| |
Монгол Улсын шинэ Үндсэн хуульд эрүү, иргэн, захиргааны чиглэлээр дагнасан шүүх байгуулж болохыг хуульчлан баталгаажуулсны дагуу Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэргийн шуух байгуулах тухай хуулийг баталж, 2004 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ.
Ийнхүү Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн тэгш ой 2024 онд тохиож буйтай холбоотойгоор Монгол Улсын Захиргааны хэргийн анхан, давах, хяналтын шатны нийт шүүхээс олон ажлыг өрнүүлэн ажил хэрэгч байдлаар тэмдэглэж байна.
Монгол Усад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн хүрээнд "Захиргааны хэргийн дагнасан шүүхийн төлөвшил орон нутагт" сэдэвт хурлыг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан Монгол Улсын дээд шүүх, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэг оролцоотойгоор хамтран 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын их танхимд зохион байгууллаа.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь орон нутагт тэр дундаа Архангай аймагт болж буйгаараа шинэлэг, шинжлэх ухаан, практикийн олон чухал асуудлыг хөндөн хэлэлцсэнээрээ онцлог юм.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа үг хэлэв.
Мөн Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Батжаргал, Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Санжмятав нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Энэхүү Эрдэм шинжилгээний хуралд Архангай аймгийн бүх сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга холбогдох ажилтнууд аймгийн бүх агентлаг, байгууллагын төлөөлөл, удирдлагууд шүүх, прокурор, өмгөөлөл гээд олон байгууллагын төлөөлөл, мөн цахимаар нийт шүүхийн шүүгч, ажилтнууд өргөн бүрэлдэхүүнтэйгээр буюу 200 орчим оролцогч оролцлоо.
Эрдэм шинжилгээний хуралд:
- Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн доктор А.Алтанзулын “Захиргааны байгууллагын албан тушаалтны хууль хэрэглээний ур чадварт хийсэн шинжилгээ, анхаарах асуудал”
- Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Цэрэндэжидийн “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хэрэгжүүлж буй байдал, цаашид анхаарах зарим асуудал”
Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоо”
- Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогтын “Захиргааны эрх зүйгээр хамгаалагдах "эрх, хууль ёсны ашиг сонирхлыг" тодорхойлох нь” (цахимаар оролцов)
- Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулгын “Орон нутаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэж буй маргаан, тэдгээрийн онцлог”
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргалын "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл, тулгамдсан асуудал”
-Монгол Улсын дээд шүүхийн Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаны дарга Б.Энхтөрийн “Шүүхийн цахимжилт, технологийн дэвшлийг нэвтрүүлэх нь” сэдэвт илтгэлүүд тус тус тавигдлаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа, захиргааны хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой олон чухал сэдвээр эрдэмтэн судлаачид, хуульчид, Улсын дээд шүүхийн шүүгч, анхан давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд илтгэл хэлэлцүүлж байгаа нь онол, практикийн чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн эрдэм шинжилгээний хурлын үеэр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан Архангай аймгийн нийт ерөнхий боловсролын сургуулийн ахлах (9-12 дугаар) ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах нь" сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдад шагналыг гардуулж өглөө.
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?