэлгэрүүлэгчидтэй хамт аялан явсан бөгөөд энэхүү аяллынхаа явцад гайхамшигтай номын цуглуулга Казань руу илгээжээ. Тэрээр Монгол судлалын шинэ үеийг нээж, Дорж Банзаров зэрэг олон эрдэмтдийн багш байлаа. Миндол номун ханы зургийг зуруулсан ба өдгөө Санкт Петербургийн улсын номын санд хадгалагдаж байна.
Миндол номун ханы нөлөөгөөр "Буддын сансарзүй” нэртэй ном 1837 онд бичжээ. Түүний шавь И.А.Васильев 1895 онд ”Замбутивийн дэлгэр номлол” зохиолын нэгдүгээр бүлэг болох ”Төвдийн газарзүй”-г орос хэлээр орчуулан, Оросын газарзүйн нийгэмлэгийн сэтгүүлд хэвлүүлжээ. Ингэснээр ”Замбутивийн дэлгэр номлол” хэмээх Миндол номун ханы зохиол дэлхийн анхаарлыг татсан бөгөөд 1903 онд Төвд рүү довтолсон английн офицер Янхазбанд хүртэл "Төвдийн газарзүй”-н бүлгийг ашигласан байдаг.
”Замбутивийн дэлгэр номлол” хэмээх номын түүхэн үүрэг
Миндол номун ханы зохиосон ”Замбутивийн дэлгэр номлол” хэмээх зохиол бол зөвхөн дэлхийн газарзүйн тухай ном биш юм. Энэ ном бол Чин улсын гадаад бодлого, геополитик, шашин судлал, хувцас судлал, нэр томъёо судлал зэрэг маш олон мэдлэг ухааны эх үүтгэл болсон сурвалж юм.
1940-өөд онд Монгол Улсад анхны газарзүйн сурах бичиг хэвлэгдэн гартал 100 орчим жил буурьтай дэлхийн газарзүйн сурах бичиг болж иржээ. Д.Нацагдорж жаахан хэтрүүлсэн гэж үзмээр, бидний өвөг дээдэс арай ч ”хөмөрсөн тогоо”-нд байсангүй.
Энэ номыг хэрхэн бичсэн тухай академич Б.Ринчин ”Монгол бичгийн хэлний зүй” хэмээх алдарт бүтээлийнхээ нэгдүгээр дэвтэрт дурдсан нь бий. Академич Ц.Дамдинсүрэн ”Үлгэр домгийн жаргалант орон Шамбал хаа байна” хэмээх гайхамшигтай өгүүллэ бичихдээ ч энэхүү бүтээлээс багагүй эш шүн татсан болох нь харагддаг. Тэр бүү хэл ийн хэвлэгдэн гарч байгаа нь ч чухамдаа академич Ц.Дамдинсүрэнгийн дэг сургууль, Монголын уран зохиолыг судлах, сурвалжлах чиг шугам арилж балраагүй үргэлжилж байгаагийн нэг тод илрэл юм.
Доктор Б.Няммягмарын хийсэн орчуулга болоод судалгааны ажлаас үзвэл Миндол номун хан ”Замбутивийн дэлгэр номлол” хэмээх номоо бичихдээ дорно дахины жуулчдын болон өрнө дахины газрын зураг, тэмдэглэл глобус зэрэг 40 шахам сурвалж ашиглажээ. Англи, франц, испани, орос, хятад, манж, санскрит хэлний 5000 шахам үг, нэр томъёо ашиглажээ. Тэр бүү хэл эдгээр баримтыг олон газар явсан бадарчин, заншлаачин болон мэдээчин хүний аман эшээр дан давхар дам харьцуулан бичжээ.
Тийм ч учраас энэ ном буурьтай сурвалж хэмээн дэлхийн олон эрдэмтдийн анхаарлыг татаж иржээ. ХХ зуунд энэтхэг, америкийн болон европын олон эрдэмтэд өөр өөрсдийн газар оронтой холбоотой бичвэрүүдэд судалгаа хийсэн бол саяхнаас БНХАУ-д энэхүү номонд онцгой ач холбогдол өгөн судлах боллоо.
2015 онд БНХАУ-ын Шанхай хотын Фудан их сургуулийн доктор Вей И ”Өрнө дахины газарзүйн тухай Хятадад нээсэн нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэ тухай маш олон их сургууль дээр илтгэл, лекц хэлэлцүүлэг зохион байгуулав. Доктор Вей И Миндол номун ханы "Замбутивийн дэлгэр номлол” хэмээх зохиолын доторх гуравдугаар бүлэг буюу Европ Өрнө дахины тухай мэдээнүүдийг нэг академич, зургаан докторын удирдлага доор нарийн задлан тайлбарлажээ. Энэ судалгааны үр дүнд ”Хятадын газарзүйн шилдэг 50 ном”-ын жагсаалтад ”Замбутивийн дэлгэр номлол” хэмээх ном багтан орлоо.
Хэдий тийм боловч өнөөг хүртэл энэхүү номын зохиогч нь Монгол хүн, монгол газарт хамгийн их дэлгэрсэн гэдгийг дэлхий нийт бүрэн дүүрэн ойлгож чадаагүй. Яагаад гэвэл мэдээ баримтын цацаа цалгиа, олон хэлний уулзвар зангилаа, ухааны бяр шаардаж бичсэн энэ номыг бүрэн гүйцэд орчуулан гаргаагүй л байна. Эзэн нь болсон монголчууд л анх гаргаж, мөн анхны уншигчид нь монголчууд байх хувьтай юм.
Энэхүү номын тухай миний хамгийн сүүлчийн бодол. Улс төр гэдэг бол АРДЧИЛАЛ юм уу? нүүрс, мал мах, аж үйлдвэр биш юм байна. Энэ бол зөвхөн амьдрах арга төдий зүйл. Харин бидний хань нөхөр бол монгол хэлтэн, монгол соёлтон, бурхны шашинтан. Бид бусадтай итгэл үнэмшлээр, дотоод эв нэгдлээр, бурхны шашнаар хиллэх ёстой гэдгийг л УЛС ТӨР гэдэг юм байна гэдгийг ойлгосон. Энэ бол өнөөдөр маргаад, зүтгээд, эсэргүүцээд байх зүйл биш. Мориндоо мордож, дэлхийг эзлээд, мориноосоо бууж илбэн тохинуулах гээд хэдэн зуун жил алдаж асгаж, осолдож, эндэж, мандаж буурч явсан түүхийн үр шим, дүгнэлт нь байжээ.
Миндол номун хааны гэр. Цахарын Шулуун хөх хошууны нутагт
Уламжлалгүйгээр шинэчлэл гэж байхгүй. Уламжлалаа үргэлжлүүлж, түүх бичигдэнэ. Бүтээгдэнэ.
Миндол номун ханы бичсэн ”Замбутивийн дэлгэр номлол” хэмээх номыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Няммягмарын орчуулгаар унших боломж танд олдож байна. Номын санд заавал байх ёстой ном гэж байдаг аа даа. Яг л тийм ном.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?